Сонгодог урлагт дуртай монгол үзэгчдийн магнайг тэнийлгэсэн гайхалтай үйл явдлууд олон бий. Тэр дундаас дэлхийд алдаршиж яваа, хамгийн эрэлттэй залуу балетчдын тоглолтыг сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Монголынхоо тайзнаас үзэж сэтгэл, мэлмийгээ баясгасан нь юу юунаас илүү завшаантай, сайхан. Энэ бүхнийх нь төлөө Д.Алтанхуяг тэргүүтэй “Монголын балетын хөгжил” сангийнханд талархъя. Балетад хорхойтой монгол үзэгчдийн сэтгэлийг цаашид ч ийнхүү мялааж байгаарай гэж ерөөе.
Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг өнгөрсөн баасан, бямба гаригт ээлжит бэлгээ задалсан нь долоон орны шилдэг 12 уран бүтээлчийн “Монголд тавтай морил” тоглолт байлаа. 2011 оноос түүчээлсэн “Балетын үдэш” цуврал арга хэмжээний нэг хэсэг болсон эл тоглолтыг олон улсын залуу балетчдын наадам-цэнгүүн гэвэл илүүтэй зохилтой санагдана.
Учир нь энэ бол монголчуудыг дэлхийтэй хөл нийлүүлэхэд багагүй дэм болохын зэрэгцээ Монголын балетын урлагийн хөгжлийн түвшнийг олон улсад таниулах том зорилготой үйл явдал юм. Манайд ирсэн балетчин бүр Монголыг орчин цагтайгаа хөл нийлүүлсэн, сонгодог урлагийн боловсролтой, нийслэл нь Нью-Йорк, Токиогоос дутахгүй гялалзсан улс гэдгийг зохих хэмжээгээр сурталчлах нь лав.
Алга хорссон нь
Учир нь америк, гүрж, казахстан, франц, япон балетчид “Хунт нуур”-ыг давалгаалуулж, сарнайн анхилуун үнэрийг “Камеллиатай хатагтай”-гаар мэдрүүлж, “Корсар”-уудын тухай “ярьсан” нь алгаа хорстол ташихад хүргэсэн юм.
Ялангуяа эрэгтэй балетчдын ур чадвар гайхалтай. Тэд үсрэх, угсраа болон тойрон эргэлдэх антраш, фуэте, бризе зэрэг элементийг тун чадварлаг, яв цав гүйцэтгэж байсныг сонгодог урлагт хорхойтой монгол үзэгчид андахгүй алга ташилтаар мялааж байлаа.
А.Закан, Л.Хозашвили, Ж.Сирио, Ю.Яновский нар хамтран бүжиглэгч бүсгүй Л.Сирио, М.Күранагатайгаа тайзан дээгүүр нисэж, хөвж байгаа мэт харагдсан. Яг л өд шиг. Үүн дээр тэдний жүжиглэлт, нүүр хувирал гээд тайзыг бүхэлд нь эзэмших чадварыг онцлон магтмаар. Дэлхийн шилдгүүд ийм байх нь аргагүй биз ээ. Тэдний дундаас Лиа Сирио, Юрий Яновскийг онцолж, алга хорсгосонд нь талархъя.
Хоолой “хорсов”
Баярлаж хөөрөх, гомдож гутрах, гайхаж бишрэх гээд сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөн хүн уулга алдаж, уухайлдаг шүү дээ. Мэдээж, сайхан тоглолтоор сэтгэл нь хөглөгдсөн үзэгчид “Монголд тавтай морил”-ын хоёрдугаар хэсэгт байн байн өндөлзөн, хоолойгоо хорстол “браво”-гоор бороо оруулсан юм. Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзан дээр, морин хуурын аялгуунд хурдан “морьд” уралдаж, гийнгоо хадахад гайхаж биширсэн хүмүүс хамаг тэнхээгээрээ уухайллаа. Үнэндээ ийм зүйл байж болохыг төсөөлөөгүй над мэтэд жинхэнэ утгаараа гэнэтийн бэлэг байсныг онцлох хэрэгтэй болов уу. Энэ бол сонгодог урлагт монгол хэв маягийг илүү тод шигтгэж өгөх боломжийг харуулсан, урамтай сайхан бүжиг байлаа. Хамгийн гайхалтай нь, хаанаас ч харсан гарцаагүй монгол ахуй, монголчуудын тухай өгүүлэх ийм мэдрэмжийг Тайваний бүжиг дэглээч Фан И “Нүүдэл” бүтээлээрээ гаргаж чадсан явдал юм.
Аливаа үйл явдал, ном зохиолд хамгийн ихээр сэтгэл хөдөлгөсөн оргил үе гэж байдаг шүү дээ. Тэгвэл энэ тоглолтын оргил нь “Нүүдэл” байсан гэдэгтэй үзэгчид санал нийлсэн биз. Д.Алтанхуяг, Фан И хоёрын хамтран амилуулсан эл бүжгийг монгол үзэгчид эс, эд бүрээрээ “амтлан” таашаасан.
“Би монголчуудтай цус нэгтэй байхыг үгүйсгэхгүй”
“Би шилдгүүдтэй л хамтардаг” хэмээн өөрийгөө тодорхойлсон тайвань бүсгүй
Фан Игээс “Нүүдэл” бүжгийнх нь талаар тодрууллаа.
-Юуны өмнө гайхалтай бүжгийг тань биширч, баярлалаа. Таны дэглэсэн бүжгээс хээр талд салхи татуулан давхих морьд, монгол бийлгээ, нүүдэлчин соёл гээд тэр чигт нь эх орноо “амталж” чадлаа. Монголыг хаанаас ингэтэл мэдэрч чадсан юм бэ?
-Бүжиг маань монгол үзэгчдийн сэтгэлийг дагуулж чадсан бол Алтанхуягт талархах учиртай. Тэрбээр надад эх орноо мэдрүүлсэн. Түүний яриа болон бүжгээс би монголчуудын оргилсон эрч хүч, омогшлыг мэдрээд яагаад ч юм бэ сэтгэл минь огшиж байсан. Бид хэдийгээр хэл болон ахуй соёл өөртэй ч, нэг тивийнхэнд адил төстэй зүйл олон бий. Дээрээс нь Алтанхуяг бид хоёрын нутгаа санасан сэтгэл энэ бүхэнтэй нэгдсэн учраас “Нүүдэл” бүжиг Монголын үзэгчдэд илүү ойр санагдсан байх.
-Газар тариалан шүтэж амьдардаг Хятад, Япон зэрэг орны уламжлалт бүжигт тонголзох зэргээр газар руу хандсан хөдөлгөөн давамгайлдаг бол тэнгэрийг дээдэлдэг монголчууд цацал өргөх мэтээр дээш тэмүүлэн бүжиглэдэг гэж Японы урлаг судлаач хатагтай ярьж байсан. Тэгэхээр бүжиг дэглэх арга нь ялгаатай байгаа. Монголын тухай бүжиг дэглэхдээ та юу мэдэрсэн бэ?
-Монголчуудын омогшлыг мэдэрсэн. Морин хуурын аялгуу надад асар их хурд, хүч, тэмүүлэл, урсгалыг дамжуулсан учраас тэр.
-Монголд анх ирсэн, тэгээд хурдан морины уралдаан ч үзээгүй хэрнээ Алтанхуягийн ярианаас л Монголыг нэвт мэдэрсэн гэлээ. Үнэхээр ийм юм байж болох уу, эсвэл таны судсаар монгол цус урсаж байна уу?
-Магадгүй би монголчуудтай ямар нэгэн холбоотой, хэзээ нэгэн цагт цус нэгтэй байсан байхыг үгүйсгэхгүй.
Ийм нэгэн гайхалтай тоглолт толилуулсан олон орны уран бүтээлчид өчигдөр Японыг зорилоо. Тэд арлын орны үзэгчдэд дэлхийн сонгодгуудыг бас Монголыг мэдрүүлэх болно.