Соёл урлагийн их сургууль, Солонгосын МЕТАА компани, Монголын урлагийн зөвлөл хамтран Монголын нүүдэлчний соёл урлагийг гадаад, дотооддын үзэгчдэд сурталчлах зорилгоор Хүй долоон худагт жил бүр “Соёлын наадам” зохион байгуулдаг билээ. Энэ наадмыг 2008 оноос хойш 200 гаруй хүн хамтран сайн дурын үндсэн дээр зохион байгуулж ирсэн бөгөөд өдгөө Үндэсний их баяр наадмын өнгө төрхийг илэрхийлдэг чухал арга хэмжээний тоонд зүй ёсоор багтаад байна.
Энэ жил “Соёлын наадам”-ыг шинэлэг агуулга, сонирхолтой арга хэмжээгээр өргөжүүлэн, наадамчин олонд хүргэхэд Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороо дэмжиж, ХААН банк ивээн тэтгэж, хамтран ажиллаж байгаа аж. Долдугаар сарын 11, 12-нд “Соёлын наадам”-ын хүүрээнд “Сэрсэн тал” үндэсний урлагийн тоглолтыг зохион байгуулахаас гадна “Монголын нэг өдөр” соёл урлаг, гар урлалын хотхон байгуулж, Их Монгол, Монгол үндэстэн ястны өртөө, уран бичлэг, эсгий урлаг, ардын аман зохиол, нүүр будалт, хөрөг зургийн өртөө ажиллуулж “Морьтны гайхамшиг” шоу тоглолт хийх аж.