Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, ДБЭТ хамтран хэрэгжүүлж буй “Найрсаг Улаанбаатар” төслийн хүрээнд “Учиртай гурван толгой” дуурийг төв талбайд тоглох юм. Олон жилийн турш театрын тайзнаа тоглосоор ирсэн эл бүтээлийг дуурийнхан задгай талбайд зүгээр нэг тоглохгүй. Монголын ахны дуулалт жүжгийг дуурь болгон тавьсны 65 жилд зориулан энэ удаагийн тоглолтод оролцож, гол дүр бүтээх дуулаачдыг сонгон шалгаруулалтаар тодруулахаар болсон. Тэгвэл залуу дуулаачдаа дэмжин, таниулах, тэдний өсөх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилготой эл шалгаруулалт өчигдөр болж өндөрлөлөө. Юндэн, Нансалмаа, Балган, Хоролмаагийн дүрд дуулах эрхийн төлөө нийт 13 дуучин таван баг болон өрсөлдсөн. Багийн бүрэлдэхүүнийг сугалааны журмаар бүрдүүлсэн нь сонирхолтой санаа байлаа. Наадмын үеэр талбайд тоглох “Учиртай гурван толгой” дуурийн Юндэнгийн дүрийн төлөө гавьяат жүжигчин Э.Амартүвшин, соёлын тэргүүний ажилтан П.Баярмагнай, Нансалмаад дуулахаар соёлын тэргүүний ажилтан М.Дариймаа, Н.Ариунтуяа, Ж.Хишигсүрэн, Ш.Наранчимэг нар өрсөлдсөн.
Балганыг соёлын тэргүүний ажилтан Э.Бумхүү, Г.Тэгчинжав, Ж.Бямбажав “булаалдсан” бол Хоролмаа бүсгүйн төлөө гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг, Ө.Уянга болон Ж.Хишигдэлгэр, П.Одонтунгалаг нар хүч үзлээ. Уралдааны журмын дагуу 40 хүртэлх насны залуу дуулаачид өрсөлдсөнийг ДБЭТ-ын уран сайхны удирдагч, ардын жүжигчин А.Дашпэлжээ, А.Долгор, тус театрын зөвлөх найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган, урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Ж.Бүрэнбэх, нийслэлийн Соёл урлагийн газрын Ж.Мөнхсайхан нар шүүсэн. Ингээд ирэх сарын 10-нд Чингисийн талбайд үнэ төлбөргүй толилуулах “Учиртай гурван толгой дуурь”-т Э.Амартүвшин, Ш.Наранчимэг, Ж.Бямбажав, С.Мөнгөнцэцэг нар тоглох болов.
Шударга шалгаруулалтаар тунаж үлдсэн, Юндэн, Нансалмаа, Балган, Хоролмаагийн дүр бүтээх дуулаач тус бүрийг хотын захиргаа 10 сая төгрөгөөр шагнах юм билээ. Эл уралдааныг уламжлал болгохоор төлөвлөсөн аж.