Олон жил уулзаагүй ч сайн мэдэх эртний танил шиг сэтгэлд хоногшсон дотно дуунууд эргэн эгшиглэх нь ээ. Хоёр нийгэм солигдож байсан онцгой цаг үед өдөр алгасахгүй шахам шинэ содон үйл явдал учирдаг байв. 1990 онд “Хөх тэнгэр” мэндэлэн нь мөн л цоо шинэ дүр төрх, цоо шинэ үзэгдэл байлаа. “Үзэсгэлэн төгөлдөр эх орон”, “Хархорин”, “Занабазар”... Өөр аялгуу, өвөрмөц тоглолт, үс зүс, өмссөн хувцас гээд “Хөх тэнгэр” аргагүй л анхаарал татсан. Тэд үнэндээ шууд од болцгоосон билээ. Магадгүй, Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийсэн хамгийн анхны хамтлаг “Хөх тэнгэр” байх. 1990 оны намар шиг санагдана. “Хөх тэнгэр”-ийн тоглолтыг үзэхээр цугласан тасалбартай, тасалбаргүй залуусын хөл 120 мянгатын автобусны буудлаас Төв цэнгэлдэх хүрээлэн хүртэлх замыг гишгэх зайгүй болтол дүүргэв. Тайзны чимэглэл, хөгжмийн нүргээн, гэрлийн шоу нь тухайн үедээ л зурагтаар ганц нэг удаа үзсэн барууны оддын тоглолтыг санагдуулам содон байлаа.
Тоглолт шөнө дунд хүртэл үргэлжилсэн бөгөөд шугамын автобуснууд аль хэдийнэ зогссон байв. Тэр үед хувийн такси, микроавтобус гэж байгаагүй тул бүгд явган харьж билээ. Төв цэнгэлдэх хүрээлэнгээс буцах замдаа “Хөх тэнгэр”-ийн дууг аялсан доргио залуусын цуваа Энхтайвны гүүрийг нураах шахаж байв. Тэр тоглолтыг олон хүн мартаагүй болов уу. “Хөх тэнгэр” хамтлаг байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан тэд анхны бүрэлдэхүүнээрээ 20 жилийн дараа дахин тайзнаа нэгдэх тоглолтын зар түглээ. Зууны манлай дуучин, гавьяат жүжигчин Б.Сарантуяа, Б.Дашдондог, урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Энхбаяр, Г.Пүрэвдорж, анхны ахлагч Н.Ганбат болон дуучин Н.Ганхуяг, Б.Цогоо, гитарчин Д.Өлзий-Орших, Г.Буян-Өлзий, хөгжимчин Н.Халиун, бөмбөрчин Ж.Золбоо нар ирэх баасан гаригт “Крокус ивент холл”-д тоглох аж. Тэртээд, 1990-ээд оны эхэн үед үлдсэн цэл залуухан, дурсамж дүүрэн он жилүүд рүүгээ аялмаар байна уу.
Зүүн гар талаас: Сарантуяа, Пүрэвдорж, Бадрал, Энхбаяр
-“Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан “Хөх тэнгэр” хамтлагийг үүсгэн байгуулсан бил үү?
Н.Ганбат: -Хоёр Герман нэгдэх үед монгол залуучууд тэнд цугларч байлаа. Би ч тэнд гэрээгээр ажиллаж байхдаа эртний найз Б.Жаргалсайхантайгаа таарч яриа өрнүүлсэн юм. Жагаа “Хоёулаа залуучуудад, нийгэмдээ, цаашид улс орондоо хэрэгтэй бизнес хамтарч хийе. Би мөнгөөрөө сүүлийн үеийн тоног төхөөрөмж, хөгжим авъя, чи мэргэжлийн уран бүтээлчид цуглуулж чадах уу” гэсэн. Би ч зөвшөөрч Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын “Хоовон” Г.Энхбаяр, ХБК-ийн багш сахал Пүүжээ, МОНЦАМЭ-д ажиллаж байсан Н.Ганхуяг нарын найз руугаа утас цохиж “Бидний мөрөөдлийн хөгжмийг авч өгье гэнэ” гэж санал тавьсан. Долоо хоногийн дараа тэдэн рүү залгахад “Бүгд ажлаасаа гарахаар болсон. Наад хөгжмөө аваад ир” гэсэн. Үнэ өртгийг нь тодорхой санахгүй байгаа ч бараг 400 гаруй мянган ам.доллараар Германы алдартай хөгжмийн үйлдвэрээс техник төхөөрөмж, зэмсгүүдээ худалдан авсан.
Г.Энхбаяр: -Пүрэвдорж, Ганбат бид гурав Хөгжим бүжгийн дунд сургуульд суралцаж байхаасаа нэгнээ мэднэ. Мэргэжлийн түвшний рок поп хамтлаг байгуулах тухай яриа бидний дунд байсан ч хувьсгалын тохироо бүрдэхгүй явсаар 1990 оны ардчилалтай золгож, боломж гарсан.
Д.Өлзий-Орших: -1991 оны эхээр байсан санагдана. Намайг Баянмонгол чуулгын хөгжимчн өөр ажиллаж байхад “Хоовон” Энхбаяр ах шөнө утасдаад “Гоё гитараар тоглох уу” гэсэн ганцхан асуулт тавьж, би шууд л зөвшөөрсөн. Намайг “Хөх тэнгэр”-т ороход байгуулагдаад анхны тоглолтоо аль хэдийнэ хийсэн байсан. Тухайн үеийн хамгийн мундаг уран бүтээлчид нэгдчихсэн болохоор над шиг хүү сургуульд сурснаасаа ч илүүг тэднээс мэдэж авсан.
-“Хөх тэнгэр” нэрийг хэн өгсөн бэ?
Н.Г: -Одоо сайн санахгүй байгаа ч хамтлагтаа өгмөөр нэр хүн бүрт байгаад, будаа шигших нь холгүй юм болсон. “Блю скай” гэж англиар хэлэхэд ч сонсголонтой гээд одоогийн нэрний санааг анх Ганхуяг гаргасан. Хөх тэнгэрээ шүтдэг монголчуудад бэлгэ дэмбэрэлтэй гэж бид санал нэгтэйгээр дэмжсэн. Хөх тэнгэр цэлмэг, уужим байдаг шиг бидний уран бүтээл нийгэмд нөлөөлж, өргөн цар хүрээтэй тархаж, тэнгэр шиг тааламжтай мэдрэмжийг хүмүүст өгөөсэй гэсэн бэлгэдлээр ийн нэрлэсэн.
-Тухайн үед олон хамтлаг байсан ч уран бүтээлчид нь мэргэжлийн сургууль төгссөн, хөгжим техник нь чанартай гэдгээрээ танайх бусдаас ялгарч байсан. Тэгэхээр та нарын зорилго ч бас илүү том байсан биз?
Г.Э: -Хөгжимчдийн болон дуулаачдын ур чадвар, зохиол, найруулгын чанар бүгдийг мэргэжлийн түвшинд байлгахын тулд анхаардаг байсан. Орост дээд мэргэжил эзэмшсэн дөрвөн ч уран бүтээлч манайд байсан. Тиймээс зүгээр нэг хөнгөн дуу хийгээд байлгүй, найруулга нь хүртэл утга гүн бүтээл хийе гэж бодож асаж байлаа. Хэлмэгдүүлэлтийн үед ард түмэн хэрхэн зовж зүдэрч байсныг болон Монголын түүхийг дуугаараа илэрхийлэхийг зорьж, “Хэлмэгдэл”, “Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Талын Монгол”-оо гаргасан.
Н.Г: -“Пинкфлойд”, “Битлз”, “Бийжийс” зэрэг мундаг хамтлаг шиг мэргэжлийн түвшний уран бүтээл яагаад бид ч гэсэн хийж болохгүй гэж” хэмээх оргилуун хүсэл байсан ч зах зээлийн маркетинг менежмент одоогийнх шиг хөгжөөгүй үе болохоор зорилгодоо хүрээгүй байх. Гэхдээ л манай дуунууд сэтгэлд амархан хоногшихоор сайхан үг, гоё аялгуутай болохоор тухайн үеийн залууст гэгээн дурсамж өгсөн.
-“Хэлмэгдэл” нэртэйгээр Төв цэнгэлдэх хүрээлэнд анхны тоглолтоо толилуулж байсан санагдана.
Н.Г: -Монголд хэн ч хэрэглэж үзээгүй хөгжмөөр иж бүрэн зэвсэглээд Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийсэн нь тухайн үедээ шинэлэг байлаа. Гэхдээ өөрсдөө бүгдийг болгоно гэж бодсон нь бидний алдаа байсан. Техникийн мэдлэг өндөртэй хүн тоглолтын дууны инженерээр ажиллах ёстойг тооцоолоогүйн улмаас хөгжмийнхөө нөөц бололцоог бүрэн ашиглаж чадаагүй. Анхны тоглолтоо хийнэ гэж сэтгэл хөдлөөд, Монголынхоо уур амьсгалын эрс тэс байдлыг ч тооцоололгүй, өдөр нь жигтэйхэн халсан болохоор орой нь богино цамцтай гараад алаад өгнө гэж бодсон. Тэгтэл хүйтрээд хөгжмөө тоглох гэхээр гар бээрч бүр куртка өмссөн.
Г.Э: -Бид “МАХН мандтугай” гэсэн лоозон тайзнаа хадсан байснаа унагааж урж тасадсан. Чингис хааныхаа зургийг залсан. Филатовагийнх байгаад сүүлд Жаргалсайханы худалдаж авсан цагаан “Мерседес бенз”-ийг дуучид тайзнаа унаж гарсан. Тийм машиныг зөвхөн дарга нар хөлөглөдөггүй, жирийн дуучин ч унаж болдог юм байна шүү гэдгийг ард түмэнд үзүүлж, ардчилсан улс боллоо, ямар нэгэн юманд захиргаадуулахгүй болсон гэх мэдрэмж манай хамтлаг анх урлагийн талаас нь үзэгчдэд хүргэсэн.
-Дуу төрсөн түүхүүдээсээ хуваалцахгүй юу?
Г.Э: -Бид “Санзай”-н амралтад хоёр сар гаруй байрлаж сургуулилалт хийсэн. Тэндхийн том шавар гэрт манай бүх хөгжим багтдаг байлаа. Пүүжээ бид хоёрыг дуугаа зохио гэж өнөөдүүл шахаж, дэргэд нь байдаг жижиг гэрт ээлжилж түгжинэ. Цэвэр агаарт, саад болох хүнгүй, ганцаараа хөгжмөө зохиогоод суухад ч сайхан шүү. Бид хоёр өнөөхөө хар гэр гээд нэрлэчихсэн. Өнөөдөр Энхбаяр ийм, Пүүжээ тийм дуу зохионо гэж төлөвлөнө. Дашдондогийн дуулсан “Охин”-ы шүлгийг нь нэг иймэрхүү гэж Монголын радиогийн утга зохиолын редактор байсан Л.Мягмарсүрэнгээр бичүүлж байлаа. Дашкагийн хоолойд тохируулж, хоёр охиндоо зориулъя гэж зорьсон болохоор тэр дуу удаан амьдарч байгаа байх.
Г.Пүрэвдорж: -Хамтлаг байгуулсан зунаа тэр амралтад очиж, уран бүтээлээ эхлүүлсэн болохоор сайхан зуныг, гоё байгалийг, тухайн мөчөө дурсахын тулд “Дурсгалт зуны бороотой үдэш” нэртэй анхны дуугаа бүтээсэн. Миний хувьд дуу төрүүлэхэд үг нь хэрэгтэй. “Хөх тэнгэр”-ийн анхны томоохон уран бүтээл бол миний “Монгол маань”, Г.Энхбаяр ахын “Хэлмэгдэл” рок маягийн дуурь байсан. Р.Чойном, М.Цэдэндорж нарын мундгуудын шүлэг найраглалыг уншиж, судлах маягаар 10 гаруй дууны аялгуугаа гаргасан учир тэд манай хамтлагт хувь нэмрээ их оруулсан гэж болно. Социализм “нурж”, бүх юм задгай болсон нь уран бүтээл хийхэд ч чөлөөтэй байлаа.
-Хамтлагийн дурсамж гэхээр хамгийн түрүүнд сэтгэлд ямар үйл явдал бууж байна вэ?
Г.Э: -Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгад байхдаа “Хилчин” хамтлаг байгуулж, Дашдондогийг дуучнаараа авсан тул хоолойнх нь цар хүрээг мэднэ. Бидний дур сонирхол нэг учир “Хөх тэнгэр”-ийг байгуулахад Дашкаг уруу татаж, ажлаас нь гаргаж байлаа. Халагдах өргөдлөө удирдлагадаа өгтөл Дашдондог “Би ямар шалтаг хэлж ажлаас гарах вэ” гэж эмээхээр өргөдлийг өмнөөс нь бичиж байсан санагдана.
Н.Г: -Б.Жаргалсайхан Сингапураас хөгжмийн продюсер урьж авчирсан юм. МХО-нд бэлтгэлээ хийж байсан бид “Далай” дуугаа өнөө хүнд тоглож үзүүлэхэд “Энэ далайн тухай зохиол хэрнээ голын ус хоржигнох чимээ шиг сонсогдоод байна” гэж байна. “Би амьдралдаа далай үзээгүй болохоор өөрийн чихэнд хоногшсон голын чимээгээр арын шуум тавьсан юм” гэж хошигносон.
Г.П: -Зурах сонирхолтой болохоор хамтлагийнхаа гишүүдийг бүгдийг шог байдлаар дүрсэлж дурсгаж байсан. Тэгтэл Энхбаяр ахыг хошигнож зурах гэтэл нэг л болж өгдөггүй, сар боллоо. Нөгөөдүүлээ зураад аль хэдийнэ өгчихсөн байдаг. Хоовон ахаас онцлох содон зүйл хайгаад л байнга ширтэнэ. Яг ямар гэдгийг нь одоо санахгүй байгаа ч нэг онцлог зүйл ажиглаад тэрийг нь тодруулаад зуртал манай хэд “Ёстой гоё болж” гэж урам өгч билээ.
Д.Ө: -Хүүхэд залуучуудын театрт тоглолтоо хийж, эхний тав дахь дуугаа хөгжимдөж байтал миний гитарын утас тасарчихсан. Сараа “Өөжгийгийн гитарын утас тасарчихлаа. Гэхдээ би та нарыг уйдаахгүй” гээд л үзэгчдийг “панаалдаж” байх зуур утсыг нь солих гээд сандраад, хамаг хөлсөө дуслуулсан. Тэгтэл “Харанга”-ын Лхагвасүрэн хөшигний хажууд ирээд инээчихсэн “Тайван, тайван, тайван” гэж билээ. Налайхад тоглоход халамцуу хүн олон ирсэн. Тэр хавийн сайн эрчүүд бололтой, тоглолтын дундуур тайзан дээр архитай гарч ирээд “Та нар үүнийг уухгүй бол тоглолтыг чинь үргэлжлүүлэхгүй” гэж үймүүлсэн. Тоглож байгаад нүдний буланд юм хөдлөхөөр нь хартал хөшигний цаанаас лужир том шуутай гар Пүүжээ ахыг хүзүүнээс нь өргөөд орчихлоо. Ахиулаад хартал нэг эр сугандаа толгойг нь хавчуулаад ам руу нь архи цутгаж байсан. Сонгуулийн үеэр хөгтэй явдал их болно. Аль ч билээ нэг суманд баахан эмээ, өвөөд тоглолоо. Гэтэл хажууд халамцуу залуучууд зодолдоод л бид тоглонгоо тэд нарыг сонирхоод эмээ, өвөө нар бидний тоглолтыг үзээд, харилцан нэгнээ харсан бантан болсон.
Г.Буян-Өлзий: -Дарханд тоглохоосоо хэдэн цагийн өмнө үйлчилгээнийх нь төвд эртний танилтайгаа таарч, жаахан рашаан хүртсэн юм. Нэлээд “хөөрхөн” болоод очтол угийн шулуун, шударга Сараа надад их уурласан. Түүнээс хойш тийм явдал дахиж гаргаагүй. Сараа бидэндээ их халамжтай. Хөх хотод тоглолт эхлэхээс 10 минутын өмнө гэнэт би өндөр халуурч, орноосоо ч босож чадахааргүй болсон. Сараа өрөө рүүгээ гүйж цай шиг юм авчраад уулгахад учиргүй хөлөрдөг юм байна. Гэрээ бол гэрээ болохоор би хөлсөө сэвээд л, Сараа, энийг, тэрийг өмс гэж сандраад л тоглолт эхлэхээс ганцхан минутын өмнө амжиж тайзнаа гарсан.
-Танай хамтлагт олон хүн орж, гарч байсан. Бас өөд болсон хоёр ч уран бүтээлч бий. Тэднийгээ дурсана уу?
Г.Э: -“Смоки” Ганбаа, Воовка, “Өргөө”-гийн басс гитарчин Баатархүү, Баянмонголын басс гитарчин Нараа, “Шигтгээ”-гийн Цогоо, “Никитон”-ы Баачка, “Нью стар”-ын захирал Энхмандах, продюсер Халиун гээд манай хамтлагаар дамжсан уран бүтээлч олон. Тэд бүгд л Монголын рок попын түүхэнд мөрөө үлдээсэн, төлөөлөгч болжээ. “Хархорин”, “Занабазар” зэрэг дууг бичсэн аргил гитарчин Сансар, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгад хамт ажиллаж байсан Бадрал нар тэнгэрийн орон руу оджээ. 1990-ээд оны сүүлчээр бид тоглохдоо Бадралынхаа гэгээн дурсгалд зориулсан.
Н.Г: -Сансар их нямбай, хөдөлмөрч. Үргэлж инээж явдаг, намуухан дуутай, хошин шогийн мэдрэмжтэй, хамт олонч залуу байж билээ. Хэдий өөр мэргэжилтэй ч аргил гитар тоглодог. Амьд байсан бол олон сайхан дуу зохиох байсан юм. Бадрал Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын хамгийн сайн бөмбөрчин байсан. Би ч гэсэн бөмбөр сонирхдог. Бадралыг алдчихаар нь өөрийн эрхгүй харчихдаг юм. Тэгтэл “Ганбаа намайг алдахаар битгий харж бай. Чамайг харахаар бүр сандраад дахиад алдаад байх юм” гэж байсан. Би жаахан ширүүн харцтай юм шиг байна лээ. Хамт тоглож байсан тэднийхээ гэр бүл, үр хүүхдийг энэ тоглолтдоо урьж, дурсана гэж бодож байна.
-“Буян”-гийн Жагаатай санал зөрөлдсөн, Ганхуяг Сарантуяа хоёр салсан, эсвэл нэг хамтлагт хэтэрхий олон лидер цуглахаар амжилтад хүрдэггүй гээд л “Хөх тэнгэр” тарсан шалтгааныг хүмүүс олон янзаар ярьдаг юм билээ.
Г.Э: -Бидний лидер гэж юу байх вэ. Дэлгүүрт давснаас өөр юмгүй, бүгд наймаанд явдаг байсан 1990-ээд оны үед бид цалинтай, цалингүй ажиллаж урлагтаа үнэнч үлдсэн. Жаргалсайхан уран бүтээлд шалгуур тавьж оролцсон зүйл байхгүй. Гэхдээ бидний гэр бүлд олон ангайхай байсан тул үргэлж цалингүй яваад байх боломжгүй. Ядаж байтал тоглолт хийлгэхгүй, бэлтгэлээ л базаагаад байх нь хэцүү байсан. Үүнээс шалтгаалж санал зөрөх удаа байсан ч өстөн дайсан болоогүй. Хэрвээ тэр үед амьдрал цэцэглээд, бүх зүйл хэвийн байсан бол илүү олон уран бүтээлтэй, одоо ч ард түмний хайрыг татсан хамтлаг байх байсан болов уу.
-Нэгэнт хамтран тоглож байгаа хүмүүс цаашдаа яах бол?
Д.Ө:- Бид Хятадад “Хөх тэнгэр” гэсэн цуврал хоёр кассет хэвлүүлж, үгийг нь хятадаар орчуулж худалдаж байлаа. Харамсалтай нь одоо тэр бидний хэнд ч байхгүй юм билээ. Дууны бичлэгүүд зөвхөн Монголын радиогийн архивт байдаг. Уран бүтээлээ байнга сануулж байхгүй бол өдөрт хэдэн мянган дуу мэндэлж, мартагдах нь амархан. Олон ч хамтлагийн сайхан дуунууд сайн бичлэг, клипгүйн улмаас мартагджээ. Баачкагийн “Зоогийн газар”, Сарантуяагийн “Бороо”, “Мартаж болдоггүй сэтгэл”, Дашдондогийн “Охин” гээд манай хэдхэн дуу л клиптэй. Тиймээс энэ удаагийн тоглолтоор 1990-ээд онд ийм хамтлаг байжээ гэдгийг хүмүүст дурсуулахыг хүссэн. “Хөх тэнгэр”-т дуртай байсан сонсогчдодоо зориулж цомог гаргая гэж бодож байгаа.
Б.ДӨЛГӨӨН