“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд МУГЖ Д.Алтанхуягийн удирдлагаар “Welcome to Mongolia-2015” олон улсын балетын наадмыг энэ сарын 18, 19-нд Монгол Улсад хоёр дахь удаагаа зохион байгуулна.
Монголын балетын хөгжил сангаас зохион байгуулж буй эл наадамд Монгол, АНУ, Гүрж, Франц, Испани, Япон, Казахстан, Тайваний шилдэг балетчид оролцоно.
Монголын үзэгчдэд балетын хөгжлийн шинэ төрх, балетын урлагийг илүү ойроос мэдрүүлэх зорилготой энэ наадамд АНУ-аас уригдан оролцож байгаа балетчин Уитни Женсенээс Монголын талаарх сэтгэгдлийг нь асуухад “Миний төсөөлж байснаас илүү хөгжилтэй сайхан хот намайг угтаж авсан. Алтанхуяг болон бусад балетчидтай нэг тайзан дээр хамтарч бүжих гэж байгаадаа маш таатай байна” гэв.
Тоглолтод дэлхийн шилдэг бүжигчидтэй хамтран ажилладаг бүжиг дэглээч, балетчин Фан И балетчин Д.Алтанхуягт зориулж тавьсан бүжгээ хамтран бүжиглэхээс гадна “Хунт нуур”, "Ромео Жульет”, “Камэллиа Хатагтай”, “Корсар”, “Травиата” зэрэг бүжгэн жүжгийн хэсгээс толилуулна.
Тоглолтын бүрэлдэхүүн Монгол Улсад тоглосныхоо дараа Япон улсыг зорих аж.