2500 жилийн өмнөх дайчны булш
Монгол, Франц хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлж буй урлаг, соёл, боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн гээд олон талт үйл ажиллагаа зохион байгуулж байна. Үүний нэг нь Монголын түүх соёлын 17 дурсгалт газарт хийсэн малтлагаар илрүүлсэн олдвороор Монголын үндэсний музейд үзэсгэлэн гаргасан явдал юм. 1994 оноос эхлэлтэй археологийн салбарын хамтын ажиллагааны явцад илрүүлсэн 50 багц 320 олдворыг олонд дэлгэжээ.
Үүнд XIII зууны үеийн язгууртны булшнаас олдсон эрдэнийн чулуу шигтгэсэн алтан тоногтой малгай, өвөрмөц хээ угалзтай, ул нь элэгдэж нимгэрсэн гутал зэрэг эдлэл хэрэглэл, цэрэг дайны холбогдолтой зэр зэвсэг, аяны зориулалттай эвхдэг сандал зэрэг үзмэр байв. Хамгийн сонирхолтой олдвор нь Хэнтий аймгийн Норовлин сумын Салхит гэдэг газраас олдсон 28 мянган жилийн тэртээх эртний хомо сапиенсын гавлын яс байлаа. Мөн 2500 жилийн өмнө амьдарч байсан, гавлын яс нь цөмөрсөн хүнийг морьтой нь хамт оршуулсан булш илрүүлсэн байна.
Түүнчлэн Монгол Алтайн бүс нутгаас эртний төмөр зэвсгийн үеийн нүүдэлчдийн оршуулгыг анх удаа малтаж 38 дурсгалаас 200 гаруй олдвор илрүүлжээ. Эдгээр нь мөнх цэвдгийн бүсэд тархсан дурсгал учраас онцгой сайн хадгалж байснаас гадна мод, арьс шир, үс ноос, эсгий, нэхмэл зэрэг олон төрлийн эдлэл олддог гайхамшигт булш хэмээн дэлхийд алдаршжээ. Үзэсгэлэнд дэлгэсэн олдворуудыг Францын эрдэмтэд 200 гаруй мянган евро зарцуулан сэргээн засварлаад Монголд хүлээлгэн өгсөн байна. Үзэсгэлэнгийн зохион байгуулагч, Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн доктор, профессор Ц.Төрбат “Энд дэлгэсэн олдворууд одоо бидний хэрэглээнд орох боломжтой.
Жишээлбэл, XIII зууны үеийн язгууртны өмсөж байсан гутал байна. Энэ бол хүннү дээл өмсдөг байх үеийн гутал. Мөн аяны эвхдэг сандал ч гэсэн одоо бидний хэрэглээнд бий. Энэ нь бидэнд соёл, уламжлалаа сэргээхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэж бодож байгаа. Манай улс гадаад орнуудад түүх, соёлоо төдийлэн сайн сурталчилж чадахгүй байна. Хэрвээ ийм үзэсгэлэнг гадаадад гаргах боломж бүрдвэл Монголын түүх, соёл, уламжлалыг дэлхийд сурталчлах бололцоо бий” гэж ярив. Үзэсгэлэн энэ сарын 18-наас ирэх есдүгээр сарын 1-н хүртэл үргэлжлэх юм.
Х.АЗЖАРГАЛ