Нарны гэрлээс айж, үргэлж сүүдэр бараадан, эсвэл шөнө болохоор л гадаа гардаг цус сорогчдын тухай янз бүрийн кино бий. Тэгвэл кинонд гардаг шиг үргэлж нарнаас зугтаж, хурц гэрлээс айдаг хүмүүс үнэхээр байдаг аж. Анагаах ухаанд эмчилж дөнгөхгүй байгаа ховор өвчний улмаас тийнхүү гэрлээс дайждаг хүмүүсийг мөн л “цус сорогчид” хэмээдэг гэнэ. Гэхдээ энэ нь мэргэжлийн буюу албан ёсны нэршил биш л дээ. Эритропоэтик протопорфирин гэсэн хэл хугалах шахсан жигтэйхэн урт нэртэй өвчтэй хүн наранд гарах л юм бол арьсны өнгө нь хувирах, хайлж буй мэт шууд гуужих, ус гүйсэн мэт овойж, хавагнах, идээлэх, цус шүүрэх зэргээр яг л кинонд гардаг хачин сонин болдог аж. Нэг ёсондоо харшил асар хурдтай явагдаж, байж суух аргагүй байдалд хүргэдэг гэсэн үг. Ихэвчлэн удамшлын гаралтай уг өвчний улмаас өдгөө дэлхийн хэмжээнд 10-аад мянган хүн шаналж, сүүдэр бараадан “цус сорогч” болсон гэсэн баримтыг ДЭМБ-ын тайланд дурдсан байна. Ийм хүмүүст зориулсан эм бэлдмэл гэж байдаггүй аж. Тэгвэл Америкийн эмч нар нэгэн бэлдмэл гарган авсан тухайгаа мэдээлжээ. Тухайн эмийг хэрэглэснээс хойш наранд хагас цаг хүртэл хугацаагаар явахад арьсны өнгө нь өөрчлөгдөөгүй, усан цэврүү гараагүй гэсэн өвчтөн олон байгаа гэнэ. Туршилтын эхний шатандаа, сайн дурынхныг хамруулсан дүнгээр ийм байгаа нь уг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боломжтойг харуулж байна гэж эрдэмтэд мэдээлжээ.