Москвагийн олон улсын кино наадмыг “Чонон сүлд” киногоор нээлээ. Уг киног найруулсан Францын кино найруулагч Жан-Жак Анно Москвагийн олон улсын кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүний даргаар сонгогджээ.
Хятадын зохиолч Зян Руны романаас сэдэвлэн бүтээсэн "Чонон сүлд" кино нийт 28 сая долларын өртгөөр бүтсэн бөгөөд хөгжмийг нь Грэмми болон Оскарын шагналт хөгжмийн зохиолч Жэймс Хорнер бичсэн билээ. Тэрбээр “Titanic”, “A beautiful mind”, “Avatar” зэрэг дэлхийд алдартай олон киноны хөгжмийг зохиосон юм.
““Чонон сүлд” романыг би анх 2007 онд уншсан. Үүний дараа Хятадын төлөөлөгчид намайг урьж, 2008 онд Монголд очсон. 2009 онд бид энэ кинонд зориулж чонын бэлтрэг тэжээж эхэлсэн. Зураг авалтаа бид 2012 онд эхэлж, 2013 оны 12 дугаар сард дуусгасан. Би киног бүтээхэд нийтдээ долоон жил орчмын хугацаа зарцуулсан” гэж Анно ярилаа. Түүний ярьснаар, кинонд компьютер график бараг ашиглаагүй байна. Киноны зургийг Өвөр Монголд авчээ.
Москвагийн олон улсын 37 дах удаагийн кино наадам 19-26 хүртэл үргэлжилнэ. Кино наадамд нийтдээ 12 кино оролцож байгаа аж.