“ЭХЛЭЛ”
Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд ийм нэртэй нэгэн үзэсгэлэн нээлтээ хийгээд хоёр хонож байна. Энд дэлгэсэн бүтээлүүдийг монгол зургийн аргаар зурснаараа онцлог.
ХХ зууны эхэн үеэс Монголын дүрслэх урлаг нийгмийн хөгжлөө даган эрчимтэй шинэчлэгдэн, хөгжиж ирсэн. Шинэ тутам хөгжиж буй улсын салбар бүрт мэргэжлийн боловсон хүчин нэн шаардлагатай болсон тэр үед Дүрслэх урлагийн газар, зургийн сургууль байгуулагдсан түүхтэй. Монголын урлаг судлалын анхны доктор, Төрийн шагналт, ардын зураач Н.Цүлтэм бурхны дүр бүтээх уламжлалт аргыг Өрнийн уран зургийн зохиомж, шийдэлтэй хослуулан монгол зургийн дэг, аргыг баяжуулан, хөгжүүлсэн бол охин Нармандах нь аавынхаа үйлсийг үргэлжлүүлсэн удам залгамжилсан зураач юм. Тэгвэл Ц.Нармандах багшийн есөн шавь “Эхлэл”-ийн эзэд юм. Б.Буянбаяр, Л.Мягмаржав, Ч.Нарангарав, С.Сугардалай, Г.Сандагдорж, Б.Түвшин, Б.Уянга, З.Шатарцэцэг, Б.Энхтунсаг нар 40 гаруй бүтээлээ дэлгэснээс “Элч” зургийг онцолмоор санагдлаа. Холоос зээгт наамал шиг харагдах эл бүтээлийг зурсан Ч.Нарангарав “Хубилай хааны үеийн элч нарыг өөрийн сэтгэмжээр зурсан энэ бүтээлдээ монгол, араб зургийн аргыг хослуулсан. Ер нь аль ч улс гүрнийг төлөөлдөг элч нарын хувцас, хэрэгсэл их тансаг, чамин байсан. Тэр үүднээс нь харуулахыг зорьсон учраас өнгөний хувьд алтлаг болон тод өнгөнүүдийг сонгосон. Тоосгоор бүтээлийнхээ орчныг илэрхийлснээс гадна энэ цаг үетэйгээ холбосон арга юм. Үзэсгэлэнд би таван зургаа тавьсан” гэлээ. Энэ мэт есөн залуу уран бүтээлчийн замнал түүхийн эхлэлийг тавьж байгаа “Эхлэл” энэ сарын 29 хүртэл үргэлжилнэ.