Огторгуй дахь хар нүхнүүдээс гэрэл цацардаг ч түүнийг зөвхөн маш өндөр хүчин чадалтай дурангаар л харах боломжтой аж. Үүл, тоосонцрууд, агаар мандал дахь хийнүүдийн улмаас хүн төрөлхтөн олон нууцад нэвтэрч чадаагүй байсаар. Тэгвэл Британийн одон орончид НАСА-гийн хамгийн сүүлийн үеийн дэвшилт технологийн дурангийн ачаар сансрын таван том хар нүхийг илрүүлсэн талаараа мэдээлжээ. Тэд “Бидэнд хийж, судлах зүйл асар их боллоо. Ямартай ч хар нүхнүүдийн таталцал нь хүчтэй байгааг бид эхний ээлжинд тогтоосон. Эдгээр хар нүх томоохон гаригуудын хөгжилд гарцаагүй нөлөөтэй гэж таамаглаж байгаа” хэмээжээ.
Дашрамд, Америкийн физикч Ж.Уилер 1967 онд шинжлэх ухаанд хар нүх гэдэг нэршлийг оруулсан байдаг. Энэ нь гэрэл болон аливаа цахилгаан соронзон долгион нэвтрэн гарахааргүй маш хүчтэй таталцлын орон үүссэн огторгуйн орон зай аж. Үзэгдэх гэрлийг өөртөө татан шингээдэг учраас гаднын ажиглагчийн хувьд хүрээлэн буй харанхуй огторгуйн дэвсгэрээс ялгаран харагдах боломжгүй бөгөөд тиймээс л хар хэмээжээ. Хар нүхэнд хий, тоосонцрууд татагдан орохдоо хуйларч, халж, тэлснээр их хэмжээний цацраг ялгаруулдаг байна.