Монголын үндэсний өдөр тутмын анхны хэвлэл “Өнөөдөр” сониныг үүсгэн байгуулагч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Цэрэндоржийн Балдоржийн нэрэмжит 1.000.000 төгрөгийн цалингийн эзнээр Экологи, олон улсын мэдээллийн албаны тоймч М.Сугар-Эрдэнэ тодорлоо. Түүний “Малайзийг бүү зүглэ”, “Захиалгат коммент буюу Тролл” нийтлэлийг www.mongolnews.mn цахим хуудаснаас уншаарай.
“Өнөөдөр” сонины сэтгүүлчид 2011 оны есдүгээр сараас эхлэн нэрт сэтгүүлч Ц.Балдоржийн нэрэмжит 1.000.000 төгрөгийн цалин авч эхэлсэн юм. Тухайн сардаа хамгийн шилдэг бүтээл туурвисан нэг сэтгүүлчид эл цалинг олгодог зарчимтай. Хийсэн ажлынхаа хөлсөн дээр нэмэлт урамшуулал хэлбэрээр хүртдэг энэхүү цалинг авахын тулд “Өнөөдөр” сонины сэтгүүлчдийн дунд яггүй хэрнээ цагаан өрсөлдөөн өрнөдөг юм.
Өнгөрөгч сард хэн хамгийн шилдэг нийтлэл бичив, ярилцлага хийв, 1.000.000 төгрөгийн цалинг хэн авах вэ гэдгийг хөндлөнгийн хэн нэгэн бус манай сонины хамт олон өөрсдөө нууц санал хураалтаар тодруулдаг уламжлалтай. Энэхүү тогтсон дэг жаягийн дагуу Ц.Балдорж эрхлэгчийн нэрэмжит зургадугаар сарын цалингийн эзнийг тодруулахад М.Сугар-Эрдэнэ хамт олноосоо хамгийн олон санал авлаа.
Үүний өмнө тавдугаар сарын 1.000.000 төгрөгийн цалинг Чөлөөт цаг, танин мэдэхүйн мэдээллийн албаны дарга Ж.Эрдэнэцэцэг хүртсэн билээ.