Энэ долоо хоногт Монголын урлагийн салбарын уур амьсгал баяр хөөр, бахархлаар дүүрэн байна. Өндөр авсан мэдээллүүдийн дунд даруухан үлдсэн нэгнийг “Өнөөдөр” онцоллоо. Юу гэвээс, “Ub ballet” сургуулийг балетын жүжигчин мэргэжлээр дөрвөн охин амжилттай төгсөж, Монголын балетын урлагийн түүхэнд дотоодын, хувийн сургууль сонгодог урлагийн мэргэжлийн жүжигчин бэлтгэсэн анхны тохиолдол боллоо. Энэ сургуулийг гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг 2007 онд ДБЭТ-ын дэргэд балетын студи нэртэйгээр байгуулж, өөрийн шавь Ч.Ганчимэгтэйгээ хамтран багшилж буй. 15 жилийн турш ДБЭТ-ын тайзнаа бүжиглэж, түүний зэрэгцээ найман жил багшилж байгаа авьяаслаг уран бүтээлч, гавьяат жүжигчин Ч.Ганчимэгтэй ярилцсанаа хүргэе. Өөрийнхөө тухай тэр бүр яриа дэлгэх дургүй хэрнээ шавь нарынхаа амжилтыг бахдан суугаа энэ бүсгүй ДБЭТ-ын тайзнаа тоглож буй бүх балетад гоцолдог.
-ОХУ дахь балетын мэргэжлийн сургууль болон ХБК найман жилийн хөтөлбөрөөр мэргэжлийн бүжигчин бэлтгэдэг. Танайх ч бас тэдний хэмжээнд хүрэх сургалт явуулж, балетын жүжигчдээ төгсгөв үү?
-Тийм ээ. Мэргэжлийн сургуулийн хөтөлбөрийн дагуу сургаж төгсгөлөө. Анх мэргэжлийн ангид 10 хүүхэд орсноос зургаа нь ОХУ-ын Пермийн балетын сургуульд тэнцэж, Засгийн газрын тэтгэлгээр суралцах болжээ. Дөрөв нь ерөнхий эрдмийн сургуульд сурахын зэрэгцээ балетын хичээлдээ явсаар сая төгслөө. Би хүүхдүүдээрээ үнэхээр бахархаж байна. Манай ХБК-ийн оюутнууд нэг сургууль дотроо л ерөнхий эрдмийн болон мэргэжлийн хичээлдээ суудаг. Гэтэл манай охид хувийн сургуульд ачаалалтай хичээллэхийн зэрэгцээ байнгын бэлтгэл шаарддаг балетын урлагт чин сэтгэлээ зориулсан. Анима, Саруул, Анужин, Тэнүүн нараараа бахархаж байна. Хичээлээсээ чөлөө авч ч байгаагүй. Маш их тэсвэр тэвчээр шаарддаг урлагийн хатуу дэгтэй балетыг сонгож, тууштай хичээллэж чадсанд нь баяр хүргэмээр байна.
-Багш байхын сайхан бас хэцүү нь юу вэ?
-Би сайн багш болж чадаагүй л яваа. Байнга суралцаж, шинэчлэгдэж байх ёстой, хэцүү мэргэжил л дээ. Бүжигчнээр ажиллаж байгаа учраас ойлгомжгүй зүйлээ өөрөө хийж үзээд хүүхдүүддээ тайлбарлаад өгчихдөг давуу талтай. Харин сайхан зүйл нь олон. Тайзан дээр тоглож байгаа шавь нараа хараад бахархдаг. Би их азтай. Дандаа л сайн багш нартай учирч, тэднээсээ суралцаж явсан. 15 дугаар сургуулийн бага ангийн багш Түмэнжаргал маань надад маш сайн суурь боловсрол олгосон. ХБК-д ороод Энхтуяа багшаасаа үлгэрлэж, одоо ч гэсэн багшийнхаа тайлбарлаж өгсөн зүйрлэлийг ашиглаж хичээлээ заадаг. Балетын хөдөлгөөний нэршил франц хэлээр байдаг учраас хүүхдүүдэд ойлгуулахын тулд дүрслэл ашиглах ёстой болдог. Би ихэвчлэн багшийнхаа хэлж байсан тайлбарыг ашигладаг. Сургууль төгсөөд ДБЭТ-т ирэхэд намайг хүлээн авч, алган дээрээ бөмбөрүүлсэн хүн бол гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг багш. Гэрлээ багш бүжгийн танхимд маш хатуу байдаг ч бэлтгэлийн дараа миний ээж, эгч шиг л байдаг. Би ч бас хүүхдүүдтэйгээ тийм л байдлаар харилцаж, багшийнхаа замналаар явахыг зорьдог.
-Таны хоёр багш гавьяат жүжигчин, багш цолтой. Харин өнгөрсөн жил та гавьяат жүжигчин болсон. Багш нартайгаа эн тэнцүү шагналтай болох нь нэр хүндтэй хэдий ч айдас хүрмээр санагдсан уу?
-Мэдээж энэ шагнал асар их нэр хүндийн илэрхийлэл юм. Багш нартайгаа ижил шагналтай болж, илүү их үүрэг хариуцлага мэдэрсэн. Тэднийхээ хэмжээнд энэ нэр хүндийг хамгаалж чадах уу гээд л бодох зүйл олон болсон.
-Тайзан дээр гарах бүртээ та догдолж, сандардаг уу. Эсвэл 15 жилийн туршлага таныг тайвшруулсан уу?
-Сургууль төгсөх тайлан тоглолтынхоо тайзан дээр гарахдаа хамгийн их сандарч байсан санагддаг. “Цэнхэр нүдэн” балетын Сванильда, түүнээс өмнө Машад бүжиглэдэг байсан. Одоо ч гэсэн сандрал, догдлол байсаар л байгаа. 15 жил тоглосон гэлтгүй тайзан дээр гарах бүртээ л шинэ догдлол мэдэрдэг. Огт айдасгүй тоглоно гэж байхгүй дээ. Юу ч мэдэхгүй жаахан, омголон байхдаа л айхаа мэддэггүй байжээ. Олон жил бүжиглэх тусмаа л гоцлооч хүн өөрийнхөө алдааг хүлээн зөвшөөрөхөө больдог.
-ДБЭТ-ын урын санд байгаа бүх балетад гоцолчихсон болохоор өөрөөсөө өөр олон эмэгтэйн дүрээр “амьдарч” үзсэн гэсэн үг. Тэднээс өөртөө аваад үлдчихмээр зүйл нь чухам юу байв?
-Дүр болгон адилгүй. Наад зах нь бодит болон хийсвэр гэж ангилагдана. Тэгж онцгойлон бодож байгаагүй юм байна.
-Тухайлбал та “Хунт нуур” балетад Одетта, Одиллия гээд сэтгэлзүйн хувьд асар их зөрчилтэй дүрд тоглодог. Одетта сайхан сэтгэлтэй хэдий ч Одиллия дайчин зантай. Хэн хэнд нь давуу тал, дутагдал бий.
-Одетта, Одиллия... Үнэхээр гайхалтай дүрүүд. Өгч байгаа мэдрэмж нь маш сонин. Одетта уян зөөлөн бас гунигтай. Сайхан гүнж хун болчихсон хойноо хайртай залуугаа олсон ч түүнтэйгээ хамт байж чадахгүйдээ гэмшин “уучлаарай” гэж бүжиглэдэг. Гэтэл гуравдугаар үзэгдлийн үеэр бардам, зальжин өөртөө итгэлтэй эмэгтэй болж хувирдаг.
-Бүсгүй хүний хамгийн эрхэм чанарыг та юу гэж боддог вэ?
-Эмэгтэй хүн буурьтай, аливааг олон талаас нь бодож зөөллөх ёстой. Хуумгай түргэн шийдвэр алдаа болох нь бий. Нухацтай, тэвчээртэй, хүлээцтэй занг л бүсгүйчүүд эрхэмлэх ёстой болов уу.
-Балетын жүжигчид олон цагаар бэлтгэл хийдэг учраас ганцаараа бясалгах боломж олонтаа тохиолддог байх.
-Тийм ээ. Бид үгээр биш үйлдлээр бүхнийг илэрхийлдэг болохоор тэр хэмжээгээрээ сэтгэлдээ бясалгадаг. Өглөөний дасгал болон тоглолтын өмнө бясалгана. Дасгалаа эхлэхээс өмнө юун дээр яаж анхаарахаа төлөвлөж, багш нарынхаа хэлсэн үг, шүүмжлэлийг бодно.
-Байнга биеэ хянаж байхгүй бол эвгүй гишгэхэд л бэртэх аюултай болов уу. Тоглолтын үеэр бэртэж байсан тохиолдол бий юү?
-Хэт дүрдээ орсноосоо болж тайзан дээрээ унаж байсан. Жизельд бүжиглэж байхдаа галзуурдаг хэсэг дээр нь эрчээрээ ухарч байгаад уначихсан. Тэр хэсгийн жүжиглэлт нь унаж, босдог тоглолттой болохоор үзэгчид анзаараагүй. Харин мэддэг хүмүүс нь “яана аа” гээд л уулга алдаж байгаа юм.
-Амжилттай сайн бүжиглэж яваа таныг олон хүн л магтдаг байх. Магтаал ихэддэг болов уу?
-Залуу хүнийг урамшуулж, магтах ёстой. Хэтрүүлэх ёсгүй. Үнэн магтаал үнэ цэнэтэй. Тоглолт болгоны дараа “Гайхалтай байлаа” гэж болохгүй. Алдсан бол түүнийг нь ч хэлэх ёстой. Анх магтаалыг урам болгон хүлээн авдаг байсан бол одоо хариуцлага болж хувирсан. Нэг тоглолтын дараа магтуулчихаад дараа нь түүнээсээ дордуулж болохгүй.
-Тэгвэл шүүмжлэлийг яаж хүлээн авдаг вэ?
-Сайжруулах гэж л шүүмжилдэг. Муу санасан хүн тэгж бусдад санаа тавьж хэлж өгөхгүй шүү дээ.
-Өөртөө итгэлтэй байдалд өнгө нөлөөлдөг гэдэг. Та ямар өнгийн хувцсанд илүү дуртай вэ?
-Өнгөний сонголтоор нь хүнийг шинжиж болдог нь үнэн байх. Би багадаа бүрэг, даруу хүүхэд байсан болоод ч тэр үү саарал, завсрын өнгөтэй хувцас ихэвчлэн сонгодог байлаа. Харин одоо хурц, тод өнгөнд дурлах болжээ. Бас тухайн өдрийн онцлогоос шалтгаалж хувцаслалтаа шийддэг. Цайвар цэнхэр, цагаан өнгө илүү зөөлөн, дулаан санагддаг.
-Мэргэжлээ дурлаж сонгосон нэг нь байхад санамсаргүй учирсан нь ч бий. Яаж сонгосноос үл хамааран тухайн хүн хөдөлмөрлөж, дурлаж чадвал амжилт олно гэдэгтэй та санал нийлэх үү?
-Миний мэргэжил миний шагнал. Би ч бас санамсаргүй байдлаар энэ мэргэжлийг сонгосон. Харин балетын урлагт багш нар минь дурлуулсан. Яаж гоёор тэмүүлж, өсөж болохыг тэд маань ойлгуулсан. Удаан бүжиглэх тусам дасгал, хөдөлгөөн болгон сайхан санагддаг. Заримдаа нийгмийн бухимдалд өртөх нь бий. Тэгвэл тэр үедээ бүжгийн зааландаа, театртаа ирж тайвширдаг.
-Та охидоо бүжигчин болгох уу?
-Бүжигчин болно гэдэг амархан хийх сонголт биш.
-Хоёр охин нь ээждээ хэр их тус болж байна даа?
-Манай том охин 14 настай, бага нь дөрөвтэй. Том охин маань дүүгээ харж, асарч ээждээ маш их дэм болдог юм.
-Ардын жүжигчин Э.Оюун гуай хоёр хүүгээ төрүүлэхдээ Намын төв хорооноос зөвшөөрөл авч байсан гэдэг. Харин одоо бол тийм эсэргүүцэл байдаггүй юү?
-Харьцангуй бага. Сургууль төгсөөд театрт оронгуутаа хөл хүндтэй болсон болохоор тухайн үеийн манай театрын удирдлага хэцүүхэн л хүлээж авсан. “Дөнгөж гол дүр авчихаад, юу болж байгаа юм бэ” гэсэн. Харин Гэрлээ багш маань түшиж, дэмжиж “Одоо эртхэн хүүхдээ төрүүлбэл, эргээд хурдан формондоо орчихно. Цаашид олон жил бүжиглэнэ шүү дээ” гэж ойлгуулсан.
-Танай нөхөр тэгэхэд дургүйцсэн үү. Магадгүй хүүхэд төрүүлэхдээ хүртэл хэн нэгнээс зөвшөөрөл авна гэдэг хэцүү санагдсан байж болох юм.
-Тэгсэн. Дөрвөн сартай жирэмсэн хэрнээ бүжиглээд л, үсэрдэг вариаций хийгээд явж байхад уурласан. Одоо бол мэргэжилд маань ууссан даа.
Үе тэнгийнхнээсээ хамаагүй залуухан харагдах энэ бүсгүйн гоо сайхны нууц нь балет. Өдөр бүр хүзүү, мөр, цээж гээд бүх биеийн булчинд нөлөөлөх дасгал хийдэг учраас үрчлээ, хөгшрөлт гэдгийг мартчихсан мэт л явах аж. Ч.Ганчимэгийн шавь нар одоо улам олон болох байх. Тэд саяхан шинэ элсэлтээ авч, мэргэжлийн бүжигчний ангиа бүрдүүлсэн. Найман жилийн дараа дахиад л монголчууддаа мэргэжлийн бүжигчдээр бэлэг барих нь дамжиггүй ээ.
Ж.СОЛОНГО