“Өглөө идсэн алим алт. Өдөр идсэн алим мөнгө” гэсэн үг бий. Алимны ач тус тийм бөлгөө. Энэ талаар мэдэхгүй хүнгүй биз. Гэхдээ алим сайн гээд хүссэн үедээ идчихээд, заримдаа мартаад, эсвэл турах зориулалтаар л хэрэглээд байвал өрөөсгөл. Мөн алим ач тустай гээд бөөн бөөнөөр нь “чихэх” ч буруу. Харин өдөр бүр тогтмол нэг алим идсэнээр урт наслах боломжтойгоос гадна хавдар тусах магадлал буурна гэж Флоридагийн их сургуулийн эрдэмтэд мэдээлжээ. Урт наслахын тулд эрүүл байх ёстой. Тэгэхээр алим таны хоол боловсруулах эрхтэн, судасны ханыг цэвэрлэж, “моторын” үйл ажиллагаанд сайнаар нөлөөлнө. Энэ бол эрүүлжиж буй хэрэг гэж тэд мэдээлсэн байна. Ингээд зогсохгүй алимны үнэр сэтгэл сэргээж, төв мэдрэлийн систем ч тайвшрах аж.
Алимны найрлага дахь полифенол, флавоноид хэмээх антиоксидант нь бие махбодид явагддаг исэлдэлтийн явцыг зохицуулах, зүрх, судасны ажиллагааг дэмжих зэрэг олон эерэг үйлчилгээтэй гэнэ. Мөн шинэхэн алимнаас хатаасан нь илүү үр дүнтэй гэсэн дүгнэлтийг судалгаандаа суурилан гаргасан америк эрдэмтэд алимаар эрүүлжих хоолны дэглэм боловсруулж буй аж.