ОХУ-ын Якутад энэ сарын 27-28-нд Якутын үндэсний “Ысыах” баяр наадам болох гэж байна. Хахир хүйтэн цаг ууртай Якутад зургадугаар сарын сүүлчээр зуны улирал айлчлан ирдэг. Тийм болохоор энэ баярыг Зуны баяр гэж ч нэрлэж болох юм.
“Ысыах” баярын хамгийн сонирхол татсан арга хэмжээ бол “Айрагны баяр”. Якутад айрагийг ариун нандин идээний дээж хэмээн үздэг тул энэ жилийн баярыг “Бурханы ундаа” гэж нэрлэсэн байна. Баярт ОХУ-ын Якут, Буриад, Халимаг, Тува, БНХАУ-ын Өвөрмонгол болон манай орны малчид оролцоно. Оролцох улс бүр нутгаасаа 50 литр айрагтай ирж, шүүгч нар хамгийн амттай айрагтай улс орныг шалгаруулах болно. Мөн зохион байгуулагчид наадмын зочдод зориулан, 14 тонн айраг бэлтгээд байгаа юм. Өнгөрсөн жилийн “Ысыах” баяраар 11136 хүн зэрэг айраг ууж, “Гиннесийн ном”-нд бүртгүүлж байсан бол энэ жил амжилтаа ахиулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
М.Сугар-Эрдэнэ