Чехийн Прага хотын амьтны хүрээлэн, Чехийн хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж байгаа “Зэрлэг адуу нутагтаа буцсан нь” төслийн хүрээнд дахин дөрвөн тахь өвөг дээдсийнхээ уугуул нутагт ирлээ. Энэ сарын 4-ний өдөр Прага хотын амьтны хүрээлэнгээс тэднийг ачиж, Кбела цэргийн нисэх онгоцны буудлаас Монгол руу үдэн гаргасан. Тус амьтны хүрээлэнгийн захирал Мирослов Бобков “Онгоцонд ачих, зөөхөд ямар ч асуудал гарсангүй. Бид тахийг тээвэрлэж явахдаа байнга услан, замын түгжрэлд орохгүйн тулд Замын цагдаагийн газраас нөхцөл байдал ямар байгаа талаар мэдээлэл авч байлаа” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
“Зэрлэг адуу нутагтаа буцсан нь” төслийн хүрээнд 2011 онд дөрөв, 2012 онд дөрөв, 2013 онд дөрөв, 2014 онд гурав, энэ жил дөрөв, нийт 19 тахийг Хомын тал, Тахийн талд нутагшуулаад байгаа юм.
М.Сугараа