“Welcome to Mongolia” балетын наадамд оролцох гадаадын уран бүтээлчид өнөөдөр манай улсад ирлээ. Зургадугаар сарын 18, 19-нд болох эл наадамд оролцох найман бүжигчин болон Тайванийн бүжиг дэглээч Фан И нар гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн урилгаар Монголд зочилж буй юм. Фан И өөрийнхөө дэглэсэн бүжгийг Д.Алтанхуягтай бүжиглэх бол бусад нь Дэлхийн хамгийн алдартай бүжгэн жүжгийн оргил хэсгийг үзэгчдийн хүртээл болгоно. Уран бүтээлчид маргааш 13.00 цагт Нийслэлийн Засаг даргын тамгын газар хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчидтэй уулзахаар төлөвлөжээ.