Дундговь аймгийн музей их номч Зава Дамдин гавжийн гэр музейг сэргээн засахаар болсон байна. Энэ ажилд шаардагдах 3 сая төгрөгийг УИХ- ын гишүүн Б. Наранхүү өгч байгааг музейн захирал М. Бямбажав хэллээ.
Зава Дамдин гавжийн шавь Я.Гэмпилийн он удаан жил хадгалж ирсэн эд зүйлсэд түшиглэн энэ гэр музейг Зава Дамдин судлаач Х. Шонхор, тухайн үед аймгийн музейн захирлаар ажиллаж байсан Л.Мөнхбаяр, музейн ажилтан. Х. Цэрэндорж нарын хүмүүс үүсгэн байгуулж, 1996 оны 6 дугаар сарын 11- ны өдөр Дэлгэрийн Чойрын хийдэд нээж байсан түүхтэй.
Зава Дамдин гавжийн номын өргөөнд түүний эдэлж байсан дээл хувцас, номын ширээ, сандал,эргэнэг, бийр янтай,бурхан тахил, галын хайч тулга, тогоо шанага, хувин сав гээд 40 гаруй эд зүйлийг үзмэр болгон тавьснаар гэр музейг дэглэн байгуулсан юм. Эд зүйлс төдийгүй сүүлийн удаа халбагадаад орхисон бантангийн үлдэгдэл, цай давсыг хүртэл буй чигээр нь гэр музейд тавьсан байдаг.
Гэр музейг сэргээхдээ гол нь гэрийн ханыг засч, дээвэр туургыг шинэчлэх юм байна.