Дуучин Д.Эрдэнэцэцэг агсны дуунуудыг сэргээн дуулж үзэгчдийн танил болсон Э.Болор-Уянга хоёр жилийн өмнө “Учралын эгшиг”, “Намуун байгаль”, “Чамайгаа оллоо”, “Зүрхэн чулуу” зэрэг бүтээлийг багтаасан “Дуулъя дурсъя” нэртэй цомог гаргаж байсан. Өөр мэргэжлээр ажиллахын зэрэгцээ хүсэл тэмүүллээрээ уран бүтээл туурвиж явсан энэ бүсгүй өдгөө бүрмөсөн урлагийн хүн болжээ. Энэ оны нэгдүгээр сарын 30-нд “River sound” клубт “Учралын эгшиг” бие даасан тоглолт хийсэн нь ч үүний илэрхийлэл байлаа.
Тэгвэл одоо Э.Болор-Уянга хэв маягаа эрс өөрчлөн, сонсогчдоо баярлуулахаар шийджээ. Энэ долоо хоногт түүний “Энэ миний огторгуйд” дууны клип цацагдах бөгөөд танигдахын аргагүй өөр болсон “халуухан” Э.Болор-Уянгын шинэ төрхийг эндээс харж болно. “Огторгуйд” дууны аялгууг “Ocean grey” студийнхэн, үгийг рэппер D.N.K зохиожээ. Клипийг нь “Соло медиа” студид хийж буй аж. Мөн тэрбээр 4-5 шинэ дуугаа дүрсжүүлэн үзэгчдийн хүртээл болгох зорилготой байгаа бөгөөд цаашид олон арван жил дуулагдах чанартай уран бүтээл хийж, эрч хүчтэй ажиллахаа амлаж байгаа юм.