Сүүлийн хэд хоног “Cardiff singer of the World-2015” уралдаанаар амьсгалж, монгол залуугийнхаа дээлийн захыг мушгиж суусан хүмүүсийн сэтгэл амарч, магнай нь тэнийсэн сайхан мэдээгээр өглөөг угтлаа. Тийм ээ, монгол залуу үзэгчдийн таашаалд нийцсэн дуучнаар тодорчээ. Монголын баритон Энхбатын Амартүвшинг зөвхөн монголчууд бус, сонгодог урлагийг сэтгэл зүрхээрээ мэдэрч, дурладаг дэлхийн олон сая хүн дэмжиж, үнэлсний тод илрэл бол энэ. Энэ шагналын эзнийг тодруулахдаа олон улсын хэмжээнд санал авах утасны тусгай дугаар нээж, тодорхой хугацаанд ажиллуулсан юм. Ер нь энэ төрлийн ямар ч уралдааны хамгийн шударга шүүгч нь үзэгчид байдаг шүү дээ. Хэрэв спортын тэмцээнүүд ийм шагнал, шалгаруулалттай бол олон сайхан тамирчин харууслын нулимстай үлдэхгүй байсан нь лав. Нөгөөх айхтар ханцуйн доторх тохиролцоо гэдэг зүйл ч явагдах боломжгүй биз ээ.
Олон юм нуршсан учир нь, манай дуучин “Дэлхийн” хэмээх тодотголыг олон сая хүний саналаар ёстой л гуядаж авлаа. Бахархаж байна.
“Дэлхийн дуучин” хэмээх энэ уралдаанд дуурийн урлагт гялалзаж яваа залуу дуучид өрсөлддөг бөгөөд тойргоос хасагдах журмаар явагддагаараа нэлээд өвөрмөц аж. Энэ утгаараа дөрөв дэх хэсгийн дараа тунаж үлдсэн таван шилдгээс нэг нь мэргэжлийн зургаан шүүгчийн үнэлгээгээр “Дэлхийн дуучин”-аар тодорсон. Тэр бол Беларусийн меццо сопрано Надежда Кучер бөгөөд 15.000 фунт стерлингээс гадна BBC-гийн оркестртой аялан тоглолт хийх эрхийн эзэн болов.
Шат бүрт, тайзнаа гарах болгондоо “Mongolian bariton Amartuvshin Enkhbat” хэмээн эх орноороо овоглож байсан Э.Амартүвшин уралдааны эцсийн шалгаруулалтын үеэр өгсөн ярилцлагадаа “Кардиффийн том уралдаанд улсаа төлөөлөн анх удаа оролцож байгаадаа сэтгэл их өндөр байгаа. Энэ бол зөвхөн миний карьер, өсөн дэвшихийн зам байгаад зогсохгүй Монгол Улсын сонгодог урлагт оруулах хувь нэмэр, монгол дуулаачдын чадал чансааг харуулах ач холбогдолтой” гэсэн. Тийм ээ, түүний хаяг “Монгол Улс” шүү дээ.
Эл уралдааныг хөндлөнгөөс ажигласан дуурийн урлагийн мастер, хоолойн багш нар манай дуучныг амьсгаа даран сонссоны дараа “Бурхан минь, энэ залуу дэлхийн төв болж чадлаа. Ийм том тайзан дээр гараад сурчихсан мэт өөрийгөө гайхалтай удирдаж чадаж байна” зэргээр магтаалын үгсийг урсгаж байсан. Өөр нэг гоё мэдээ гэвэл, ямар ч уралдааны шүүгчдийн үндсэн бүрэлдэхүүнд багтсан хүн оролцогчдын хэн нэгнийг илт дэмжиж, шүтэх зэргээр сэтгэл хөдлөлөөр хандах хориотой байдаг. Тэгвэл Кардиффийн нэг шүүгч Монголын баритон Энхбатын Амартүвшинг тайзнаа гарахад бараг уулга алдан, алга ташиж байгаа харагдсан. Энэ бол Монголын дуучин дэлхийг дагуулж чадсаны том жишээ. Энэ бол Монголын сонгодог урлагт алга ташсан хэрэг. Бахархаж байна, браво.
Уралдаан дууслаа. Монголыг арай өөр нүдээр харах хүн хэдэн зуу биш, хэдэн арван саяар нэмэгдлээ. Дэлхийн хүн болоод удаж буй баатар залуугаа бид яаж угтах билээ. Энгэрт нь өнөөх л шар тэмдгээ зүүх үү, эсвэл арай өөр түвшинд аваачих уу. Түүний зүг харах нүд одоо улам олон болсон. Дэлхийн хүнийг дэлхийн жишигт нь л байлгахсан.