БНХАУ-ын У Хань хотын циркийн бүлгэм манайд хүндэтгэлийн айлчлан тоглолт хийх гэж байна. Энэ сарын 30-нд Соёлын төв өргөөнд болох тус тоглолтыг Улаанбаатар дахь Хятадын соёлын төв болон БНХАУ-ын У Хань хотын Ардын засгийн газар хамтран зохион байгуулж буй. У Ханийг Монголын цирк сонирхогчид андахгүй. Тэнд зохиогддог олон улсын циркийн нэр хүндтэй тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс уран бүтээлчид оролцдогийн дотор манайхан томоохон байр суурь эзэлдэг. Тэгвэл энэ удаад тус хотын циркийн бүлгэмийн чадварлаг хөвгүүд Монголд ирж тоглох нь.
У Хань хотын циркийн бүлгэм 1953 онд Шиа Жү Хуа тэргүүтэй урлаг, соёлын нэрт зүтгэлтнүүдийн санаачилгаар байгуулагдаж, үе үеийн шилдэг жүжигчдийн өвлүүлж үлдээсэн үзүүлбэрүүдээр ур чадвараа сорьсоор өдгөө улсдаа тэргүүлдэг мэргэжлийн түвшний циркийн нэг болж чаджээ.
Байгуулагдсан цагаасаа хойш 150 гаруй оронд айлчлан тоглосон тэд Монакко, Монте Карлод болдог олон улсын циркийн наадмын “Алтан алиалагч”, Францад зохиогдсон наадмаас алтан медаль, У Ханийн “Шар тогоруу”-ны нэрэмжит олон улсын циркийн наадмын тэргүүн байр гээд дэлхийд нэр хүндтэй шагналуудыг удаа дараа хүртжээ.
Л.ГАНЧИМЭГ