Өнөөдөр Говь-Алтай аймгийн ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын шинэ байрны нээлт боллоо. МАХН-ын төв хороо, Соёлын яамны 15 дугаар шийдвэрээр 1966 оны гуравдугаар сарын 29-нд анх 50 гаруй уран бүтээлч, 10 гаруй ажилтантай байгуулагдаж байсан тул чуулгад өдгөө 69 хүн ажиллаж буй. Орон нутаг дахь театрууд хөгжимт театр болон өөрчлөгдөхөд цор ганц ардын дуу бүжгийн чуулга хэвээр үлдсэн тус чуулгынхан баруун бүсийн үзэгчдэд жүжиг, дуулалт жүжиг, тоглолт болон бусад урлаг соёлын арга хэмжээг толилуулахаас гадна Болгар, Хятадад айлчлан тоглолт, Дархан-Уул, Орхон аймагт тайлан тоглолтоо хийж байжээ. Найман жилийн турш барьсан чуулгын шинэ байр 5.5 тэрбум төгрөгийн өртөгтэй, 500 хүний суудалтай.