“Говь-Алтай аймгийн Төгрөг сумын дунд сургуульд хуваарилагдаж очоод удаагүй байсан надад нэгдүгээр анги даалгаж өгсөн 1963 оны тэр намар 30 жаахан хүүхдийн бүлтийсэн жаран нүд өөдөөс цоо ширтэж байлаа. Тэр үед “Яах бол” гэж тэвдэн сандарч байсан ч 1967 онд дааж авсан ангиа төгсгөхдөө би Гэгээрлийн яамны Жуух бичгээр шагнуулж билээ. Манай ангийн хүүхдүүд үнэхээр онцгой байсан. Хожим тэр ангиас минь Хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргаас эхлээд багш, эмч, нягтлан бодогч, цахилгааны болон холбооны инженерүүд, улсын аварга малчин, аварга саальчин олон төрсөн” хэмээн Д.Хувцагаан багш тавиад жилийн тэртээх өдрүүдийг дурслаа. Үр хүүхэд, ач зээгээ тойруулан жаргаж суух насан дээрээ яваа болов уу гэмээр “хөгшчүүл” бие биенээ “Манай ангийн охид оо, нааш ирээрэй”, “Хөвгүүдээ хурдан наашаа яваарай, зургаа авахуулъя” гэх нь инээдэмтэй ч юм шиг, эсвэл бүр эсрэгээрээ сайхан ч юм шиг. 1967 онд Говь-Алтай аймгийн Төгрөг, Бугат сумын бага сургуулийг төгссөн ангийнхан 48 жилийн дараа анх удаа халуун бүлээрээ уулзаж буй нь энэ. Энэ хоёр сум хоорондоо жараад км-ийн зайтай бөгөөд тухайн үед Бугатын бага сургууль төгссөн хүүхдүүд тавдугаар ангидаа Төгрөгт ирж сурдаг байсан учраас эдний төгсөгчид өөрсдийгөө “хүйн холбоотой хүүхдүүд” хэмээн дотночилдог гэнэ. Хагас зууны дараа хоёр ангиараа уулзалдаж буй тэдний дунд соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ү.Хүрэлбаатар, хүндийг өргөлтийн мастер тамирчдын дэлхийн гурван удаагийн аварга, ОУХМ Ж.Лхагва, улсын аварга малчин, улсын аварга мал аж ахуйн мэргэжилтэн гэсэн эрхэм хүндтэй цол тэмдгийг энгэр дээрээ ихэрлүүлсэн Г.Баасанхүү, Хууль зүйн ухааны доктор Нямсүрэн, Спортын сэтгүүлчдийн холбооны анхны ерөнхийлөгч, яруу найрагч С.Түвдэнням тэргүүтэй нэр алдартан цөөнгүй бий. Өнгөц харсан хүний нүдэнд бол “хөгшин хар юмнууд” боловч ангаахай багаасаа ижилдэн дассан ангийн нөхдөдөө бол энэ олон жилийн дараа ч салаа гэзэгтэй годгоносон охид, сахилгагүй нь дэндсэн дэрчгэр хөвгүүд хэвээрээ байдаг бололтой. Цаг хугацааг ухрааж, хүүхэд ахуй үедээ очсон тэднийг насаа мартсан гэж зэмлэх бүдүүн зүрхтэй, бүрэн эрхтэй хэн нэгэн яг энэ мөчид гарч ирвэл “Түр хүлээгээч” гээд өмнөөс нь гуймаар санагдах. “Чи чинь манай тэр мөн шив дээ”, “Хүүе, миний ширээний найз хүрээд ирчихэж”, “Манай багш ямар ануухан байна аа” хэмээн дуу алдах чимээ Чингисийн талбайгаар явж буй хүмүүсийн анхаарлыг эрхгүй татах.
“УУЛЗААД НЭГ, ХОЁР МИНУТЫН ДАРААГААС БАГЫН ТӨРХ НЬ ТОДРООД ИРЭХ ЮМ”
1963 онд Говь-Алтай аймгийн Бугат сумын бага сургуулийн 1а ангийг дааж авч байсан цэл залуухан 19-тэй Б.Шатар багш өдгөө дал хэдийнэ гарсан ч ануухнаараа, ангийнхаа уулзалтад оролцохоор нутгаасаа хүрэлцэн иржээ. “48 жилийн дараа шавь нартайгаа уулзах ямар сайхан юм бэ. Яг нүүр тулаад уулзангуут сайн танихгүй ч гэлээ нэг, хоёр минутын дараагаас багын дүр төрх нь яг л тодроод ирэх юм. Шавь нар минь надтай зэрэг өтөлжээ. Зарим нь орчлонгийн мөнх бусыг үзүүлсэн байна. Цаг хугацаа гэдэг хурдан юм шүү” хэмээн тэрбээр хуучлав. Б.Шатар гуайн багш Дарьсүрэн гээд 90 гаруй настай буурай одоо Дарвитаа амьд сэрүүн байдаг гэнэ. Үүнийг дуулаад шавь Г.Өлзийбаяр нь “Тэгвэл таван үеийн багш нарын уулзалт хийвэл сайхан юм биш үү. Бидэнд ацагтай А-г минь зааж өгсөн багшийн маань багш мэнд байна. Би Б.Шатар багшийнхаа мэргэжлийг өвлөөд, улсад 38 жил багшилсан. Миний анхны шавь нарын нэг одоо Бугатын сургуулийн захирал хийдэг. Түүний шавь, шавийн шавь нь мөн багш” хэмээн олзуурхан өлгөж авлаа. Энэ саналыг багш нь ч тун дуртай хүлээж авав.
ШУУДАН ИРЭХ ҮЕЭР БӨМБӨГ ӨШИГЛҮҮЛЖ ХҮҮХДҮҮДЭЭ СААТУУЛДАГ БАГШ
Говь-Алтай аймгийн Төгрөг сумын дунд сургуулийн багш Б.Рагчаа эдгээр хүүхдүүдийг дунд анги төгсгөжээ. Тэрбээр ангийнхаа хүүхдүүдийн уулзалтад оролцохоор Сэлэнгэ аймгийн Хөтөл сумаас хүрэлцэн ирсэн байв. 1968 оны намар 5а ангийг дааж авсан түүнд Бугатаас ирсэн хүүхдүүдийг “маллах” үүрэг бас давхар ногдсон гэдэг. Бугатын хүүхдүүд гэрээ санаад, шуудан ирэхээр оргох гэж багшийг чамгүй “зовоодог” байж. Тэгэхээр нь Б.Рагчаа багш нэг арга сэдэж, шуудан ирэх үеэр хүүхдүүдийг бөмбөг өшиглүүлэн саатуулдаг болов. Сүүлдээ хүүхдүүд нь ч спортод хорхойтой болж, хожим тэр дундаас дэлхийн гурван удаагийн аварга тамирчин төрсөнд багш нь хязгааргүй баярладаг гэнэ лээ. Б.Рагчаа багш улсад 50-иад жил багшлахдаа есөн гавьяат төрүүлсний отгон нь яруу найрагч Ү.Хүрэлбаатар. Тавдугаар ангийн сурагч Ү.Хүрэлбаатарын бичсэн “Яс ба тос” мэдээг “Пионерын үнэн” сонинд хэвлэгдсэнийг тэрбээр хайчилбар хийн хадгалж байгаад хожим дурсамжийн ном гаргахдаа түүндээ оруулж шавьдаа гэнэтийн бэлэг барьсан гэдэг.
ДОЛОО ХОНОГИЙН “ТОМИЛОЛТТОЙ” ХОТОД ИРСЭН УЯАЧ
Говь-Алтай аймгийн алдарт уяач Н.Оросоо тавиад жил уулзаагүй ангийнхантайгаа уулзахаар долоо хоногийн “томилолттой” хөдөөнөөс иржээ. Наадам дөхсөн учраас түүний хувьд морь мал уяхаас эхлээд ажил ихтэй ч энэ уулзалтад ирье гэж зорьсоор санасандаа хүрсэн байна. Тэрбээр “Дөрөвдүгээр ангиасаа сургуулиас гарсан хөдөөний биднийг ялгалгүй, ангийн уулзалтад урьсан учраас яаж ийгээд ирэлгүй яах вэ. Надтай хамт ирэх байсан хүмүүст янз бүрийн ажил гараад амжсангүй. Тиймээс би хөдөөгийнхнөө төлөөлөөд ирсэн юм. Бага ангийн багштайгаа, ангийнхантайгаа уулзах үнэхээр сайхан байна” хэмээн үнэн голоосоо баярласан нь илт. Том нударгатай, ухаа хамбан дээл өмсөж, монгол гутал жийн, алдарт уяачийн малгайгаараа гоёсон түүнийг ангийнхан нь “Манай Оросоо атаман одоо ч яг хэвээрээ шүү” хэмээн цаашлуулах. Төрсөн нутаг руугаа татагдах их хүчний нэгэн цөм нь тохой зэрэгцэн сууж асан ангийн нөхөд, хар багын андууд минь юм. Би эднийгээ санаж “Төгрөгийн дунд сургууль” дууны шүлэг бичсэн нь өдгөө манай сургуулийн сүлд дуу болсон. Ер нь сургуулийн тухай, сурагч ахуй үеийн тухай дуу , шүлэг зохиох бүрт энэ хэдэн нөхдийг л санаж, дурсана шүү дээ. Тэд бол миний дууны гол баатар” хэмээн соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ү.Хүрэлбаатар ангийнхандаа хандаж сэтгэлийн үгээ дайсныг сониноороо уламжилъя.
Хасар мөнгөн товч шиг сумын жаахан сургууль
Хар багын дурсамжтай сэтгэлийн гүнд минь гэрэлтье үү
Хүсэл сэтгэлийг минь хөтөлсөн миний анхны багш
Хүүхэд ахуй цагийн эрдмийн цагаан өргөө...
хэмээн түүний дуунд гардагчлан хүн бүхний зүрх сэтгэлд хиргүй тунгалаг хүүхэд ахуй үеийнх нь нөхөрлөл, ангийн хамт олны тухай гэгээн дуртгал ямагт гэрэлтсээр байдаг билээ.