Фэйсбүүк хуудсаараа дамжуулан гомдсон сэтгэгдлээ илэрхийлж, “Айлын хүүхдүүдийг алаг үзлээ. Би ч бас анх олон улсын дуурийн дуулаачдын уралдаанаас гран при авч байсан” гэсэн мэдээлэл бичиж, өнөөдөр шуугиулаад амжсан гавьяат жүжигчин У.Далантайтай холбогдож тодруулга авлаа.
Үнэндээ тэрбээр П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдааны гран при шагналыг алтан медальтай нь авсан гавьяат жүжигчин Г.Ариунбаатартай барьцах гэж ийм зүйл бичээгүй гэнэ. Харин Засгийн газрын тогтоол, журамд заасан тэмцээн буюу П.Словцовын нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын уралдааны гран приг 2001 онд хүртэж ирээд холбогдох яаманд хүсэлт гаргачихаад байхад мөнгөн шагналыг нь олгоогүйг л ийн дурссан аж.
Түүнчлэн өнгөрсөн жил ДБЭТ-ын захирлын сонгон шалгаруулалтад оролцож, хамгийн өндөр оноог авсан ч өдий хүртэл ажилдаа томилогдож чадахгүй яваа бухимдал нь давхар илэрхийлэгдсэн болов уу. Түүний яриаг хүргэе.
-Таны бичсэн сэтгэгдэл олон хүнийг төөрөгдүүлчихлээ. Хүмүүс өмнө нь П.И.Чайковскийн уралдаанаас У.Далантай гран при авч байсан утгатай зүйл бичиж бүр ч дэвэргэж байна. Их том эндүүрэл болов уу даа?
-Би 2001 онд Красноярскт болсон П.Словцовын нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдааны гран приг авч байсан юм. Тухайн үед олон улсын “Б“зэрэглэлийн уралдааны жагсаалтад энэ уралдааны нэр байсан боловч он дамжуулснаас болж мөнгөн шагнал олгоно гэж байснаа болиод журам нь өөрчлөгдчихсөн юм. Сүүлд нь М.Глинк, Е.Образцовагийн уралдааныг жагсаалтад тусгасан юм билээ.
-Тухайн үед хэдэн орнын хэдэн дуучин энэ уралдаанд оролцож байсан бэ?
-БНХАУ, ОХУ, Монгол Улсаас 61 дуучин оролцож байсан. Гэхдээ энэ бол Г.Ариунбаатартай огт хамаагүй юм шүү. Бусад мөнгөн шагналын тухайд Засгийн газрын тогтоол журамд нэр нь заагдаагүй уралдааны амжилтыг хүртэл урамшууллаа шүү дээ. “Cardiff singer of world”, “Asia’s got talent” тэмцээний нэр огт бүртгэлгүй. Гэтэл БСШУЯ-ынхан хөөцөлдөж байгаад Засгийн газрын хуралдаанаар оруулаад өгүүлчихлээ.
Тухайн үед миний оролцсон уралдаан дүйцүүлэн олгох журамд нь заалттай л байсан юм. Журмаа зөрчөөд, сүүлд нь хүчингүй болгосон.
Миний оролцсон уралдааны ерөнхий шүүгчээр ажилласан ОХУ-ын удирдаач А.Чепурной одоо ч гэсэн манай ДБЭТ-т уригдаад ирчихсэн ажиллаж байна.
Тэр тухай би санал бодлоо бичтэл бүр балай юм болчихлоо. Тэгээд постоо устгачихлаа. Шал дэмий хэрүүлийн шинжтэй болчихно.
-ДБЭТ-ын захирлын сонгон шалгаруулалтын оролцож тэргүүлсэн ч ажилдаа томилогдож чадаагүй гэсэн бас нэг асуудал бий байх, тийм үү?
-Хоног хугацаа авахын тулд надад худлаа юм хэлээд байсан. Би шүүхэд өгөөд, Давж заалдах шатны шүүх дээр ялсан. Намайг ДБЭТ-ын захирлаар томилох ёстойг баталсан. Одоо Ч.Мөнхзулын талаас дээд шүүхэд давж заалдах байх. Өнгөрсөн жил тавдугаар сарын 22-нд болсон сонгон шалгаруулалт энэ хүртэл үргэлжилж байгаа нь тухайн үеийн ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлийн хийсэн балагтай ажлын үр дүн шүү дээ.
С.Сэргэлэн