ДБЭТ-ын гоцлооч Э.Амартүвшин BBC агентлагаас хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг “Cardiff singer of the World” уралдаант шалгаруулалтад оролцож, дэлхийн шилдэг 20 дуучны нэгээр тодроод буй. Тэгвэл эдгээр авьяаслаг 20 залуу сүүлийн гурав хоногийн турш зохиолын дууны төрөлд хүч сорьж, өчигдөр дөрөв дэх хэсгийн тоглолтын дараа шилдэг таван дуучныг тодруулснаа шүүгч нар зарлалаа. 32 жилийн түүхтэй нэр хүндтэй уралдаанд Монгол Улсыг төлөөлөн анх удаа оролцож буй, гавьяат жүжигчин Э.Амартүвшин шилдэг тавын нэгээр тодорч баасан гаригт тэргүүн шагнал, цомын төлөө өрсөлдөх эрхтэй болсон юм. Түүнтэй мөр зэрэгцэн Канад, Турк, Беларус, БНСУ-ын дуучид эцсийн шалгаруулалтад оролцоно.
24 насандаа гавьяат жүжигчин цол хүртсэн түүнийг П.И.Чайковскийн нэрэмжит уралдаанд хоёрдугаар байрын шагнал хүртсэнээс нь хойш монголчууд таньдаг болсон. Түүний амжилтын буухиа сар, жилээр ахисаар байгаа бөгөөд Пласидо Домингогийн нэрэмжит уралдаанд түрүүлж, түүний театрт “Риголетто” дуурьт дуулсан нь ч бахдам амжилт билээ.
“Cardiff singer of the World” тэмцээнд энэ жил 54 орны 350 орчим уран бүтээлч оролцсоноос шилдэг 20 дуучныг Их Британид урьж, эцсийн шалгаруулалтад оролцуулж буй. Э.Амартүвшин гавьяат зохиолын дууны төрөлд оролцох хөтөлбөртөө Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Чиний минь нулимс” дууг багтаасан бөгөөд түүнийг Уэльсийн алдарт төгөлдөр хуурч Лыр Уиллиамс дагаж хөгжимджээ.