“Өнөөдөр таван настай хүүхдэд ганцаарчилсан хичээл зааж байтал ээж шиг нь санагдсан бололтой, мөөм илээд байх юм. Би ч мэдээгүй царайлаад яахыг нь ажиглатал сүүлдээ бүр хоёуланг нь атгаад, хөхөх нь ээ. Тэр хүүхдийн жижигхэн гар одоо ч мэдрэгдэж байна. Хүүхэд гэдэг тийм хөөрхөн, ийм их эрч хүч бэлэглэдэг” хэмээн “Хүмүүс” булангийн зочин, соёлын тэргүүний ажилтан Т.Карма хэлсэн. Урлагтай холбоотой арга хэмжээ бүхэнд л ёс юм шиг гардуулж байдаг, арилжааны зарим дуучны нэрний урд бараг л дагуул болтлоо үнэгүйдсэн соёлын тэргүүний ажилтан гуншинг манайх сониндоо болж өгвөл бичдэггүй юм.
Гэхдээ жүжигчин Кармад үнэ цэнээр олдсон уг цолыг нэрнийх нь урд хэдэнтээ ч бичсэн болмоор. Тэрбээр өдгөө хүүхдийн хөгжил, хэл яриа, авиа зүйн сургалт явуулж байгаа юм билээ. “Ховор хүмүүс”, “Сахиул уу, сахиус уу”, “Хачин хүн”, “Тань руу нүүж явна”, “Ацаг шүдний зөрөө” тэргүүтэй 20 гаруй киноны гол болон туслах дүр бүтээсэн тэрбээр тоглосон киноны нэр шигээ ховор, чадварлаг дуун хөрвүүлэгч, бас хачин хүн. Хэн намайг юу гэж бодох бол гэдэгт огтхон ч санаа зоволгүй өөрийнхөөрөө л амьдарч чаддаг түүнийг ховор, бас хачин гэхгүй өөр юу гэх вэ.
-Буддын шашинд үйлийн үрийг карма гэдэг байх аа. Танд энэ нэрийг хэн юуг бэлгэдэж өгсөн бэ?
-Нэгдүгээр төрөхөд Халимагаас урилгаар ирсэн их эмч намайг эх барьж авсан юм билээ. Тэр хүн энэ нэрийг өгтөл ээж “Хүүе охинд чинь ийм сонин нэр хайрлах гээд байна” гэж аавд хэлсэн юм байх. Манай аав таван настайгаасаа хийдэд суусан, түвд, санскрит хэлтэй, боловсролтой хүн учир утгыг нь мэдээд “Нэгэнт эх барьсан ээж нь өгсөн юм бол өөрчлөхгүй” гэсэн. Хүмүүс казах нэр гэж бодоод байдаг юм. Гэрийнхэн түвд нэр гэж тайлбарладаг байсан ч учир утгыг нь хожим өөрөө олж мэдсэн. Хүн хийсэн үйлийнхээ үр төлөөр амьдардаг гэдэг болохоор энэ муу ч нэр биш л дээ. Гэхдээ хүний үйлийн үрийг хамт үүрэх гэдэг гэм байдаг нь миний нэртэй холбоотой юм болов уу гэж боддог. Надад хамааралгүй хүний хийсэн зовлонг өөрийн эрхгүй үүрэлцэж, ядарч явбал өмнөөс нь гүйж, хамт шаналж, хамт өвдчихдөг. Миний мэдэхээр, Боловсролын яамны Цэцэрлэгийн хэлтэст олон жил дарга хийсэн, Э.Оюун багшийн дүүг, бас дуучин Төмөрийн эгчийг Карма гэдэг.
-Тэгвэл таны хийсэн хамгийн том нүгэл юу вэ?
-Будда багшаас өөр нүгэлгүй хүн байхгүй гэдэг дээ. Биеэр, сэтгэлээр, үгээр үйлдэх нүгэл гэж бий. Хүн зодож жанчаад, хулгай, луйвар хийж, хэн нэгэнд хар буруу санаагүйг бодоход хүний мөсгүй загнаж бие, сэтгэлийн нүгэл үйлдээгүй бололтой. Харин залуу тэнэгтээ хүнд хэлэх, хэлэхгүй үг чулуудаж сэтгэлийг нь шархлуулж, өөрөө гомдож явсан. Хэрүүл уруул хийж, үг хэлээр доромжлохыг хэлээгүй юм шүү. Итгэж явсан хүмүүс гомдоовол хатуу бөгөөд үнэн үг хэлчихдэг. Гэхдээ үүнийг зөвтгөж болохгүй. Нас ахиад ухаан сууж байгаа юм болов уу. Монгол хэлний үгийн сан баялаг тул хатууг зөөлрүүлж хэлэх гэсэн санаагаа илэрхийлж байя гэж боддог болсон. Угаасаа би хэлж байж л санаа амардаг хүн. Хүн буруу юм хийсэн л бол уучлал гуйж чаддаг байх нь чухал. Хамгийн гол нь харилцаа чин сэтгэлийнх байх хэрэгтэй.
-“Зарим хүн яг хар үүл шиг. Тэднийг нүүгээд алга болбол амьдрал гэрэл гэгээтэй болдог” гэж саяхан уншсан юм. Таны амьдралд хар үүл шиг хүн байв уу?
-Уулын мод урттай богинотой, олон хүн сайнтай муутай учир тааралгүй яах вэ. Нүдний өмнө магтаад, бөгснөөс далд муулбал чихэнд сонсогддог л байхгүй юу. Сэтгэлийн цайлганыг минь ашиглаад намайг идэж, ууж, залгиж, хорлох гэсэн хүмүүс таарч байсан. Заримд нь ашиглуулж ч явсан. Хэн нь хэн бэ гэдгийг таньж өөрийгөө цэвэрлэж, тэднээс зайгаа барьсан. Муу хүн гэж дүгнэвэл зүгээр л холдчих нь амархан. Тийм хүмүүстэй нөхөрлөвөл өөрийн эрхгүй нүгэл хийх гээд байдаг талтай. Үнэг шиг, нэг их сайхан хүүхэн “Найз аа” гэж саймшраад л учиргүй магтаж, алгуурхнаар чөтгөрийн зам руу татаад байвал сарын дараа өөрийгөө ч танихгүй болох амархан. Би айхтар алдаж үзээгүй ч буруудахаа шахаж байсан удаа бий. Зах зээлийн үед дээр, доргүй амьдралын төлөө зүтгэж зарим нь айхтар зүйл ч хийж байлаа. Жишээлбэл, “Байрныхаа гэрчилгээг өгөөч” гэж уут дүүрэн чихэр жимс авчирч панаалдах гэсэн дөрөв, таван хүн таарсан. Тиймэрхүү хүмүүст хулхидуулж байргүй болсон хүн олон байдаг. Гэхдээ энэ нь их мөнгө амлахаар нь шуналын сэтгэлээсээ болж хохирч байгаа хэрэг.
“Би үлгэрт итгэдэггүй юм. Уучлаарай, би өнөөдөр тарчигхан амьдарч байгаа ч ордероо зарахдаа тулаагүй” гэж хариулдаг байсан. Хамт сууж байгаад “Бөгжөө ломбарданд тавьчих” гэж байсан хүн ч бий. Миний бөгж яагаад нүдэнд нь илүү харагдчихав аа. Тэрийг найз гэх үү. Нэг өрөөгөө түрээслүүлж, нэг хэсэг амьдрал хэцүү байсан ч сэтэрхий зүү ч ломбарданд тавьж үзээгүй. Зарим нь үүдэнд байсан гутал, хувцас туучихаад дараа нь өмсчихсөн таарч л явлаа. Тэглээ гээд араас нь нэхэл дагал болохгүй, ерөөлөөрөө болог гээд л орхидог. Гэхдээ дахиж босгоороо алхуулахгүй шүү дээ. Дахиад ирвэл “Би чамаас илүү баян биш, миний цамц чамд хангалттай биш үү. Ичихгүй дахиад юм гуйж байдаг ямар нүүрээ ширэлсэн амьтан бэ. Чамтай нийлж дампуурахаа болино гэж бодож байна” гээд шууд хэлчихдэг.
-Хар үүл шиг хүн олон юм бол, та өөрийнхөө мөн чанарыг байгалийн юм үзэгдлээс юутай адилтгах вэ?
-Бурхнаас илгээсэн элч байх. Хүн эдлэх ёстой жаргал зовлонгоо туулаад л өнгөрөх ёстой. Би ч мөн адил хүний үзэх ёстойг л үзэж яваа жирийн нэгэн. Хүмүүс дэлхийд томилолтоор ирээд цаг нь болохоор буцдаг. Бурхны даалгаврын дагуу яваа төлөөлөгчид. Хэл яриа хөгжүүлэх сургалтын төв ажиллуулах хүртлээ олон салаа замаар явжээ. Одоо л томилгооныхоо жинхэнэ ажлыг хийж байна. Энэ ажлыг арай л оройтож эхлүүлсэндээ харамсаж байгаа ч би ханцуйгаа шамласан л бол эцсийг нь үздэг зантай хүн.
-Яагаад дуун хөрвүүлгээ хийхгүй, хүүхдүүдтэй ажиллахаар шийдсэн юм бэ?
-“Бэрс” кино урлагийн дээд сургуульд багшилж байхдаа оюутнуудын хэл яриаг засах гэж их зовсон. Эрүү нь зуулттай болохоор уруул нь хөдлөхгүй, монгол хэлээрээ яриад байгаа хэрнээ сайн ойлгогдохгүй. “Хонины толгой байсан бол хуйхалж байж царцанги эрүүг чинь хайлуулахсан” гээд л байнга эрүү, уруулны хэрүүл хийнэ. Энэ үеэс хүмүүсийн яриаг ажиглахад манай захирал, эргэн тойрны багш нар, нөхөр маань, уулзсан хүн бүрийн эрүү зуулттай, нийгмийн өвчин юм байна гэдгийг ойлгосон. Цэцэрлэгийн наснаас нь хүүхдүүдэд “Маамуу нааш ир” дууг заахдаа дуудлагыг нь яагаад давхар зааж болоогүй юм бэ. Нэгдүгээр ангид үсэг нүдлүүлэхдээ уужим “А” энэ тэр гээд яагаад чиглүүлээгүй юм бэ. Багш нар өөрсдөө зуунги яриад байхад хүүхдүүдэд яаж заах вэ дээ. Энэ боловсролын системийн буруу юм байна. Оросуудын авиа зүйн номонд үсгийг яаж дуудахыг нь биччихсэн, хэл уруул, эрүүний байрлал заасан байдаг. Би уран илтгэгчийн дамжаа хичээллүүлж туршиж байхдаа хүүхдийн хэл ярианы сургалт явуулахаар болтол хэлгий хүүхдээ дагуулсан эцэг эх шавчихсан.
Монголын үрс тийм хэл муутай болсон гэж бодоогүй байлаа. Өнгөрсөн гуравдугаар сарын 27-ноос хоёр хүнтэй хамтраад ямар ч билээ академи гэх нэг их том малгайн дор сургалт явуулсан. Яг ажиллаад эхэлтэл тэдэнтэй зам нийлэхгүй, цааш хол явахгүй нь гэдгийг ойлгосон. Би социализмын үеийн хүн болохоор гайхаж, Академи нэрийг жижиг сургалтын төвд хамаагүй өгч болдог юм уу гэж Боловсролын яамнаас асуухад “Болохгүй” гэж байсан. Сүүлийн үед хүмүүс нэр хүндтэй хүний далбаан дор, том малгайн дор мөнгө олох сонирхолтой болсон юм биш үү. Бусдыг далбаан дороо нөмөрлөөд тэжээж чадахгүй, хэний ч тус дэмжлэг надад хэрэггүй, биеэ даая гээд энэ сарын 15-нд сургалтаа эхлүүллээ. Гурван сарын хугацаанд 100 гаруй хүүхэд сургасны 40 орчим нь сайжраад, дараагийн шатны сургалтад хамрагдаж байна. Хэлний буруу зуршлыг засахаас гадна хэвийн ярьдаг хэрнээ бүрэг ичимхий, сэтгэлдээ айдас хургуулсан хүүхдүүдийг нээж, өөртөө итгэлтэй болгож, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхэд нь тусалдаг. Томчуудад загнуулснаасаа болж хаагдмал болсон хүүхдүүд ирж байна.
БСШУЯ-ныхан багш нарын харилцаанд анхаармаар юм. Бусадтай жирийн харилцаатай байснаа хоёр жилийн өмнөөс уруу царайлдаг, дуугаа хураадаг болсон 13 настай хүү ирсэн. Ээж, аав нь яагаад ийм болчихов оо гээд хүүтэйгээ ярилцтал сургуулийнх нь тооны багш таван мөчийг чинь тасалж хаяна гэж дарамталж, зоддог байсан юм билээ. Зургаан сая төгрөгийн төлбөртэй “Сакура” сургуулийнх гэсэн. Ийм харгис байж болохгүй биз дээ.
-Таны бодлоор орчин үеийн ээжүүд ээж шиг байж чадаж байгаа болов уу?
-Хэл муутай хүүхдүүд чирч ирээд байгааг бодоход хүүхдүүдтэйгээ тулж харилцдаг хүн ховор болсон байх. Зурагт, компьютергүй үед торнисон хүүхдүүд үлгэр сонсож, ном уншдаг амьд харилцаатай байсан болохоор зүгээр. Хүүхдүүдийг яагаад гэж бүгдийг танин мэдэх гэсэн насанд нь томчууд “Завгүй байна, чимээгүй бай. Май энэ гар утсаар тогло” гэдэг. Хүүхэд бол их том ертөнц. Хамгийн том хөрөнгө, хүн эрдэнэ гаргачихаад чихэр жимсээр булж байхаар сэтгэл санаанд нь эерүү дулаан мэдрэмж өгч харилцаад бие хүн болоход анхаармаар юм. Хүүхэд гоё хувцаслаж гадуур хөтөлж явчихаад орны хөндий рүү шидчихдэг хүүхэлдэй биш дээ.
-Та айлын том байх аа. Ээж тань долоон хүүхдээ ганцаараа өсгөсөн хөдөлмөрч эмэгтэй байдаг гэж дуулсан. Ээжийнхээ тухай ярина уу?
-Долоон хүүхдээ өнчин, ядуу гэж харагдахааргүй сайхан өсгөсөн. Хэтэрхий ажилсаг хүн хүүхдүүдээ залхуу болгочихдог юм байна. Сувилагч ээж минь шөнө жижүүрт гарсан хэрнээ өглөө нь ирээд бидний завааруулсныг цэвэрлэж, хоолоо хийн, түлээгээ бэлдэж, хувцас угаадаг. “Ядраад байна, таван минут хэвтье” гэж байсныг нь би харж байгаагүй. Төмрөөр хийсэн биетэй гэлтэй хөдөлмөрлөдөг байж. Одоо бодох нь ээ, би ч тэнэг юм, 30 минут ясыг нь амраагаад ажилд нь тусалж байхгүй дээ. Гэхдээ амралтын өдөр тусалдаг байсан. Кино драмын анги шөнийн давтлага тайзан дээр хийдэг тул 01.00 цаг гээд Зайсангийн ам руу алхаж байнга оройтдог. Хийсэн хоолыг нь идэж унтаад, өглөө гараад л зочид буудалд амьдардаг аятай байлаа. Ээжийн минь бие одоо тааруухан байгаа болохоор ярих гэхээр жаахан хэцүү байна. Би хүнд 77 булчирхайгаа дэлгэх дургүй. Миний ээж өвдлөө гээд өөр хүн өвчнийг нь нуруундаа үүрэхгүйгээс хойш хүнд ярьж яах юм бэ. Хэн нэгэнд зовлонгоо нялзааж болохгүй, харин жаргалаа хуваалцаж байх хэрэгтэй.
-Та амьдралдаа хийж үзэх зүйлсийнхээ жагсаалтыг гаргаж байв уу?
-Би амьдралаа ерөөсөө төлөвлөж байгаагүй нь нэг бодлын буруу юм. Урлагт л зүрх сэтгэлээ өгч, кино хийе гэж бодож явсан. Бие даасан ганцхан кино хийсэн нь “Сумын атаман”. Дахиад хийе гэхээр зах зээлийн ухаан байгаагүй. Кино бүтээх гээд нэг л их оргилж нэлээн хөөцөлдсөн ч хөрөнгө мөнгө босгох бизнес сэтгэлгээ муутай болохоор бүтээгүй. Урлагийнхан хөөрч байгаа сүү шиг дэврүүн улс. Тэгсэн хэрнээ цөхөрвөл дороо шалчийдаг. Хөгжим тоосондоо дарагдаад л хэвтээд байвал хөгөө алдаж, эдэлбэл гарын аясаар улам өнгө орно. Түүнтэй адил уран бүтээлчдэд усалгаа, тордлого хэрэгтэй. Өөрийгөө услах аргаа олохгүй, говийн ганц хайлаас шиг ганцаардаж, хамт олноосоо өнчирсөн нь намайг жаахан гундаасан гэж боддог. Би хоёрдугаар курсээсээ Кино үйлдвэртэй амьдралаа холбосон учир тэнд хамгийн залуу нь байлаа. Миний дараа Батцэцэг очсоноос хойш дахиж цус сэлбэхгүй явсаар чөлөөт уран бүтээлч гэх чамин нэрийн дор гудамжинд гарцгаасан. Хөгшчүүл тэтгэвэртээ гарч, олон ч хүн өөд болсон. Хэдэн хүн телевизэд орсон ч тэдэнтэй нэгдээгүй.
-Яагаад?
-Миний сэтгэлд багтаагүй юм. Яагаад ч юм бэ Нэргүйбаатар энэ тэртэй хамт ажиллахыг хүсээгүй. Надтай ажиллахыг ч хүсээгүй байх. Тэгээд ч би “Бэрс” кино урлагийн дээд сургуульд багшилсан.
-Дамчаа гуай даргын дүрд, Цэмпилмаа эгч эрхэмсэг хатагтайн дүрд дуун хөрвүүлэх нь их наалдацтай юм шиг санагддаг. Та ямар дүрд илүү зохицдог гэж боддог вэ?
-Бодсон, санаснаа шууд хэлдэг хурц маягийн араншинтай болохоор характерний дүрд илүү тохирдог гэж боддог.
-“Сахиул уу, сахиус уу” киноны Мөнхцэцэгийн дүрд тоглохдоо тамхи татаж харагддаг. Сая та хоёрыг ч татчихлаа. Арай тэр кинонд тоглохдоо сураад тамхинд орчихсон юм биш биз?
-Ний нуугүй хэлэхэд тэр киноноос хойш саваагүйтээд орчихсон. Тэр киног найруулсан Сумхүү гуай “Жүжигчин хүн тамхи ч татдаг, архи ч уудаг, дугуй ч унадаг, машин ч барьдаг, юуг л бол юуг хийх чадвартай байх ёстой” гэж захисан. Тэгээд л надад албаар тамхи зуулгаж, би хахаж цацаад бөөн юм болсон. Архи амсвал буцаагаад гаргачихдаг, тамхины утааг уушиглаж чаддаггүй байсан. Сүүлдээ үеийн охидтой арзганаж байгаад татдаг болсон. “Сумхүү найруулагчийн хэлдэг нээрэн ч үнэн юм даа. Амьдралд сайн, муу бүгдийг хийж чаддаг байх хэрэгтэй юм байна” гэж боддог.
-Та 40 нас гэдэг бол ердөө эхлэл гэж бусад бүсгүйчүүдэд урам зориг өгөхөөр 1990-ээд онд сонинд нүцгэн зургаа нийтлүүлж байсан. Нас бол тоо гэж боддог нь одоо ч хэвээрээ юу?
-60 хүрээд хүмүүс тэтгэвэртээ суудаг бол би одоо л эрч хүчээр цэнэглэгдэж байна. Өөрийгөө гайхаад байна шүү. Би гэртээ үхлээ хүлээгээд хэвтэх үү, яагаад ч зүгээр сууж чадахгүй. Хүмүүст хэлэхэд амьдрал гэдэг тийм ч богино биш юм байна. Шинэ ажил эхлүүлээд түүнээсээ эрч хүч, аз жаргалыг мэдэрч байна. Би мөнх биш л дээ, явна. Гэхдээ орчлонг орхихоосоо өмнө ажлаа хүлээлгэж өгнө. Нийгэмд их үр нөлөөтэй энэ ажлаа хэрэгтэй, хэрэггүй хүний мөнгө олох хэрэгсэл болгомооргүй байна. Нэгэнт шав тавьж босгосныг минь улам өргөжүүлж, намайг өөд болсны дараа ч “Карма” гэдэг брэндийг өргөж явах шавь төрүүлэх ёстой. “Энэ ажлаа чамд хүлээлгэж өгнө, сургана” гэж сонгосон шавь бий. Одоохондоо хэн гэдгийг нь нууцалъя.
-Тэгвэл “60 нас залуу гэдгийг үеийнхэндээ уриалаад дахиж нүцгэн зургаа даруулаач ээ” гэж их мөнгө амлавал яах вэ?
-Би шуналгүй болохоор мөнгө надад чухал биш. 60 нас ид ажил хөдөлмөр эрхлэх нас гэж уриалж зургаа авахуулж болно. Гэхдээ нүцгэн авахуулна гэж байхгүй л дээ. 60 хүрчихээд тэгвэл галзуу гэх байлгүй дээ.
-Та 20 гарсан эрэгтэйг миний хүүхдээс ялгаа юу байх вэ гэж бодох уу, эсвэл эр хүн гэдэг утгаар харж байсан удаа бий юү?
-Одоо юу...(Нүдээ том болгов) Хүүхэд шиг минь харагдана. Ерөөсөө л хүүхэд. Хүнд чинь нас намба гэж байна даа. 20 настай нь ач зээ шиг, 30-тай нь хүүхэд шиг санагдана. 40-өөс дээш, за 50 орчим насных байж гэмээнэ үе тэнгийнх санагдаж магадгүй. Түүнээс доош насныхныг сонирхдоггүй. Хүүхдүүдийг сонирхож яах юм бэ. Яах вэ, нуруулаг, царайлаг хөөрхөн хүүхэд вэ л гэж бодно.
-Амьдралаа төлөвлөж байгаагүйгээсээ болж ганцхан хүүхэд төрүүлсэн үү?
-Урлагтаа дэндүү хайртай болохоор уран бүтээлээс хоцорчихно гэж айгаад ганцхан хүүхэд төлөвлөсөн минь их л тэнэг хэрэг байж. Ганцхан хүүхэд гаргасандаа одоо харамсдаг, их л том алдаа гэж боддог.
Б.ДӨЛГӨӨН