“Фантастик” продакшны жүжигчин М.Баярбаттай ярилцлаа.
-“Хар сувдны нууц” кинон дээрх үйл явдлууд Вьетнамд өрнөдөг. Гаднын улсад кино хийхэд хүндрэлтэй зүйл их биз?
-Муу тал гэхээсээ ололт нь их. Улаанбаатар жижиг тул урьдны кинонуудад гарсан объектийг давхардуулах гэдэг хүндрэлтэй тал бий. Тиймээс Вьетнамын Ханой, Дананг хотод зураг авснаараа манай кино онцлог. Мэргэжлийн хулгайчид эртний хар сувдны хайрцаг олох даалгавар авсан тухай энэ кинонд өгүүлдэг. Вьетнамд хамгийн сайхан хар сувднууд байдаг гэдэг утгаар тус улсыг сонгосон. Хэл мэдэхгүйн бэрхшээл бага зэрэг байсан ч орчуулагч Өнөболд гэх залуу продюсерлэж, хоёр улсын уран бүтээлчдийг холбон, тэндээс мэргэжлийн гурван жүжигчин оролцуулсан. Дөрвөн гол дүрээс гадна найруулагч, зураглаач зэрэг киноны голыг нугалах 14 уран бүтээлч эндээс очиж, Вьетнам дахь монгол оюутнуудаас туслах ажилтнууд хөлслөн 30 орчим хүний бүрэлдэхүүнтэй ажиллалаа.
-Уг кинонд жүжигчин Г.Алтаншагай мухар Ганбаагийн дүрд тоглохдоо нэгэн танхай үгийг байнга хэлж байсан нь хүүхэд залуучуудын дунд моод болоод буй. Олон нийтэд хүргэж буй уран бүтээлд этгээд үг хэллэг хэрэглэх нь хэр зохистой юм бол?
-Алтаншагай ахаас энэ тухай асуусан нь дээр. Дүрээ амилуулахаар ажиллан өөрийнх нь нэмсэн үг байх. Ёс зүйгүй байж мэдэх ч, дүрээ тодотгохын тулд тохируулан хэрэглэж болох биш үү. Сайн эр, мэргэжлийн хулгайчийн дүр шүү дээ. Жинхэнэ хулгайчид тэр байтугайг хэрэглэдэг байх.
-Хэрвээ “Хар сувдны нууц”-д өгүүлдэг шиг их мөнгөтэй болбол юу хийх вэ?
-Энэ тухай бодож байгаагүй юм байна. Гэнэтийн тохиолдлоор олсон мөнгө бол хэсгийг нь сайн үйлсийн аянд зориулж, тусламж хэрэгтэй байгаа зовж зүдэрсэн хүмүүст хандивлана.
-Та ихэвчлэн муу залуусын дүрд тоглодог. Тэдний зан араншингаас танд жаахан ч болтугай байдаг уу?
-Уурладаггүй хүн байдаг гэвэл цөөхөн л байх. Өнөөгийн нийгэм ийм бухимдалтай байхад хэчнээн хүмүүжилтэй хүнд ч муухай аашлах үе гарна. Мэдээж дүрүүдээ би биеэрээ дамжуулж л илэрхийлж байгаа болохоор миний характеруудаас ганц нэг цухалздаг байх. Надад айхтар муу зан байхгүй гэж боддог. Гэхдээ өөрийн мэдэлгүй муу үйлдэл хийдэг ч юм бил үү, бүү мэд.
-Та холерик зан төлөвтэй гэсэн. Ийм темпераменттэй хүн ууртай, түргэн ааштай байдаг бил үү?
-Би ааштай, ааштай. Гэхдээ яг төлөвших насандаа яваа болохоор ямар үед аашлахаа мэддэг. Мэдээж юм бүхэнд хүлээцтэй хандаад байх боломжгүй. Тэсэж тэвчишгүй зүйл дээр аашаа гаргадаг аа.
-Тэгвэл ямар зүйлд тэвчилгүй уурладаг вэ?
-Доромжлолд их дургүй. Ялангуяа дэргэдэх хүмүүсийг маань дээрэлхээд, доромжлоод байвал дургүй хүрдэг. Түүнээс биш, намайг учир зүггүй цохиод авахгүй л бол элдвээр дуудахад барагтай бол уурлахгүй. Мөнгөтэй, сайхан өссөн хүмүүс дээрэнгүй байдаг юм шиг байна лээ.
-Зарим шар хэвлэл, цахим хуудсууд олны танил хүмүүсийн хувийн амьдралын талаар таагүй мэдээлэл бичдэг. Нэгэнт л олны нүдэнд ил амьдрах замыг сонгосон тул буруу зүйл хийж болохгүй гэж боддог уу, эсвэл хүн л юм хойно алдаж онохыг нь зөвтгөдөг үү?
-Шар хэвлэлүүд бусдын амьдралд хэтэрхий их оролцоод байх шиг санагддаг. Оролцож болох л байх. Ардчилсан нийгэм, сэтгүүлчдийн эрх чөлөө гэж их ярьдаг болж. Гэхдээ юм бүхэн хэр хэмжээтэй байх ёстой болов уу. Эр эмийг холбоод биччихэд худлаа байх тохиолдол олон байдаг. Ажил хэргээр уулзаж, эсвэл тааралдаад хамт яваа харагдвал буруу ойлгочихдог. Тэр хүмүүс ч гэсэн ардаа амьдралтай гэдгийг бодолцож үзээсэй. Урлагийнхан гэхээр л хүний ёсноос гажууд амьдардаг шиг санах юм. Адилхан л зүрх сэтгэлтэй. Барилгачин, дуучин яг адилхан ажлаа хийж байгаа. Ялгаа нь дуучин ажлаа хийхдээ зурагтаар гардаг.
-Тэгвэл та эмэгтэй хүнтэй хамт яваа харагдахаас айдаг уу?
-Тэрэнд санаа зовоод байдаггүй.
-Гүтгүүлж байсан уу?
-Хэд хэд гүтгүүлсэн ч хүндээр тусгаж авдаггүй. Бусдыг муулж, гүтгэж бичсэнээр ар гэрээ тэжээж байгаа байлгүй. Гэхдээ наанатай, цаанатай хандаасай.
-Эрчүүд нас ахихад юу өөрчлөгддөг вэ?
-Төлөвших насандаа төлөвших л хэрэгтэй юм билээ. Юм бүрийг хийж үз гэж байгаа юм биш. Гэхдээ эр хүн үзэх ёстой зүйлсээ үзэх л хэрэгтэй. Өөрийн биеэр алдаж онож, хор уршгийг нь мэдэрч байж ойлгоно. Ухаантай хүн бол төлөвшинө, эсрэгээрээ бол алдаандаа орооцолдоно.
-“Ялагдашгүй” олон ангит кинонд тоглохдоо нэгэн эмэгтэйг хутгалж хороодог доо. Хэдийгээр кино ч гэлээ тухайн нөхцөл байдлыг бодит мэт мэдэрч байж дүр амилдаг. “Хүн алах” ямар бол?
-Цагдаа ах нараасаа гэмт хэргүүдийн талаар сонсож, ойлголттой болсноор тоглосон нь тэр. Тэр үед яг юу мэдрэгдэж байсныг мартчихаж. Алуурчин гэж өөрийгөө бодоод, буруу мэдрэмж өөртөө суулгаад байхыг хүсдэггүй. Тэр мэдрэмж суугаад хоцорчихвол дараа нь хүн хутгалах ч юм бил үү.
-Аав тань урлагийн хүн болох хүсэлтэй байсныг та гүйцэлдүүлсэн гэсэн үү?
-Аав минь Ховдын Дарви сумын хүн. Хүүхэд байхдаа Зангад гуайтай хамт урлагийн сургуульд шалгалт өгөх гэж байсан гэдэг юм билээ. Урлагт их хайртай, “Миний явж чадаагүй замаар орлоо” гэж СУИС-д элсэхэд минь их баярласан. Харамсалтай нь, намайг оюутан байхад өөд болсон учир тоглосон кинонуудыг минь үзэж чадсангүй. Аав минь залуудаа волейбол их тоглодог байсан юм. Би ч гэсэн волейболоор хичээллэдэг. Есдүгээр ангидаа волейболын тэмцээнд оролцож, түрүүлэхэд аав ирж үзсэн. Тэгж л би аавыгаа ганц удаа жаахан баярлуулсан. “Бүүм таун”-ыхантайгаа хамтлаг дуучдын клипэнд тоглож байхад аав харж байсан. Гэхдээ бүх л цаг үед надтай хамт байх шиг санагддаг. Киноны нээлтийн үеэр энд, тэндээс хараад ч байх шиг мэдрэгддэг. Хэрвээ аав минь амьд байсан бол хүүгээрээ жаахан ч гэсэн бахархах байсан болов уу.
-Хоёр ах, эгчтэй, айлын бага байсан болохоор эрх үү?
-Ээжтэйгээ хамт амьдардаг болохоор одоо ч эрхэлнэ ээ. Цайны цагаар гэрийнхээ ойролцоо явж байвал хоол хийгээд өгөөч гэж залгана. Хааяа хувцсаа угаалгадаг. Эрхэлж байгаагийн нэг хэлбэр энэ байх. Гэрээсээ гарах бүртээ, бас орой ирээд үнсүүлдэг.
-Мөнгө тарих, бодол унших, хана нэвтлэх, өвчин эмчлэх чадваруудын нэгийг эзэмших болбол алийг сонгох вэ?
-Өвчин эмчлэхийг сонгох байсан. Бусдын зовлонг эмчилбэл улсдаа том хөрөнгө оруулна шүү дээ. Гэхдээ хүн эмчилдэг байсан ч урлагаа хэзээ ч орхихгүй.
-Сүүлийн үед юу хийж байгаа вэ?
-Бат-Өлзий ахын найруулж буй түүхэн драмын кинонд тоглож байгаа. Энэ тухай ярих одоогоор эрт байна.
Б.ДӨЛ