Сүүлийн гурван өдрийн өглөөг Ганбаатарын Ариунбаатар хэмээх бахархмаар дуучны бахдам амжилтаар угтаж, инээж, уйлж, баярлан хөөрч байна. Эхлээд түүнийг урлагийн олимп болсон энэ тэмцээнээс алтан медаль, тэргүүн байрын шагнал авлаа гэж бахархсан. Тэгвэл дараагийн өдөр нь түүний дуулахыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин үзэж браво хэмээн урамшуулж, бусад алдартнууд ч бахархан талархсан. Харин өнгөрсөн шөнө Монголын гайхамшигт дуучин П.И.Чайковскийн уралдааны гранпри шагналыг хүртэж 100 мянган ам.долларын эзэн боллоо. Түүнд шагнал олгох гол шийдвэрийг гаргасан домогт удирдаач В.Гергиев "Ариунбаатар бол энэ уралдааны онцгой дуучин" хэмээн хэлсэн. Энэ жил суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн мэндэлсний ойг эл уралдаантай хамтатган тэмдэглэхээр зорьж европын алдартай шүүгч нарыг урьсан юм. Монгол хүн дэлхийн сонгодог урлагийн төв болж, олимпийн бүх том шагналыг хүртлээ. Бас түүнийг Марийнский театрынхан урьсан гэсэн сураг бий. Олимпийн аваргаа эх орон нь хэрхэн хүлээн авч, Төр нь ямар хүндлэл үзүүлэхийг ирэх долоо хоногт харцгаая.