Хоёрхон сантиметр өндөртэй ч, XIII зууны түүхийг “хүүрнэхээр” бидэнд үлдсэн ховор өвийн нэг нь энэхүү гарын тийз юм. Монголын эртний нийслэл Хархорум хотын туурийг 1948-1949 онд малтсан Монгол, Оросын хамтарсан археологийн хээрийн судалгааны ангийнхан, тэр дундаа эрдэмтэн Х.Пэрлээгийн илрүүлсэн олдворуудын нэг нь энэ юм.
Монголын үндэсний музейн Эртний улсуудын танхимд байдаг эл үзмэр 2х1.5 см хэмжээтэй. Ясан сийлбэрийг тухайн үеийн гарын тийз буюу нэвтрэх бичиг байсан хэмээдэг. Үүнээс гадна малгайн төв чимэг ч байж мэднэ хэмээн таамагладаг. Шувуу, согоо зэрэг амьтныг цувруулан, тойрогт багтаан дугуйруулж сийлсэн уран сайхны дүрслэл нь тун гайхалтай.
Мөн амьтдын хөдөлгөөн, биеийн харьцаа болон орон зайн хэмжээсийг нарийн тооцоолсон учраас монгол урчуудын авьяас чадварыг гайхуулах ховор урлалын тоонд зүй ёсоор багтдаг юм.
Ж.СОЛОНГО