Оросын хөгжмийн нэрт зохиолч Михаил Иванович Глинкийн нэрэмжит дуулаачдын олон улсын уралдаанаас шагнал хүртсэн монгол уран бүтээлчдийн нэгдсэн тоглолт ирэх сарын 8-нд ДБЭТ-т болох нь. Уг наадамд гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг, Г.Ариунбаатар хоёр түрүүлж, Ч.Энхтайван, Э.Анхбаяр, О.Хүрэлбаатар, Ч.Бадрал нар дэд байр эзэлж, гавьяат жүжигчин П.Ганбат агсан, А.Сайнбаяр гутгаарт шалгарч, Ж.Бямбажав тусгай байрын шагнал хүртэж байжээ. “Серж Меценат” сангийн санаачилгаар М.И.Глинкийн нэрэмжит олон улсын уралдааны Зохион байгуулах хороо, ОХУ-ын Элчин сайдын яам, ДБЭТ хамтран уг тоглолтыг зохион байгуулах аж.
Дэлхийд данстай олон дуучин төрүүлсэн, 55 жилийн түүхт уралдааныг Монголд сурталчлах, ойрын ирээдүйд манай улсад зохион байгуулах, соёл урлагийн хөгжилд хувь нэмэр оруулах, үе үеийн шагналтнуудыг алдаршуулах, Монголын дуурийн залгамж халааг дэмжих зорилготой тоглолтыг ОХУ-ын Красноярскийн Дуурь бүжгийн эрдмийн театрын хөгжмийн найруулагч, гавьяат жүжигчин, ерөнхий удирдаач Анатолий Чепурной удирдаж, Улсын филармонийн найрал хөгжимчид хөгжимдөж, шагналтнуудаас гадна Б.Гомбо-Очир, Б.Жавхлантөгс, Б.Монголхүү нар урилгаар дуулах юм. Мөн М.И.Глинкийн нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын уралдааны Зохион байгуулах хорооны тэргүүн, ерөнхий шүүгч, ОХУ-ын ардын жүжигчин, тенор В.Пьявко манай улсад зочлох юм байна.
Тэрбээр “Сонгодог урлагийн өндөр зэрэглэлтэй Глинкийн уралдаанд монгол дуучид сүүлийн жилүүдэд хүч түрэн орж, тэргүүн байрууд эзэлж байгаад баяртай байна. Шагнал авсан дуучны тоо олон болж, өнөөдөр ийм тоглолт хийх хэмжээнд хүрсэнд бахархаж байна. Тиймээс Ирина Архипова болон миний удирдлага, шүүлт дор уралдаанд оролцож байсан залуустай уулзаж, удахгүй болох тоглолтыг нээх, хамтран тоглох, зохион байгуулах урилгыг хүлээн авсандаа баяртай байна” хэмээсэн. Түүний талаар дуулгахад, 1966-1989 он хүртэл Их театрын тэргүүн гоцлоочоор ажиллахын зэрэгцээ 1968-1969 онд Миланы “Ла Скала” театрт бэлтгэгдсэн аж.
1989 оноос Берлиний дуурийн театрын гочлоочоор ажиллаж, 1996 онд “Ирина Архипова” сангийн тэргүүн дэд ерөнхийлөгч болжээ. 1998 онд Олон улсын хөгжимчдийн холбооны дэд ерөнхийлөгч болсон бол 2001 оноос тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллажээ. 2000 оноос П.И.Чайковскийн нэрэмжит хөгжмийн дээд сургуульд багшилж, 2007 онд профессор болсон. Дуурийн гайхалтай дуучин, чадварлаг удирдагчаас гадна найруулагч юм байна. 1983 онд “Чи миний баяр баясал, зовлон” киногоо найруулж, гол дүрд нь тоглосон аж.
Б.ДӨЛ