Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид өнгөрсөн бямба гаригт “Best of classics” тоглолтоо Чингисийн талбайд 5000 үзэгчийн хүртээл болголоо. Тоглолтын тайз, гэрэлтүүлгийг хариуцсан “Гэсү дизайн” компанийнхан тун оновчтой шийдлээр тайзаа томруулж, LED дэлгэцийн тусламжтайгаар театрыг санагдуулам дүрслэлийг задгай талбайд бий болгосон юм. ДБЭТ-ын дуучид, хөгжимчид, бүжигчдийн хамгийн шилдэг үзүүлбэрийг дээжилсэн энэ тоглолтыг 2400 хүнд хүргэхээр суудал зассан ч үзэгчид хуран цугласаар 5000-д хүрсэн тухай ДБЭТ-ынхан мэдээлсэн юм. Өнгөрсөн жил эл тоглолтыг анх удаа хийж байхад хүний санаанд багтамгүй үйлдэл хэмээн нэг хэсэг нь шүүмжилж байсан. Тэгвэл 500 суудалтай тоглолтын танхимаа арав дахин томруулах боломж жилдээ ганц удаа тохиож, ард олноо баярлуулсандаа уран бүтээлчид сэтгэл хангалуун байсан. Тайзаа илүү өндөр болговол араар суугаа үзэгчдэд хүртээмжтэй болох байлаа гэсэн шүүмжлэлийг ч зохион байгуулагчид хүлээн аваад буй. Шөнө дунд хүртэл үргэлжилсэн тоглолтыг гурван цаг гаруй шимтэн үзсэн үзэгчид болон тэднийг баярлуулахаар 24 цагийн турш бэлтгэл хийсэн уран бүтээлчдэд талархал илэрхийлье.