Дэлхийн сонгодог урлагийн хамгийн том наадмын тоонд зүй ёсоор багтдаг, 57 жилийн түүхтэй П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаач, мэргэжлийн хөгжимчдийн уралдаан соёлт хүн төрөлхтнийг нэгтгэх том зорилго дор амжилттай болж өндөрлөлөө.
Энэ уралдааны зүг анхаарлаа хандуулах шалтгаан нь шилдэг 40 дуучны дунд таван монгол залуу багтсан явдал байв. Тэдний араас залбирч, чимээ чагнан суусан итгэл өнгөрсөн долоо хоногт сэтгэл ханамжаар солигдож монгол дуучин алтан медаль, гран при шагналыг нь хүртлээ. Г.Ариунбаатарыг дэлхийн анхаарлын төвд аваачсан энэ уралдаан шагналын сан болон зохион байгуулалтын өндөр түвшнээрээ ялгарч байсан юм.
Хамгийн шилдэг дуучдыг өрсөлдүүлсэн их гүрнийхэн шударга шүүлтийг эрхэмлэж, нутаг нэгтнээ дэмжих болов уу гэсэн хардлагыг үгүй хийж 1975 оноос хойш нэг ч дуучинд олгоогүй байсан гран при шагналаа Г.Ариунбаатарын өмнө барьсан нь гэнэтийн үйл явдал болов. Дөрвөн жилийн өмнө М.Глинкийн нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын уралдаанд түрүүлж 23 настайдаа гавьяат жүжигчин цолоор шагнуулж байсан залуу дуучны ард түмэндээ барьсан хамгийн том бэлэг энэ байлаа. Даваа гаригийн өглөө эх орондоо ирсэн гавьяат жүжигчин Г.Ариунбаатар “Өнөөдөр” сониныг онцлон уралдааны дараа анхны ярилцлагаа өгсөн юм.
-П.И.Чайковскийн уралдаанд орох шийдвэрээ хэзээ гаргасан бэ?
-М.Глинкийн уралдаанд түрүүлж ирээд л дараагийн зорилгоо П.И.Чайковскийн уралдаан гэж тодорхойлсон.
-Энэ том амжилтын ард тантай ажилласан Дарима Линховоин багшийн гавьяа их бий. Багштайгаа анх хэрхэн танилцаж, хамтран ажиллахаар болсон бэ?
-Бидний хэдэн шавь нар нийлж Д.Банди багшийнхаа нэрэмжит уралдааныг зохион байгуулж, ерөнхий шүүгчээр нь Дарима Линховоин багшийг урьсан юм. Уралдаан сайхан болж өндөрлөөд, гала тоглолтод би оролцож дуулсан. Тэр үед Дарим багш намайг сонсоод урамшуулж, дэмжин “Ариунбаатар аа, чи надад боломж олговол чамтай ажиллахад бэлэн байна. Би ийм хүн хайж байсан юм” гэж хэлсэн. Тухайн үед тэр үгийг урам болгон хүлээж аваад л орхисон байлаа. Харин өнгөрсөн жил Морин хуурын чуулгынхантай Улаан-Үдэд тоглолтоор очиход Буриадын Соёлын сайд болон Дарим багш надад ийм боломж байгааг хэлж, санал тавьсан. Зуны хоёр, гурван сар бодож байгаад П.И.Чайковскийн уралдаан болох гэж байгаа энэ үед тайван бэлтгэл хийх боломж тэнд л бий гэж үзээд Улаан-Үд рүү явсан даа. Хэлний боловсрол болон агаар, уснаас эхлээд Буриадыг сонгох шалтгаан олон байсан.
-Сонгодог урлаг болон соёл, урлагийн талаарх бодлого нь өндөр төвшинд хүрсэн улс болохоор дэмжлэг сайн үзүүлэх юм аа.
-Урлагаа нэгдүгээрт авч үздэг нь энэ уралдааны үеэр ч тод харагдлаа. Ерөнхийл өгч нь уралдааныг нээж, бас шагналтнуудын тоглолтыг эхлүүлж үг хэлснээс гадна бүх алдартнууд нь ирж тоглолт үзэж байна. Урлаг нь нийгмээ эмчилж, авч явдаг гэдгийг маш сайн ойлгож дэмждэг юм билээ. Бас ур чадвартай байгаад сайн ажиллаж байвал америк, солонгос, японы аль нь байх нь хамааг үй ямар ч ялгаваргүйгээр уран бүтээл хийх боломж олгодог нь сайхан юм.
АНХНЫ ХАРЦААР ДУРЛАДАГ ШИГ ШҮҮГЧ НАРЫН НҮДЭНД АНХ ЯАЖ ӨРТӨХ НЬ ХАМГИЙН ЧУХАЛ
-Өмнөх уралдааны амжилтын дараа ч “Дэлхийн тайзыг хүсэж байна” гэж ярьж байсан. Гэхдээ Монголынхоо ДБЭТ-т дуулахсан гэж хүсдэг үү?
-Мэдээж хүсэлгүй яах вэ. Энэ бол одоо цаг хугацааны асуудал л боллоо. Яагаад би эхнээсээ ДБЭТ-т ажиллааг үй нь олон хүнд сонирхолтой байдаг байх. Миний найз, ижилхэн баритонууд болох Амартүвшин, Анхбаяр нар тэнд ажиллаж байгаа болохоор би нэмэгдээд яах билээ гэж бодсон юм. Тиймдээ ч өөрийгөө илүү сайн нээж, сорьж үзэх боломж, гарц хайсаар л явсан.
-П.И.Чайковскийн уралдааны гала тоглолтын эхний өдөр Ж.Россинийн “Севилийн үсчин” дуурийн Фигарогийн ариг дуулсан. Өмнө нь М.Магомаевын уралдааны үеэр ч бас энэ ариг дуулсан. Гэхдээ дээрх хоёр тоглолт нэлээд ялгаатай байлаа. Илүү задгай тоглолттой байсан Г.Ариунбаатар П.И.Чайковскийн уралдааны тайзнаа арай даруу болчихсон шиг санагдсан. Магадгүй хэн нэгнээс мэргэжлийн зөвлөгөө авч, арга барилаа өөрчилсөн үү?
-М.Магомаев бол эстрад ч дуулдаг, дуурьт ч гоцолдог онцгой дуучин. Тийм болохоор түүний нэрэмжит уралдаанд хэв маяг нь шингэсэн байх ёстой. Бас Фигаро ямар дүр билээ дээ. Тэгж дуулж байж л шүүгчид болон үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж, анхаарлыг нь татна гэж үзсэн юм. Харин П.И.Чайковскийн уралдаан бол олимпийн зэрэглэлтэй болохоор мэргэжлийн байх нь чухал. Дээд, доод өнгөө зөв авч, мэргэжлийн жүжигчний хувьд дүрээ гаргах ёстой. Тийм болохоор арай өөр харагдсаныг үгүйсгэхг үй ээ.
-Дуулахаас гадна биеэ авч яваа байдал, сэтгэлзүйгээрээ өрс өлдөх нь хамгийн хүнд байлаа гэж та ярьсан. Бас төлөвлөгөө боловсруулж, олон шөнийг нойргүй өнгөрүүлсэн гэсэн үү?
-Бүр эхнээсээ, тайзан дээр хэрхэн гарахаасаа эхлээд л өрсөлддөг. 12 шүүгчийн анхны харцанд хэрхэн буухаас олон зүйл шалтгаална. Хүн анхны харцаар дурладаг гэж ярьдаг даа. Анхны төсөөллөөрөө энэ нэг тиймэрх үү юм байна гэж дүгнээд, үнэхээр таалагдвал дараа нь өмөөрөөд байдаг шүү дээ. Түүнтэй л ижил. Дуулж байгаа байдал, тайзан дээрх соёл, үзэгчидтэйгээ хэрхэн харьцахаа тооцоолж бодсон. Тиймдээ ч гран при шагнал гардуулахдаа В.Гергиев маэстро “Ариунбаатар эхнээсээ ялагч байсан. Том тайзны том жүжигчин болох ирээдүй түүнд бий” гэж хэлсэн байх. Энэ бүхний төлөө би үсээ ургуулж, дүрдээ нийцүүлэхээр зорьсон. Бас бэлтгэл хийж гэдсээ багасгасан.
-Алтан медаль авсныхаа дараа амжилтад хүрэхэд нь тусалсан олон хүнд талархал илэрхийлсний нэг нь дархан аварга А.Сүхбат байсан. Аварга танд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн үү, эсвэл нутгийн ах болохоор тэгж онцолсон уу?
-Аль, аль нь. Бид хоёр их нарийн нандин ах дүүгийн холбоотой. Манай Сүхбат ах тал бүрийн мэдлэг, мэдрэмжтэй, сонгодог урлагийг маш их хүндэлдэг хүн. Тиймдээ ч намайг уралдаанд явна гэхэд биеэ бэлдэхэд минь тусалж, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. “Манай бөхчүүдийг харж байна уу, гэдэстэй болохоор л муухай харагдаж байгаа биз. Бид үзэгчдээ хүндлэх ёстой” гээд л өөрийнхөө спортын жишээн дээр надад ярьж, ойлгуулсан. Шатар тоглодог хүн ч гэсэн өглөө бүр гүйдэг. Учир нь тэсвэр, тэвчээрийг тэгж бий болгодгоос гадна хөлсөөрөө биеийн хороо гадагшлуулж, хөдөлгөөнөөр тархины үйл ажиллагаагаа дэмждэг юм билээ. Сүхбат ахыг тэгж хэлсний хүчинд би өглөө бүр дасгал хийдэг болоод байгаа.
ЕСДҮГЭЭР САРЫН 24-НД КРЕМЛИЙН ОРДОНД ДУУЛНА
-Дэлхийд алдаршсан том дуучид уралдаанд оролцохдоо эсвэл жирийн үедээ ч мэргэжлийн сэтгэлзүйчээс дэмжлэг авдаг гэсэн. Харин манайхан бол өөрөө өөртөө л сэтгэлзүйч болох шаардлага тулгардаг байх аа.
-Тэгдэх байх өө. Манайхан “Э.Амарт үвшин, Г.Ариунбаатар хоёр дэлхийн дуучин боллоо” гээд л ярьж байна. Ингэж их талархаж, урамшуулж байгаад нь баярлалаа. Гэхдээ бид дэлхийн дуучид биш ээ. Боловсрол мэдлэг, туршлагаараа ялгарсан хүмүүс дэлхийн дуучин гэж хэлүүлэх эрхтэй. Бид бол дэлхийн дуучдыг залгамжлан гарч ирж байгаа залуу уран бүтээлчид. Гурав эсвэл таван жилийн дараа бол арай өөр зүйл яригдах байх л даа.
-Энэ уралдааны дараа сонссон хамгийн онцгой урмын үг хэнийх байв?
-Тоглолтын дараа олон хүн урам хайрлаж, дэлхийд алдартай дуучид олон нийтийн сүлжээгээр миний тухай бичиж, баяр хүргэхэд нь үнэхээр их догдолсон. Хүлээн авалтын үеэр Германы шүүгч надаас “Чи хаанаас ургасан цэцэг, хаанаас ургасан хүн бэ?” гэж асуусан. “Би Монголын дуучин” гэж хариулахад “Мэднэ ээ. Монголд олон сайхан дуучин бий. Гэхдээ чи хаана нь явсан юм бэ” гэж хэлсэн нь тод санагдаж байна. Хөгжимчдийн уралдааны шүүгчид ч талархлыг үгс хэлж байлаа.
-Есдүгээр сараас хойш их олон ажил төлөвлөсөн, гэрээ хэлэлцээр яригдаж байгаа гэж байсан. Магадг үй илүү тодорхой ярихгүй зайлсхийж байгаа байх. Манай уншигчдад нууцаасаа ганцханыг задлаач?
-Олон зүйл төлөвлөж байна. Хэлний мэдлэгээ дээшлүүлэх хэрэгтэй. Надад ч гэлтгүй залуус бидэнд орос, англи, итали хэл хэрэгтэй юм байна гэдгийг өнгөрсөн хугацаанд оролцсон дөрвөн уралдааны үеэр илүү сайн ойлголоо. Мөн дуулаачийн боловсролдоо илүү их анхаарна. Нууц гэвэл, би есдүгээр сарын 24- нд Кремлийн ордонд болох тоглолтод дуулна. Ямар театрт ажиллахаа хараахан шийдээгүй байна. Магадгүй, Монголынхаа театрт ажиллахын зэрэгцээ гадагшаа явж болох юм.
-Ийм авьяаслаг дуучнаа Буриадын театрт алдчихлаа гэж үү хэмээн зарим хүн бухимдаж, тэр сэтгэгдлээ илэрхийлж байна. Үнэхээр харамсалтай ч юм шиг ээ.
-Алдах биш юм аа. Монгол Улсынхаа нэрийг илүү сайн гаргахын тулд залуу хүний хувьд сурч, мэдэж л байгаа юм. Би яг төлөвлөснийхөө дагуу л яваа.
-Гэхдээ төлөвлөж ч болохгүй үе амьдралд бишгүй тохиолддог. Танд ч байсан байх.
-Байлгүй яах вэ. Амьдралд гэнэтийн үйл явдал олон тохиолддог. Гэсэн ч төлөвлөх л ёстой. Том зорилго, мөрөөд өлтэй байж л биелүүлэхийн төлөө тэмүүлнэ.
-Тухайлбал, дуулж чадахгүй нь гэж бодохдоо хүрч, огт өөр ажил хийж явсан үеэ та өмнө нь дурсаж байсан шүү дээ.
-М.Глинкийн уралдаан, бас “Сүлд” чуулгад орохоосоо өмнө оюутан байхдаа тийм үетэй тулгарсан. Би ч СУИСд хоёр жил үлгэн, салган сурсан юм ш дээ.
-Зарим хүн тэр тухай дурссан байсан.
-Амьдралын шаардлагаар такси барьж, барилга дээр ажиллаж байсан. Би мөнгөний амтыг мэднэ. Янз бүрийн л амьдрал үзэж, туулсан маань надад их зүйл өгсөн. Хүний амьдрал гэдэг ямар байдгийг мэдрүүлсэн, тэндээс өөрийг өө олж, нээж гарч ирж чадсан.
-Тийм хүнд цагт дэмнэж, тусалсан хүнийг хэзээ ч мартахгүй санах байх аа.
-Намайг тийм хэцүү, хэн ч биш явахад Цагдаагийн байгууллага таарсан. Миний Гаваасүрэн дарга намайг тосоод, тоогоод авсан. Тэр буянтай хүний, энэ ачтай байгууллагын дэмээр би өнөөдрийн мөрөөдөл, зорилготойгоо учирсан юм шүү дээ.
-Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул Г.Ариунбаатар багадаа адууны дэлэн дээр ямар дуу цангинуулж явсан нь сонирхолтой байна. Баян бараат аялгууны өлгий нутагт төрсөн хүү багаасаа дуулсан байх даа.
-Нутагтаа очиж, хэдэн мал хуйгаа хараад би тайвширдаг юм. Хөдөөний хүүхэд болохоор тэр байх. Төв аймгийн Баян бараатын, бүдүүн Чулуунбаатар гээд сайхан дуулдаг хүн байлаа. Тэр хүн миний өвөө. СУИС-ийн уртын дууны багш нар манай өвөөгийнд ирж баян бараат аялгууг заалгадаг байлаа. Ээжийн минь талд ч сайхан дуучид бий. Хоёр талынхан маань найранд гурван дуутай хүмүүс байсан болохоор л би энэ зэрэгтэй яваа байх. “Завхан гол”-оос эхлүүлээд л Батс үх гавьяатын дууг дуулж өссөн. Тэр үед сонгодог урлагийн тухай төсөөлөл ч үгүй, их сургуульд нэг жил сурч байж л сонгодог урлаг гэж ийм юм байдаг юм байна гэж ойлгосон доо.
-Та театрын дуучин хүнд баймаар биеийн өгөгдөлтэй юм. Танайхан ер нь ийм биерхүү хүмүүс үү?
-Биерхүү. Манай аавыг өндөр Ганбаатар гэдэг байсан. Нас ахихын хэрээр жижигрээд байгаа аав, ээжийгээ харахаар өр эмтрээд байдаг юм. Хорвоогийн жам юм даа. Тэднийгээ хайраар дутаачихг үй юмсан гэж л хичээх юм даа.
БИД ЗОВЛОН, ЗОРИЛГО НЭГТЭЙ НАЙЗУУД
-Нэгэн үе урлагийнхан маань чиг баримжаагүй болчихсон мэт, нэг дороо эргэлдээд л байлаа. Харин одоо бол гарц бий болж, зам нь илүү тодроод байгаад баярлах юм.
-Энэ нээлтүүдийг хийсэн нь чухал. Ганцхан би ч биш, энэ хэдэн дуучин маань улсынхаа нэрийг алдаршуулж, сурталчилж байна. Уралдаанд оролцохын тулд цалингийн зээл авч, аав, ээжийнхээ дэмээр атга борц, даршилсан махаа богцлоод явж байна. Дэмжлэг туслалцаа ч их хэрэг болдог. СУИС-ийн хэдэн багш нарынхаа хүчээр бид амжилт гаргасаан. Азаар, намайг дэмждэг, тусалдаг хүн олон бий. Амжилтын төлөө зорьж явахдаа санх үүгийн асуудлыг эхэнд тавих хэрэгг үй юм билээ. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэгчлэн хөдөлмөрлөөд явж байхад дэмжих хүн гараад ирдэг юм байна. Би энэ далимаар нэг хүнд онцгойлон талархал илэрхийлмээр байна. Улст өрч хүний нэр дурдлаа гээд бүү харлуулж, дордуулж яриарай. Энэ бол улстөржүүлэх асуудал биш, монгол хүний нэгнээ гэсэн сэтгэлийн л илэрхийлэл. Миеэгомбын Энхболд ахдаа баярлалаа. 2009 онд намайг хэн ч биш байхад энэ хүн болон Монголын цагдаагийн байгууллагын тухайн үеийн удирдлагууд дэмжсэн. Спортын салбар ч гэсэн ийм л хүмүүсийн дэмээр ямар сайхан болж байна вэ. Х.Баттулга, Б.Бат-Эрдэнэ гишүүдийн хүч байгаа болохоор Монголын тамирчид олимп, дэлхийн дэвжээнд амжилт гаргаж байна. Монгол хүн чадалтай, чансаатай, ухаантай. Долоон тэрбум хүнээс тийчлээд л гараад ирдэг. Улсын нэр хүндийг урлаг, спортын салбар нь өргөж явдаг. Одоо хараад байх нь ээ, энэ хоёр салбарыг нас чацуу хоёр хүүхэдтэй зүйрлэбэл нэгэнд нь торгон дээл өмсүүлж, нөгөөд нь давуун тэрлэг эгэлдрэглүүлээд байгаа юм шиг л харагдах юм. Урлагийнхан маань нэг зорилго, бодлогын дор нэгдэж чадахг үй байгаа юм уу даа. Бүгдээрээ л эрэлхэг баатруудын үр сад болохоороо хаан болох тэмүүлэлтэй. Хуваарилалт хийж чадахгүй бол нэгнээ дарж, хэмлэх гэсэн өнгө аяс цухалздаг. Урам хугалах гэсэн оролдлого удаа дараа гарч байна л даа. Гарсаар ч байсан. Ингээд л байвал бид хол явахгүй.
-Э.Амартүвшин гавьяат та хоёрын оролцсон уралдааныг харьцуулж, жишиж, чансаагаар нь ялгах гээд л хүчилж байгаа тохиолдол ч байх юм. Энэ цаг үеийн Монголын хоёр сайхан залуу дуучин дэлхийн хэмжээнд үнэлэгдсэн нь чухал шүү дээ.
-Ингэж яриад байвал хэн хэнд маань эвгүй шүү дээ. Бид сайхан найзууд. Гэтэл ийм таагүй яриаг дуучид, тэр дундаа дуурийнхан маань л эхл үүлдэг. Өөрсдөө энэ замаар нэг яваад үзээрэй. Ямар хүнд, хэцүү байдгийг би мэднэ, Э.Амарт үвшин ч мэднэ. Бид ижилхэн. Жижиг, томын тухай ярихаас илүүтэй хөдөө төрж, өссөн хоёр монгол залуу хийж бүтээх гээд л явааг илүү сайн олж хараасай.
-Нөхөрлөлийн үнэ цэнэ, тэднийхээ дэмийг сайн мэдэрсэн хүний нэг нь та байх. Уралдааны үеэр үргэлж хамт байж дэмжсэн Амраа гэдэг найздаа талархал илэрхийлсэн байсан. Таныг ярилцлага өгөхөөр манай сонины редакцид ирэхэд хамт байсан тэр залуу Амраа мөн үү?
-Нөхөрлөл гэдгийг эр хүн эр хүндээ зориулсан хайр, халамж гэж хэлж болох юм. Гуйвуулж буруугаар ойлгох хэрэггүй л дээ. Нэгнийхээ төлөө ээж, аавынх нь дайны сэтгэл зориулж, дэмжиж, бүх талаараа тусалдаг хэдэн сайхан найзтай хүн би. Жилийн турш уралдаанд бэлдэж байхад минь намайг тайван байлгаж, сэтгэлзүйн ачаалалд оруулж, ядраахг үйн тулд миний найз нар гэр бүлийг минь 14 хоногоос нэг сараар ээлжлэн халамжилж байлаа. Сүүлийн нэг сар Амарболд найз маань дэргэд байж, нүдээ нээгээд орон дээрээсээ өндийхөд л халуун, бүлээн цай бэлдэж анхаарал тавьсан. Зүүдийг минь манаж, намайг л тайван байлгахын төлөө бүхнээ зориулсан. Энэ л нөхөрл өл шүү дээ.
-Алдар хүндийг дагаж аархал бий болдог уу. Зарим хүний аархал нь сагаад алдаж эндэх нь ч бий.
-Тийм хүмүүс ч бий. Нөгөөх л атаархагсад ийм байдалд хүргэдэг. Тэдний муу үгэнд автвал тийм ангал руу орох байх. Төр түмний минь хүндэтгэл надад эрт ирсэн болохоор би айж байсан. Юу хийх ёстой юм бол гэж бодоод, дуугаа дуулаад боломжийнхоо хэрээр хичээсэн. Сагаж ч явсангүй. Намайг мэдэх нэг нь мэдэх л байх.
-Та санаа бодлоо огт нуухгүй, дэлгээтэй ном шиг байх юм.
-Би юм нуугаад байдаггүй ээ. Яагаад би бүх зүйлийг дотроо хадгалах ёстой гэж. Хэлэх гэснээ шууд хэлчихдэг болохоор хүмүүс авахыг нь авч, хаяхыг нь хаядаг байх.
АМЬДРАЛЫНХАА ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ИЛҮҮ САЙХНААР ЗУРАХ ГЭЭД Л ЯВНА
-Өнгөрсөн жил л гэхэд гэр бүлийн асуудлаа хэтэрхий дэлгэж, ярилцлага өгсөн. Түүндээ харамсдаг уу?
-Жаахан бодох хэрэгтэй байсан ч тухайн үеийн сэтгэлзүй тийм байжээ. Тэглээ гээд харамсдаггүй. Энэ бол миний л амьдрал учраас наддаа үлдсэн. Амьдралынхаа үргэлжлэлийг илүү сайхнаар зураад л явж байна. Бас намайг түшиж, тулж, үргэлж уучилдаг хань минь байна. Энэ хүн байгааг үй бол ийм амжилтад хүрэхгүй.
-“Г.Ариунбаатарыг дуулсны дараа В.Путин “Браво” гэж хэллээ. Түүнийг Оросын алдартнууд биширч байна” гэсэн мэдээлэл олонтаа гарсан. Харин та дараа нь бичлэгээс үзэгчдийн сэтгэл хөдлөлийг хараад юу гэж бодсон бэ?
-Ер нь хүн ханатал нь дуулна гэж байхгүй. Тэр хүмүүс Ариунбаатарыг яаж дуулах бол гэж л анхаарч харсан байх. Гала тоглолтод дуулахдаа би тэмцээн гэхээс илүүтэй Монголын минь нэр хүнд шүү дээ л гэж бодсон. Хэдхэн сарын өмнө Ялалтын баярын парадад монгол эрс жагсаж, төрийн тэрг үүн маань тэнд уригдсан. Тэгэхээр дуучин нь ямар байна гэж хүмүүс харна шүү дээ.
-Амралтаа нутагтаа өнгөрүүлэх үү?
-Нутагтаа очно. Өнөөдөр гэрээ бариулчихсан. Хэд хоног тархиа амраана даа. Энэ жил гантай байна аа. Хэдэн гүүгээ барина гэж бодож байтал адуу таргалсангүй.
-Хурдан морь уядаг уу?
-Энэ жил уяагүй. Олон түмний минь хайр хишиг болж ирсэн хурдан хүлгүүд бий. Тэднийгээ ижилсүүлэхээс эхлээд ажил их бий. Монгол орон минь үнэхээр сайхан. Хотоос 40 км зайтай гараад л байгалийн сайханд амарч болдог. Монголоороо бахархаж, ширхэг чулууг нь ч гэсэн хайрлацгаая л гэж хэлмээр байна. Бас алсын харгуйд хөтөлдөг алтан шар замаа ерөөгөөрэй. Манайхан зам муутай байна гэж ярих гээд байдаг талтай. Гэхдээ амьдралд, их аянд хөтөлж байгаа зам харгуйдаа бүхнээ даатгаж явах нь зүй.
Г.Ариунбаатарыг алс ирээдүйд хөтлөх зам нь хэдийнэ тодорчихлоо. Тэр дараагийн мөрөөдөл, төлөвлөгөөгөө ч ард түмэнтэйгээ хуваалцсаар л явах болно. Жирийн монгол хүүгийн хичээл зүтгэл эх орноо алдаршуулах ялалтад хүргэсэн болохоор Төр түмэн маань дахиад л хайр хишгээ харамгүй хүртээх биз. Харин түүний хувьд насан залуудаа хүртсэн хүндтэй цолынхоо нэрийг өндөрт өргөж, ард түмэндээ амжилтаараа бэлэг барихыг л хүсэж яваа.