“UB Ballet” сургуулийн мэргэжлийн ангийн сурагчид анхны бие даасан, бүрэн хэмжээний тоглолтоо хийхээр болж зар түгээжээ. ДБЭТ-ын дэргэд байгуулагдаж улмаар өргөжсөн “UB Ballet” сургуулийн мэргэжлийн ангид найман жилийн өмнө 10 сурагч элссэний зургаад нь ОХУ-ын Пермьд суралцахаар явсан бол үлдсэн дөрөв нь нэг ч удаа хичээлээ таслалгүй хичээллэсээр энэ жил мэргэжлийн балетын жүжигчид болж буй юм. Долдугаар сарын 5-нд Соёлын төв өргөөнд болох тайлан тоглолтынхоо үеэр тэд гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг, Ч.Ганчимэг, соёлын тэргүүний ажилтан С.Ганбат багшаасаа юу сурснаа үзүүлж, дэлхийн сонгодгуудад гоцлох юм. Тэдэнтэй “Түмэн эх” чуулгын эрэгтэй бүжигчид хамтрах аж.