Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг хэрвээ байдаг бол...
Тийм галт тэрэг байдаг аж. Энэ бол төгсөлтийн ойн уулзалт. 50 насны босго давсан ч ангийн нөхдөө 20-той үе шигээ төсөөлдөг. Нэгнээ харахад л хагас жарны тэртээх хөгжилтэй дурсамж, хөгтэй явдал нүдэнд
нь амилна. Уулзана гэсэн сургаар хоног тоолж, сэтгэл догдлон хүлээнэ. Ийм уулзалт л хүнийг бага насных нь дурсамж, догдлолтой учруулж чадна. Ялангуяа урлагийн хүмүүс ингэж уулзвал ямар их сэтгэл хөдлөлтэй байх бол.
Монголын үзэгчдэд “Говийн зэрэглээ” киноны Арслангийн дүрээр алдаршсан, театр урлагийн нэрт зүтгэлтэн, жүжигчин, найруулагч, багш Г.Доржсамбуу агсны анхны шавь нар энэ онд 30 жилийн ойгоо тэмдэглэж байна. 1981 онд Улсын багшийн дээд сургуулийн кино драмын ангийн 25 хүүхдийг багш нь өөрөө сонгож авсан гэдэг. Тэд энэ сард ойн баяраа тэмдэглэн, жүжигчин хэмээх мэргэжлийг өвлүүлсэн багшаа дурсаж байна. Ямар их алсын хараатай, урлагийн их мэдлэг, туршлагатай хүн байсныг амьдралд хөлөө олох гэж явахдаа ойлгож байсан тухайгаа шавь нар нь дуу нэгтээ хэлж байв. Энэ ангиас л одоогийн театр урлагийн томоохон төлөөлөгчид төрсөн аж. Багш нь найруулагч мэргэжилтэй хүн байсан учир нэлээд олон хүн найруулагчаар ажиллаж буй юм байна. Зөвхөн жүжигчин, найруулагч гэлтгүй боловсролын болон бизнесийн салбарт амжилттай яваа хүмүүс ч энэ ангид олон бий.
“Багш минь биднийг үнэхээр мэргэжилдээ дур сонирхолтой болгосон. Тэр үед Л.Чаминчулуун багш маань дөнгөж сургууль төгссөн шинэхэн багш байлаа. Н.Цэвээнравдан багш бидэнд тайзны хөдөлгөөн заадаг байсан. Ардын жүжигчин Б.Мөнхдорж, Н.Сувд зэрэг мундаг хүмүүсээр хичээл заалгаж байсан азтай” гэж бахархан ярьж суусан юм.
Өнөөдрийг хүртэл урлагийн салбартаа үнэнчээр зүтгэж байгаа энэ ангиас урлагийн гавьяат зүтгэлтэн гурав, гавьяат жүжигчин нэг төрсөн аж. Тэр ч байтугай Монголын анхны дэд мисс энэ ангийн оюутан гэнэ. Ийм нэг ангийн түүх, дурсамжаас уншигчидтайгаа хуваалцъя.
Багш Г.Доржсамбуу агсан оюутнууддаа мэргэжлийн хичээлээс гадна цаг барих болон хамт олон, ах, эгч нараа хүндэтгэх гээд амьдралд тустай олон эрдмийг заасан гэнэ. Багш ангид орсон л бол араас нь нэг ч хүүхэд орох эрхгүй байж. Цаг баримтлахдаа хамгийн сайн нь С.Лхагвасүрэн байсан тул цаг бүртгэгчийн албыг хашдаг байжээ. Тэрбээр хоцорч ирсэн хүүхдийг тэтгэлгийн мөнгөөр нь торгодог чангахан үүрэг гүйцэтгэдэг байжээ. Тэр мөнгөө банкинд хадгалаад сургууль төгсөх үедээ долоон сая төгрөгтэй төгссөн гэнэ.Одоогийн 70 сая төгрөгтэй тэнцэхүйц энэ их мөнгийг тухайн үед үрэх юм олддоггүй байжээ. Хааяа нэг зугаалах, ангиас зохиож буй үйл ажиллагаа бүрийг тэр мөнгөөр санхүүжүүлдэг байсан гэнэ. Нэг минут л хоцроход тэр өдрийн бүх хичээлийг тасалсанд тооцдог байжээ. Ариун цэврийн өрөөнд уруулаа будаад ороход л тасласанд тооцогддог.Тэр ч байтугай, арын ширээн дээр унтаж байсан хүүхэд хүртэл тас авч байсан тохиолдол бий. Хэдий нэг өдрийн хичээлийг тасалсанд тооцуулсан ч хаалганы цаанаас багшийнхаа ярихыг сонсож өнгөрүүлдэг байсан гэнэ.
УДЭТ-ын дарга Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу дөрвөн жил энэ ангийн даргын албыг хашсан ч ангийнхныхаа нэг насны дарга. Насаар хэд ах болоод ч тэр үү бүгд түүнийг ахаа хэмээн хүндэтгэнэ. Тэрбээр сургууль төгсөөд Баянхонгор аймгийн театрын захирлаар томилогдон ажиллаж байжээ.
Нэг өдөр унтаж байсан Л.Ганхуягийг “тас” гэж бүртгэсэн гэнэ. Цочоод сэрсэн хүн сандран “Хүүе ээ би байна шүү дээ” гэхэд “Тэгж ярихгүй ээ, тас” гээд багахан зодоон болжээ. Энэ үеэр унтамхай Л.Ганхуяг ангийн даргынхаа зүүн гарын эрхий хурууг гэмтээв. Дараа нь зодоон хийсэн хоёр нөхрийн асуудлыг ангийн хурлаар авч хэлэлцэн, эвлэрүүлж байсан гэнэ. “Яаж ч муудсан эвлэрэх зай үлдээж бай” гэдэг бол энэ ангийн бас нэг “дүрэм”.
Ангийн эвлэлийн үүрийн дарга, “Загийн алим” киноны Хүдэрт тоглосон Д.Батбаяр “Биднийг сургууль төгсөж байсан тэр үед нийгмийн амьдрал их хэцүү байсан юм. Зах зээл эхэлж байсан болохоор урлагаа хөөгөөд эхнэр хүүхдээ хоосон байлгах уу, амьдралаа бодох уу гэдэг сонголт хийх хэрэгтэй болсон. 1993 он хүртэл жүжигчнээр ажиллаад завсарласан. 1990 оны үед багш маань Энэтхэгийн нэг жүжгийг найруулан тавьсан юм. Түүнийхээ гол дүрийг надад өглөө. Хөдөөнөөс орж ирсэн болохоор гэр орон байхгүй хэцүү байсан. Тэгээд л тэр жүжгээ гуравхан удаа тоглоод багшдаа болилоо гэсэн өргөдөл өгсөн. Тэгсэн багш өргөдлийг минь нүүр рүү шидчихдэг юм байна. Дараа нь намайг ойлгоод “Орон байртай болохоороо ирээрэй” гээд явуулсан. Тэгтэл Армийн театраас надад хоёр өрөө байр өгнө гэхээр нь очоод жүжигчнээр орсон юм. Гэтэл маргааш нь л “Бос, жагсаад, нэг, хоёр” гэдэг юм байна. Би ч тэр үед залуу байж, хурц байж. Тэгээд хурал дээр нь “Би ингэж ажиллаж чадахгүй ээ” гээд гараад явж байсан. Дараа нь хэсэг хувиараа ажиллаж байгаад ангийн анд Ганхуягтайгаа нийлж “Эр хүн болгож өгөөч” гэдэг жүжгийг анх тайзан дээр тоглож байлаа. Одоо тэр зохиол маань кино болчихсон шүү дээ”.
Ангийн хамгийн хөөрхөн охин, Монголын анхны дэд мисс, жүжигчин Д.Цэнгэл “Сургуулиа төгсөөд тэр үеийн Вариата театрын найруулагчаар ажилласан юм. Тэр үед “Мандухай цэцэн хатан” киноны Боргочингийн дүрд тоглож байлаа. Нэг хэсэг амьдралын шаардлагаар бизнесийн салбарт ажилласан ч одоо найруулагчаас гадна хэд хэдэн дэлгэцийн бүтээлд гол болон туслах дүр бүтээлээ. Тухайлбал, “Ус дээшээ урсдаг”, “Саятан болгох дамжаа” зэрэг кинонд тоглосон юм.
Манай анги тэр үед хагас цэргийн зохион байгуулалттай, их дэг журамтай байлаа. Би ганцаараа ангидаа уруулын будагтай байж билээ. Түүнийгээ гаргаад будахаар л охидууд “Би нэг будъя” гэсээр долоо хоногийн дараа дуусдаг байсан. Уруулаа будаад л эргээд харахад ангийн хаалга хаагаад, Цэнгэл тас гэчихсэн байдаг. Нөгөө тэтгэлгийн хэдэн төгрөг “будаа”. Би чинь оюутан байхдаа хүүхдээ гаргачихсан, хэцүү үе байсан юм. Одоо Лхагваа, Самбуу ах хоёрт хэлэхэд заримдаа арай ч хатуу байдаг байсан шүү.
Оюутан байхдаа Дон дон гэдэг хочтой байсан найруулагч Л.Алтантуяа “Би энэ ангийн хамгийн “хөдөөний” хүүхэд нь байлаа. Тэгээд сургуулиа төгсөөд Налайхын соёлын ордонд найруулагчаар томилогдон ажилласан юм. Тэр үед би их жижигхэн биетэй, залуу хүүхэд байж нэг их том албан тушаалд оччихсон. Жүжигчдээ удирдаад ажиллаж чадахгүй хэцүү байлаа. Тэгээд л багшдаа очоод уйлдаг байсан юм. Г.Доржсамбуу, Н.Цэвээнравдан багш нар маань надад яаж ажиллах, хүмүүстэйгээ яаж харьцахыг зааж өгч байсан. Сургуулиа төгссөн хойноо ч багшаасаа суралцсан хэвээр л байсан даа.
Би Налайхад байхдаа хуримаа хийлээ. Тэндхийн соёлын ордонд хуримлах болсноо гурав хоногийн өмнө мэдсэн юм. Хуримын урилгаа багшдаа урд өдөр нь өгдөг юм байна. Тэгээд би ирэхгүй байх гэж бодож байтал багш маань замын унаанд дайгдаж, машин дамжин явсаар орой болсон хойно ирэв. Тэр үед хуримын үйл ажиллагаа дуусаад гэртээ хамт олноо хүлээж авч байтал орж ирсэн. Тэгээд л шөнөжин гитар тоглоод дуулж, хуурдан өнгөрөөж байлаа”.
Энэ ангид бахдан ярих дурсамж олон бий. 34 жил ханилсан хос ч байдаг аж. Бас нэг онцлог нь улаан дипломтой төгссөн хоёр жүжигчин байдаг гэнэ. Тэр үед бүх талаараа “онц” хүн л улаан диплом өвөртлөдөг байв. Тэд бол Д.Батбаяр, Д.Ганхуяг нар гэнэ. Тайз, дэлгэцийн бүтээлд нэрээ мөнхөлж яваа энэ хамт олон 30 жилийн ойн хүрээндээ багагүй ажил төлөвлөсөн юм байна. Тухайлбал, ангийн тайлан тоглолт, монтажны зургийг дахин хийлгэх мөн ангийнхаа “Хамгийн Хамгийн”-ыг тодруулах аж.
Х.АЗЖАРГАЛ