Зургаар дамжуулан Монгол хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, музейн ажилтнуудад арга зүйн мэдлэг олгох зорилгоор АНУ-ын Гленс Фалсс хотын Дэлхийн хүүхдийн музейн сурталчилгааны сан хөмрөг “Орон орны хүүхдийн гар зургийн цуглуулга Улаанбаатар хотноо” нэртэй үзэсгэлэнг Богдын музейд дэлгэлээ. Нью-Йорк хотын Метрополитан музейн ажилтан, Америкийн музейн холбооны гишүүн С.Ариун, Монголын музейн нэгдсэн холбооны боловсролын хөтөлбөрийн ажилтан М.Мөнхтуяа болон Богд хааны ордон музейн захирал О.Мэндсайхан нар зохион байгуулж буй уг арга хэмжээ бямба гариг хүртэл үргэлжилнэ.
С.Ариунаас хөтөлбөрийн талаар тодрууллаа.
-Монгол болон бусад орны хүүхдийн зургийн сэдвийн ялгаа юу вэ?
-Монгол хүүхдүүд авьяастай мөртлөө уул, хонь, гэр орноо л зурдаг. Харин гадаад хүүхдүүд зурахдаа чөлөөтэй сэтгэж илүү бүтээлч ханддаг.
-Музейн нэрэмжит тэмцээнээс Монгол хүүхдийн бүтээл шалгарч байсан уу?
-Дархан хотын 15 настай Чинзориг хүүгийн “Наадам” бүтээл шалгарч байсан.
Дэлхийн хүүхдийн музей нь 1963 онд байгуулагдаж, одоогоор 80 гаруй орны 7000 орчим музейн цуглуулгатай болоод байна.
Г.АРИУНТУЯА