-Т ус уралдаанд оролцож буй уран бүтээлчдэд Оросын Ерөнхийлөгч амжилт хүсэв-
Дэлхийн сонгодог урлагийн хөгжил, уран бүтээлчдийн ур чадвар, түвшинг тодорхойлдог хамгийн том арга хэмжээ бол П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын сонгодог урлагийн уралдаан байдаг. 1958 оноос түүчээлсэн эл уралдааныг дөрвөн жил тутамд зохион байгуулдаг бөгөөд өнгөрсөн даваа гаригт ХV дахь удаагийнх нь албан ёсоор Москвад эхэллээ. ОХУ энэ жил тус уралдаанд зориулан 71 сая гаруй рубль буюу барагцаалбал 2.5 тэрбум төгрөг төсөвлөсөн талаар зохион байгуулагчид нь мэдээлж байсан. Тус улсын Ерөнхийлбгч В.Путин дэлхийн сонгодог урлагийн уралдаант наадам оролцогчдод баяр хүргээд, мэндчилгээ дэвшүүлжээ. Тэрбээр “П.И.Чайковскийн нэрэмжит уралдаан бол дэлхийн сонгодог урлагийн ертөнцөд тод үйл явдал бөгөөд авьяаслаг залуу уран бүтээлчдийн ирээдүйтэй, бүтээлч байдлыг бэхжүүлэх, итгэлийг нь бадраах, хөгжмийн урлагийн шилдэг уламжлалыг дэмжих зорилготой агуу үйлс” хэмээн онцолжээ.
Уралдаан Москва, Санкт-Петербург хотод явагдаж буй бөгөөд шилдгүүдийн нэгдсэн тоглолт хөгжмийн агуу зохиолчийн нэрэмжит консерваторийн их танхимд долдугаар сарын 3-нд болох юм.
Уралдаанд оролцогчид гурван үед өрсөлдсөний эцэст төгөлдөр хуур, хийл, виолончель гэсэн сонгодог гурван хөгжмийн төрөлд тус бүр зургаа, дуурийн дуулаачдын ангилалд эрэгтэй, эмэгтэй дөрөв дөрвөн шилдгийг тодруулна. Тэдний дундаас ангилалд бүрт тэргүүн байрын нэг уран бүтээлчийг шалгаруулна. Шилдгийн шилдэг болсон тэд тус бүр 100.000 ам.долларын шагналтай. Мөн 1-3 дугаар байр эзэлсэн төгөлдөр хуурч, хийлч, челист, эрэгтэй, эмэгтэй гоцлооч бүр 10-30 мянган долларын шагналтай аж. Нийт уралдааныг олон улсад нэр хүндтэй багш, мэргэжилтэн, менежер, удирдаач нараас бүрдсэн 50 хүн шүүх юм байна. Тэдний дундаас дуулаачдын уралдааныг дуурийн олон улсын менежер /Германы агуу хөгжмийн зохиолч Ричард Вагнер Эва Вагнерын ач охин/, гайхамшигт сопрано Жулиа Варади, “Мариинский” театрын дэргэдэх Залуу дуулаачдын академийн уран сайхны удирдагч Лариса Гергиева /В.Гергиевийн эгч/, Германы бас-баритон Томас Квастхофф, Америкийн тенор Деннис О”Нил, Женевийн Дуурийн их театрын ерөнхий захирал Тобиас Рихтер нар шүүж, шалгаруулах юм. Эдгээр хүнийг онцлон дурдсан учир нь уралдааны дуурийн дуулаачдын энэ төрөлд Монголын таван сайхан уран бүтээлч өрсөлдөнө. Тэднийхээ дээлийн захыг мушгиарай, монголчууд аа. Мөдхөн сайхан мэдээ сонсох нь лавтай.
Монгол, ХБНГУ, Итали, АНУ, Хятад, Франц, Япон зэрэг 45 орны 623 шилдэг залуу хөгжимчин, дуулаач ур чадвараа харуулж буй энэ удаагийн уралдаан суут хөгжмийн зохиолчийн мэндэлсний 175 жилийн ойн хүрээнд болж буйгаараа бас нэгэн онцлогтой юм. Шалгаруулалт ирэх долдугаар сарын 3 хүртэл үргэлжилж, шилдгүүдийг тодруулах бөгөөд уралдааны үйл явц, мэдээ мэдээллийг medici.tv цахим сувгаар үзэх боломжтой аж.
Эл уралдааны талаар сонирхуулах өөр нэгэн зүйл бол оролцогчдын нас. Төгөлдөр хуурч, хийлч, челистүүдийн хувьд 16-32, дуурийн дуулаачид 19-32 настай байх ёстойг журамд тусгасан байна.
Дашрамд дуулгахад, олон улсын энэхүү уралдаанд Монголын төгөлдөр хуурч Г.Эрдэнэчимэг, П.Доржпагма, хийлч Ч.Чинбат болон түүний шавь Ж.Энхтуяа, челист Я.Бадамхатан нар оролцож байсан билээ.