Ардын жүжигчин А.Очирбатыг Итгэлт баянаар нь, гавьяат жүжигчин Б.Магсаржавыг Равсал панзаар нь үзэгчид хайрлан хүндэтгэдэг шиг 2000-аад онд гарсан “Овжин охид”, “Өндөглөдөг шарсан тахиа” киноны бүтэлгүй Сампилын дүрээр нь хүмүүс жүжигчин Ганзоригийг мэддэг. Магадгүй, түүнийг өтөлсөн ч Сампил нэр насан туршид нь дагах биз ээ. “Маск продакшн”-ы жүжигчин Ц.Ганзоригтой ярилцсанаа хүргэе.
-Найруулагчид таныг нэг өнцгөөс л хараад байх шиг санагддаг. Киноны саналыг ямар шалгуураар хүлээн авдаг вэ?
-Надад инээдмийн голдуу дүр санал болгодог. Тэрийг нь амилуулж чадах нь уу, тухайн кинонд миний хувь нэмэр хэр байна вэ гэдгийг сонжино. Сүүлийн үед инээдмийн гурван ч кинонд оролцлоо. “Академи авардс”-аас шилдэг эвлүүлэгчийн шагнал авсан “Учрал” кинонд ааваасаа болж хайр нь бүтэлгүйтсэн тул дүүгийнхээ хайр сэтгэлийг өмөөрсөн залуугийн дүрд тоглосон. Б.Чингүүн найруулагч намайг арай өөр өнцгөөс харж сонгосон байна лээ. Амьдрал үзээд ирэхээр дүрүүддээ үнэн сэтгэлээсээ ханддаг шиг санагддаг. Ганц бие, хөнгөмсөг, будилж яваа залуу, эсвэл нууц амрагийн дүрд өмнө нь тоглож байсан. 20 дөнгөж гарч байсан болохоор тийм дүрүүд надаас арай л хол байсан бол одоо амьдралд алдаж оноод ирэхээр эргэцүүлж, дүрдээ үнэн бодит хандаж байна. “Чи хошин урлагийн төрлөөр л ажиллаад байх юм. Яагаад кинонд тоглохгүй байгаа юм бэ” гэж энд тэнд таарсан хүмүүс асуудаг. Хошин урлагаас илүү ихийг суралцах хэрэгтэй юм шиг байна. Би кинонд их хайртай. Яагаад гэвэл Ж.Биндэр найруулагч миний нэрийн хуудас болсон кинонд тоглуулж, урлагт хөтөлсөн.
-Түүний кинонд тоглох завшаан хэрхэн олдсон бэ?
-Кино урлагийн дээд сургуулиа улаан дипломтой төгсөхөөр өөрийгөө мундаг гээд ойлгочихдог. Тэгтэл Ж.Биндэр ахын “Адтай дамшиг”-т тоглохдоо киноны бэрхшээл, жаргал зовлонг мах, цус, хөлсөөрөө мэдэрсэн. Уг нь би “Овжин охид”-д туслах найруулагчаар ажиллах ёстой байсан юм. Эхний зураг авалтыг натурт авахад би явж амжаагүй. Надтай хамт охидыг чадах гээд чадуулдаг тарган залуу уг нь Сампилын дүрд тоглох байсан юм. Нэг л болж өгөхгүй болохоор тэр үү, Ж.Биндэр ах “Чи тогло” гэсэн.
-Тэгвэл тухайн үед тоглох саналаас нь татгалзсан хэрнээ үзээд зөвшөөрөхгүй яав даа гэж харамсаж байсан бүтээл байдаг уу?
-Ж.Биндэр ахын “Сүүгээр ариусдаг хорвоо”-д Э.Гантулга тоглож, хоёр дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмаас шилдэг эрэгтэй дүрийн шагнал авч байсан. Ж.Биндэр ах намайг таван киноны гол дүрд тоглуулна гэж байсны нэг нь тэр. “Сүүгээр ариусдаг хорвоо” бол хөдөөгийн сайхан сэтгэлт залуугийн тухай уянгын эмгэнэлт кино. Би хотын царайтай ч юм шиг, алийн болгон хөдөөгийн эрийн дүрд тоглох вэ гэсэн залуу насны ааг омгоор онгирч, одонцрын зан гаргасан уу, тоглоогүй юм. Ж.Биндэр ахыгаа гомдоочихож дээ гэж одоо их харамсдаг. Ж.Биндэр ах “Хотгойдын Чингүнжавын тухай түүхэн кино хийнэ. Цэргүүдийнхээ төлөө амиа золиослодог баатрын дүрд чамайг тоглуулна” гээд л зохиолоо ч бичээгүй байхдаа нүдэнд харагдтал ярина. Би ч амтанд нь орчихсон.... Хэрвээ амьд байсан бол тэр киногоо хийх хугацаа нь одоо яг болчихсон, тоглож байгаа байх даа гэх харуусал төрдөг юм. Уран бүтээлч нэг алдаж болох ч хоёр дахиа алдах эрхгүй.
-Танд ямар дүр зохихгүй гэж боддог вэ?
-Уг нь тохирохын төлөө л хичээх хэрэгтэй. Би инээдмийн киногоор карьераа эхлүүлээд хошин урлагт зүтгэж явна. Уран бүтээлчид өөрөөсөө хол дүр рүү зүтгэдэг. Тэгэхээр эсрэг дүр юм уу, уран бүтээлч бүрийн хүсдэгчлэн түүхэн кинонд тоглох юмсан гэж боддог. Найруулагчид “Хошин урлагийнхныг кинонд тоглуулахаар хэт маазардаг, дэмий” гэдэг байлаа. Одоо кино урлаг хөгжөөд, найруулагч бүр өөр өөрсдийн жүжигчидтэй болжээ. Хошин урлагийнхан дийлэнх кинонд л тоглож, үзэгчдийг уйлуулж, дуулуулж, инээлгэж чадаж байна. Кино урлагтаа эргэн орох хэтийн төлөвлөгөө надад бий.
-Хошин урлагийнхныг маазардаг гэлээ. Танд хошин урлаг ямар өгөөж өгсөн бэ?
-Хөндлөнгөөс дүгнэсэн хүмүүс муулаад л байдаг. Үнэндээ үзэгчдийн сэтгэлийг баясгаж чадаж байна шүү дээ. Хошин урлаг уран бүтээлчдийг “задалдаг” гэж боддог. Нэг тоглолтод таван үзүүлбэр толилуулахад жүжигчид тэр тооны өөр орчинд, өөр сэтгэхүйд амьдарч, үзэгчдийг инээлгэн байлдан дагуулдаг. Тиймээс жүжигчнийг хөгжүүлдэг хошин урлагаараа бахархдаг.
-Инээд хөөрөөр дүүрэн гэдэг утгаараа гоё ажил гэж боддог. Танд залхах, уйдах үе байсан уу?
-Шантарч байснаас залхаагүй. Тухайн хөгжим, чимэглэлийн нөлөөгөөр үзэгчдийг уйлуулах амархан ч инээлгэх хэцүү. Тэр тусмаа ар гэрт ямар нэгэн асуудал гарсан үед хүн инээлгэнэ гэдэг аймшигтай. Үүнийг яаж мэдэрсэн бэ гэвэл, биднийг тоглолттой байх үед Эрдэнэзаан ахын ээж бурхан болсон юм. Ээжийгээ дөнгөж хөдөөлүүлчихээд тоглох гээд сууж байхад бидэнд их эвгүй байлаа. Хөндлөнгөөс харсан бидэнд тийм хэцүү байхад эхийгээ алдсан хүнд ямар байх нь ойлгомжтой.
-“Маск”-ын бусдаасаа ялгарах онцлог нь юу вэ?
-Хүмүүний сэтгэл рүү өнгийдгөөрөө, газар шорооныхоо төлөөх тэмцлийг, сэтгэлийг үзүүлбэр бүрээсээ үнэртүүлдгээрээ манайх эх оронч. Боломж олдвол үзэгчдэд хэлье гэж боддог байснаа энэ завшаанаар дуулгая. Бид үзэгчдийг инээлгээд маазраад л байдаг юм биш л дээ. Ямар нэгэн намын тухай бодоогүй хэрнээ хүмүүсийн үзэл бодолтой нийцэхээр номер толилуулахаар “Намд үйлчиллээ. Наадхаа боль” гэж эрх мэдэлтнүүдээс шахалт ирж, биднийг хараат болгох гэдэг тал бий. Гэхдээ л бид өөрсдийгөө ард түмний дуу хоолой гэж бодож, зоригтой тоглодог.
-“Хүргэн хүү”-гийн Жамц баян, “Хөдөөгийн баясгалан”-гийн Ширнэнгийн дүрээр үзэгчдийг сэтгэлд хоногшсон Доржийн Найдан таны өвөө юм билээ. Өвөөгийнхөө юуг дуурайхсан гэж хүсдэг вэ?
-Дөлгөөн зан ааш, ерөнхий байгаа байдал чинь өвөөтэйгөө төстэй юм гэж урлагийнхнаас сонсож байсан. “Хөдөөгийн баясгалан”-гийн өвөөгийн дүр шиг, өвөөтэйгөө ямар адилхан юм бэ гэж хүмүүс хэлтэл нь монгол төрх харагдсан дүрд тоглохсон гэж боддог. Гэхдээ би өвөөгөөсөө их хол, хөдөө өссөн. Хамтарч ажиллаж байсан уран бүтээлчдээс нь л түүнийг ямар хүн байсан талаар сонсдог.
-Бид хүүхэд байхдаа онц сурахсан гэж, дараа нь сайн их сургуульд элсэхсэн, тэгээд хүссэн ажилдаа орох юмсан гэж хүсдэг. Танд сайхан ажил нэр хүнд, гэр бүл байна. Одоо та юу хүсэж байна вэ?
-Хүний зорилго хязгааргүй юм билээ. Санаа зөв бол заяа зөв гэдэгчлэн миний мөрөөдөл яг бодсоноор биелдэг байсан. КУДС-д элсэнэ, кинонд тоглоно гэсэн хүсэл цөм бүтсэн. Тэгээд Монголын залуучуудыг байлдан дагуулахаар час хийсэн олон ангит кинонд тоглох юмсан гэж бодож явахдаа “Мөрөөдлийн хөлөг онгоц”-д дүр бүтээсэн. Одоо дөрвөн хүүхдээ сайн хүн болгохсон, сайхан амьдруулахсан, би багадаа ингэж тэгж алдсан болохоор тэднээр давтуулж болохгүй гэх мэтээр гэр бүлээ их бодож байна.
Дэлхийн кинонд тоглох зам монгол жүжигчдэд нээгдэж эхэллээ. Би ч гэсэн тэдний адил гадаадын кинонд тоглохыг хүсэж байна. Үүний тулд хувь уран бүтээлч өөрийгөө боловсруулах хэрэгтэй.Эхний ээлжинд булчин шөрмөстэй болъё гээд бие бялдраа хөгжүүлж байна. Би нэг хэсэг их таргалж, есөн кг хасаад байна. Өөрийгөө зоригжуулахгүй бол тэнтгэр тарган амьтныг хэн кинондоо урих юм бэ. Яагаад турахаар шийдсэн бэ гэвэл нэг хүн “Хошин урлагийнхан овоо амжилтад хүрэхээрээ бүгд таргалаад, биеийн гажгаараа тоглодог” гэж хэлснийг дуулснаас хойш өөртөө дүгнэлт хийлээ.
-Маргаашийн төлөө өнөөдрийг золих нь зөв үү?
-Би багадаа маргаашийн ажлаа төлөвлөж тэмдэглэл хөтөлдөг байсан. Маргааш ажил эхлүүлэхийн тулд өнөөдөр эхлэлийг нь заавал тавих ёстой гэж боддог. Маргааш нь чухал ажил хөөцөлдөх болбол хар өмд, цагаан цамцаа угааж, индүүдэх жишээтэй.
-Танд өөрийгөө ч танихаа больсон үе байсан уу?
-Одоогоос есөн жилийн өмнө сахиус авч бөө болсноор нэг хэсэг өөрийгөө ч танихаа больсон. Хүн аливаа шинэ ажил эхлүүлэхээрээ аархдаг даа. Би бөөгийн өвчин туссан ч юм уу даа, зөвхөн бөө хийж, жүжигчин байхаа ч больё гээд нэг хэсэг ямар ч зорилгогүй хүн болсон. Тэгснээ гэнэт “Юу вэ, Ганзориг оо. Хүн бөөлөөд амьдрахгүй шүү дээ. Бөө гэдэг удмын өвөг дээдсээ аргадаж анхаарахын зэрэгцээ зорьж ирсэн хүнд буян үйлддэг. Хар залуугаасаа бусдын зовлон зүдгүүр, нулимстай хутгалдах нь харамсалтай. Больё, энэ ажлаа цэгцэлье” гэж шийдэж, онгод шүтээнийхээ учир начрыг жилийн дотор олсон. Тэгээд гэнэт уран бүтээл рүүгээ орох гэтэл миний үзэл бодол хүртэл тэс өөр болсныг ажигласан. Болохгүй, бүтэхгүй юм бүрийг бөөтэй холбож үзээд л мухар сүсгээр хандана. Бөө болох явцдаа бүхнийг хардаг үздэг, мэддэг чаддаг гэж жаахан онгироо зан ч гаргасан. Түүнийгээ өөрөө ч мэдээгүй явтал Ааяа эгч ойлгуулсан. “Ганзо, чамайг бодоход арай олон оймс элээсэн хүний хувьд эгч нь чамд нэг юм хэлье. Миний үгийг хүлээж авах, эсэхээ өөрөө л мэд. Бөө болсон хүн онгодоосоо шалтгаалж онгирдог тал байдаг шүү. Онгироод байвал эргээд онгодууддаа тонгоруулна. Юманд өртөв” гэж ухаантай үг хэлснээс хойш нээрэн ч тийм юм байна гэдгийг ойлгож, өөрийгөө таньсан.
-Бөө болсноор амьдралыг үзэх үзэлд тань өөрчлөлт оров уу?
-Хүн хүнээ хайрлан дээдлэх, тус дэм болох ухамсрыг хамгийн түрүүнд олж авсан. Би хүнийг хайрлаж байж өөрийгөө хайрлуулна. Ах захаа хүндлэх ёсыг дээдэлж байгаа. Бусадтай муудахыг хүсдэггүй. Бөөлж биш юм гэхэд, миний дэмжлэг хэрэг болсон хүнд чадах ядахараа тусалж байхсан гэж боддог.
-Танд ихэвчлэн ямар хүмүүс үзүүлдэг вэ?
-Зарим хүний хувьд би “Хоп” гээд л мөнгө гаргаад өгөх ид шидтэн бололтой. Ирдэг хүмүүсийн дийлэнх нь мөнгөтэй болмоор байна гэж биеийн амрыг бодсон юм гуйдаг нь сонин санагддаг.
-Эр хүний ноён нуруу хаана хугардаг гэж боддог вэ?
-Эр хүн сэтгэлийн хаттай байх ёстой. Өөрт тохиолдсон зовлонг бусдад нялзаалгүй, өөрөө шийдэх асуудлаа өөрөө л хариуцах ёстой. Бид хүний өмнөөс амьдарч байгаа биш дээ.
-Таны ноён нуруу хугарч байсан уу?
-Одоогоор үгүй. Харин шантрах гээд байдаг тал бий.
-Эмэгтэй хүн нууцлаг байхдаа хүчтэй гэдэг юм билээ. Эрэгтэйчүүд ямар байвал хүчирхэг вэ?
-Алсын хараатай, даруухан ухаалаг байх тусмаа хүчирхэг. Надад төрүүлснээс гадна өсгөсөн аав бий. Эр хүн яг л намайг өсгөсөн аав шиг байдаг болов уу гэж санадаг. Надад үлгэр жишээ үзүүлдэг бодь хүн. Аливаа аахар шаахар асуудалд шалчиганахгүй, ямар нэгэн бэрхшээл тохиолдвол зүрхэнд ортол хэлдэг. Ажил мэргэжлээс минь шалтгаадаг юм болов уу би лав тийм байж чаддаггүй, их дэгдэгнүүр. Аяндаа, 40 хүрээд буурь суурьтай болох биз ээ.
-Сүүлийн үед гэр бүл салалт энэ нийгэмд түгээмэл байна. Салалтын хамгийн гол шалтгаан юу вэ?
-Ерөөсөө л хосуудын итгэл сэтгэл, хоорондын харилцаан дээр амьдрал тогтдог. Би ч хүн шиг дардан замаар явсангүй, салж байсан. Нэгнээ хүндэлж, хэлсэн үгийг нь чихнийхээ хажуугаар өнгөрөөж байх хэрэгтэй.
-Чадвараас гадна ерөнхий байгаа байдал дүрд сонгогдоход чухал. Тухайлбал, Ц.Цэрэнболд ах зангарагтай эр, сайн аавын дүрд их тохирдог. Та арай өөр төрхтэй байсан бол гэж бодож байв уу?
-Тийм ээ, хүний байгаа байдал, характер уран бүтээлд нөлөөлдөг. Ганзоригоос тэс өөр дүр гаргахын төлөө зүтгэдэг ч уурлахдаа яаж уурладаг, инээхдээ хэрхэн инээдгээ л үзүүлдэг. Яах вэ найруулагч тухайн хүнээ бага зэрэг өөрчилж болох ч дүрээ сайн наалдуулахгүй бол хуурамч харагддаг. Өөр төрхтэй байсан ч болоосой гэж бодож байгаагүй юм байна.
-“Маск” хамтлаг анх байгуулагдахад нь л орсон уу?
-“Би хэн бэ” гэдгээ мэдэхгүй, урлагаа орхих уу, үгүй юү гэж яг эргэлзэж байхад “Маск”-ынхан намайг зорилготой болгосонд баярладаг. Заанаа ахыг ярихад “Пээ, ашгүй ажилд орлоо” гэж бөөн баяр болсон. Очоод уулзтал сайхан хүлээж авч “Чамайг уран бүтээлээр нь мэднэ. Манай энэ удаагийн тоглолтод ороод үзэх үү” гэсэн. Бэлтгэлдээ хоцроод очиход “Чи цаг барьдаггүй юм уу” гэж зэмэлсэн. “Морио гомдоосон монгол” анхны тоглолтдоо орсны дараа “За чамайг үндсэн жүжигчнээр авъя. Уран бүтээлч сэтгэлгээ байна” гэж байлаа. “Маск”-т эрэгтэй уран бүтээлч хэрэгцээтэй үед Гэрлээ намайг санал болгосон юм билээ. Ороод жил болонгуутаа Урлагийн ажилтны баяраар Соёлын тэргүүний ажилтан болоход үзэгчид уухайлаад, би их баярласан шүү. “Маск”-т ороод хоёр жил дараалан байгууллагын аварга, шилдэг жүжигчний шагнал авлаа. Урлагийн буян их шүү, ажил хурдан бүтдэг, цаг хугацаа товчлуулдаг. Энэ муу хөөрхөн царай ногоон карт л гэсэн үг шүү дээ.
Б.ДӨЛГӨӨН