Бразилийн Убераба хотоос барилгачид үлэг гүрвэлийн чулуужсан яс олсон нь шинжлэх ухаанд мэдэгдэж байгаагүй шинэ төрлийнх болохыг мэргэжилтнүүд тогтоосон байна. Палеонтологичдын мэдээлснээр тус хотын газар дор “нойрсож” байсан үлэг гүрвэл ойролцоогоор 80 сая жилийн тэртээтэй холбогдох бөгөөд шинжээчид ямар төрөл, зүйлийнхэд хамруулахаа хараахан шийдээгүй байгаа гэнэ. Чулуужсан нуруу, хавирганы хэсгийг судалж буй мэргэжилтнүүд тэрхүү амьтан ямартай ч махчин биш, өвсөн тэжээлтэн байх магадлалтай гэжээ.
Дашрамд сонирхуулахад, сүүлийн үед дэлхийн хэмжээнд олон төрөл, зүйлийн үлэг гүрвэлийн олдворуудыг илрүүлсний дотор шинжлэх ухаанд өмнө нь огт мэдэгдэж байгаагүй хэд хэдэн амьтан байсан. Жишээ нь, Америкийн палеонтологичид усанд гарамгай сэлдэг үлэг гүрвэлийн ясыг өнгөрсөн жил олсон юм.