Эрс тэс уур амьсгалтай манай орны цаг агаар арьсанд их халгаатай. Хуурай газар, хурц нарнаас арьсаа хэрхэн хамгаалах вэ гэсэн асуулт хүн бүрт тулгардаг. Тэр дундаа аагим халуун зуны улиралд наранд арьс түлэгдсэнээс болж хөгшрөлт түргэсэх, хорт хавдар тусах магадлал өндөр байдаг аж.
Арьс нь хүний биеийг бүхэлд нь хучиж, чухал үүрэг гүйцэтгэдэг хамгийн том эрхтэн. Насанд хүрсэн хүний арьс биеийн гадаргын 1,5-2 метр квадрат талбайг эзлэдэг бөгөөд биеийн жингийн 15 кг орчмыг дардаг гэнэ. Тиймээс аялал, зугаалгаар явахдаа нарны хурц гэрлээс арьсаа хэрхэн хамгаалах, хамгаалалтын тосыг хэрхэн зөв хэрэглэх талаар зөвлөгөө хүргэж байна.
Шингэн зүйл сайн уух хэрэгтэй
Зуны халуунд хүн хамаг шингэнээ хөлсөөрөө гадагшлуулдаг болохоор шингэн зүйлийг сайн ууж байх хэрэгтэй аж.
Зуны энэ халуун хурц нартай үед гүзээлзгэнэ эсвэл өөр нэг жимс нухаж нүүрэндээ маск хэлбэрээр тавьж заншвал нарны хэт ягаан туяанаас арьсыг хамгаалж сэвх, нөсөө үүсэхээс сэргийлдэг байна. Та нэгэнт сэвхтсэн бол сэвтсэн хэсгээ нимбэгээр арчвал сэвх арилж бүдгэрдэг. Гэхдээ хэтрүүлж хэрэглэж болохгүйг санах хэрэгтэй.
Шоколад, кофег байнга уувал харлуулдаг гэдгийг сана
Шоколад, кофег байнга уувал арьсыг харлуулдаг гэдгийг санаарай. Тиймээс өдөр тутам хэрэглээд байх хэрэггүй л болов уу . Зарим бүсгүйчүүдийн нүүр зуны улиралд хөлрөөд будаг нь гялалзаж урсаад эвгүй харагддаг. Хэрвээ таны нүүр хөлрөөд таныг эвгүй байдалд оруулаад байвал салицилийн хоёр хувийн уусмалаар арчих юмуу нимбэг өргөст хэмхээр өдөрт хоёр удаа буюу өглөө оройдоо арчиж байвал энэ зовлонгоосоо бага ч гэсэн нимгэрнэ.
Нарны хамгаалалтын тосонд бүрэн найдахгүй байх
Өөрсдийн хэрэглэдэг нарнаас хамгаалах тосон дээрх SPF 8, SPF15, SPF 50 гэх мэт тэмдэглэгээг хэрхэн ойлгодог вэ?
Энэ нь Sun Protection Factor /SPF/ буюу нарнаас хамгаалах хүчин зүйл юм. Товчоор бол энэ нь нарнаас хамгаалах зүйл бөгөөд арын тоо нь таны тос таныг наранд түлэгдэхээс хэр удаан хугацаанд хамгаалах чадвартай вэ гэдгийг илтгэдэг юм. SPF –ын тоо олон байх тусмаа төдий чинээ удаан хугацаанд хамгаална гэсэн үг. Жишээ нь SPF 8 гэсэн тос SPF 4 гэсэн тостой харьцуулахад таныг нарнаас 2 дахин илүү хугацаагаар хамгаална гэсэн үг юм.
Хэт их хөлрөх, усанд сэлэх зэрэг нь арьсан дээрх хамгаалах тосыг багасгаж улмаар хамгаалалт багасахыг мөн анхаарах хэрэгтэй. Тийм учраас энэ тохиолдлуудад хамгаалах тосыг ойр ойр давтан түрхэх хэрэгтэй.
Түүний зэрэгцээгээр бас нэг анхаарах зүйл бол SPF хамгаалалт нь гагцхүү “В” хэт ягаан туяанаас хамгаалах чадвартай байдаг. Өөрөөр хэлбэл энэ нь “А” хэт ягаан туяанаас таныг хамгаалах чадваргүй гэсэн үг юм. Ямар ч нарнаас хамгаалах тос нарны бүх туяанаас бүрэн хамгаалах боломжгүй байдаг. Тийм учираас зөвхөн SPF хамгаалалт бүхий тосыг хэрэглэснээр нарнаас бүрэн хамгаалагдлаа хэмээн ойлгож огт болохгүй. Нөгөөтэйгүүр SPF огт хэрэггүй гэсэн ч үг биш юм. Гагцхүү та үүнийг нарнаас хамгаалах бусад аргатай хослуулан хэрэглэх шаардлагатай.
11-ээс 15 цагт нарны туяа хамгийн хортой болдог