Программ хангамж үйлдвэрлэгч томоохон компаниудын нэг болох “Microsoft” интернэт дэх зар сурталчилгаа хариуцсан салбараасаа татгалзахаар, мөн уг салбарын ажилтнуудын тоог 1200 орчмоор бууруулахаар төлөвлөж байгаа аж. Энэ тухай мэдээллийн “Bloomberg” агентлаг мэдээлжээ.
Тус агентлагийн эх сурвалжийн мэдээлснээр, “AOL” болон “AppNexus” интернэт-компани “Microsoft”-ийн зар сурталчилгааны бизнест хяналт тавих эрхтэй болох аж. Хувьцааг банкаар дамжуулан худалдах эсэх талаар одоогоор мэдээлээгүй байна. “Microsoft”-ийн ажилтнуудын зарим нь “AOL” болон “AppNexus” компани руу шилжих бол зарим нь өөр албан тушаалд шилжиж эсвэл халагдах ажээ.
“Microsoft” компанийн төлөөлөгчид дээрх мэдээлэлд хараахан тайлбар өгөөгүй байна.
Үндэстэн дамнасан хамгийн том цахим компаниудын нэг болох тус компанийг Билл Гейтс, Пол Аллен нар 1975 онд үүсгэн байгуулсан билээ. Программ хангамжийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч “Microsoft” нь 2014 оны зургадугаар сарын байдлаар нийт 128 мянга орчим ажилтантай байсан байна. Тус компанийн төв нь Вашингтон муж улсын Редмонд хотод оршдог.