“Гэгээн муза” наадмын шилдэг бүтээл “Тэнгэрийн хүү” жүжгийн дууг “Увертюра” поп опера хамтлаг дуулж, “Удиртгал” цомогтоо багтаасан билээ. Хөгжмийг урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Од, шүлгийг Б.Цогнэмэх бичиж, “Анир” дуу бичлэгийн студийн захирал, хөгжмийн найруулагч, тус хамтлагийн продюсер Б.Алтанхуяг дууны найруулгыг нь хийсэн бүтээлийг “Image fx creative” студийнхэн дүрсжүүлсэн. Тэгвэл гаднын нэгэн уран бүтээлч тэдний клипийг дуундаа ашиглажээ.
Тодруулбал, ОХУ-ын Бүгд найрамдах Карачай Черкесс улсын уран бүтээлч Арсланбек Султанбеков “Тэнгэрийн хүү”-гийн клипийг “Касайым” нэртэй дуундаа ашигласан байна. 1965 онд төрсөн тэрбээр Умард Кавказад байдаг турк хэлт ногай ястны хөгжмийг тоглодог, Түрэгийн алдарт домборчин аж. 1989 онд “Ногай” хамтлагаа байгуулж, тэр жилдээ орон нутгийнхаа туульчдын наадамд түрүүлжээ. XV-XVll зууны үеийн яруу найраг судалж, түүнд зориулж хөгжим зохиодог уг уран бүтээлч 1997 онд Москвад зохион байгуулсан Түрэг ардын наадамд оролцож “Наадмын дуу” шагнал хүртсэн байна. 2004 онд Астанад шилжиж, Казахстаны Ерөнхийлөгчийн найрал хөгжимд тоглох болжээ. Дэлхийн II дайн дууссаны 60 жилийн ойд зориулсан эх оронч дуу зохиох уралдаанд оролцож хоёр шагнал авч байжээ.
Дууных нь клипийг хулгайлсан талаар “Уверюра” хамтлагийн ахлагч Г.Пүрэвдагваас тодрууллаа.
-“Тэнгэрийн хүү” жүжгийн дууны клипийг гаднын уран бүтээлч ашигласан нь ямар учиртай юм бол?
-Манай клипийг хийсэн студийнхэн өчигдөр (уржигдар) утасдаж хэлснээр энэ тухай мэдлээ. Дууных нь үг, аялгуу өөр юм билээ. Дуундаа бидний дүрслэлийг ашиглажээ. -Танайх оюуны өмчийн газарт хандах уу?
-Энэ хүн хэд хэдэн уран бүтээлчийн клипний дүрслэл хулгайлсан байна лээ. Тухайлбал, ОХУ-ын найруулагч Сергей Бодровын “Монгол” киноны дууг “Алтан ураг” хамтлаг “Хөх толботон” нэрээр дуулж, клипжүүлснийг тэр чигээр нь дуундаа ашигласан байсан. Бид Оюуны өмчийн газарт хандах гэж байгаа.
Б.ДӨЛГӨӨН