Аюуми Нагаяа 17 настайдаа анх Монгол оронд хөл тавьсан. Ахлах сургуулийн сурагч солилцооны хөтөлбөрийн хүрээнд манай улсад ирээд хөдөөний малчин айлд зочилж, хотод ч олон найзтай болоод амжжээ. Түүнийг монголоор нэг ч үг хэлж чаддаггүй байхад түр хугацаанд амьдарч байсан айлынх нь үе тэнгийн охин төрөлх хэлээр нь тун сайн ярьдагт тэрбээр жаахан атаархдаг байж. Яаж түүн шиг гадаад хэл сурч, монголоор ярьдаг болох вэ гэж бодсоор нутагтаа очсон хойноо Токиогийн Гадаад судлалын их сургуулийн Монгол судлаачийн ангид элссэн байна.
Их сургуульдаа хоёр жил сурчихаад мэргэжлээ дээшлүүлэхийн тулд хувийнхаа зардлаар Монголд ирж “Ном эх” дээд сургуульд оржээ. Түүнийг гадаад руу явах болсныг дуулсан эмээ нь “Миний охин очиж байгаа улсынхаа өв соёлыг сонирхож, үндэснийх нь урлагийн ямар нэг төрөл зүйлийг эзэмшээд ирээрэй” гэж захижээ. Урлаг, соёлын салбарын хүн биш хэдий ч Аюумигийн эмээ нь тийм л алсын бодолтой нэгэн аж.
Гэхдээ түүнийг үегүй мэт уран нугардаг хүн болоод ирнэ чинээ санаагүй гэсэн. Охиноо ирснийх нь дараа сурсан эрдмийг нь сонирхон харчихаад “Ямар аймаар юм бэ. Би чамайг хөгжим эсвэл дуу сураад ирэх байх гэж бодтол их хэцүү зүйл сурсан байна. Гэхдээ бахархаж байна” хэмээн уулга алджээ.
Японд циркийн урлаг хөгжөөгүйн зэрэгцээ жирийн иргэд нь уран нугаралтыг огт мэддэггүй байх тэр үед Аюуми Монголд ирсэн учраас урлагийн энэ төрлөөр хэдэн настай хүн хичээллэдэг тухай ч төсөөлөлгүй байжээ. Хэдийнэ 22 нас хүрч, яс, булчин нь хатуурчихсан хүн уран нугаралтаар хичээллэхээр сэтгэл шулуудсан болохоор “Отгоо” студийн багш Д.Отгонцэцэг ч хүсэл, мөрөөдлийг нь үгүй хийж, сэтгэлийг нь сэвтээхийг хүссэнгүй. 5-6 настай хүүхдүүдтэй хамт эхлүүлсэн сунгалтын дасгал, бэлтгэл түүнд их зүйл ойлгуулжээ. Жижигхэн найзуудынхаа дэргэд тэсвэр алдаж уйлбал том эгч ичгэвтэр байдалд орно. Сунгалтаа шахуулах түүнд амаргүй байсан ч уран нугаралтын гайхамшигт дэндүү гүнзгий дурлачихсан учраас шүд зуун тэвчив.
Ямар ч төсөөлөлгүй эхлүүлсэн уран нугаралтынхаа тухай уншиж, судалсаар дэлхийд гайхагдсан энэ урлагаар хэн дуртай нь хичээллэж, амжилт гаргаж чадахгүй гэдгийг ойлгоод эхний ээлжинд эрүүн дээрээ тогтдог болоход л хангалттай гэж үзжээ. Гэтэл хичээл зүтгэл нь түүнд энэ хүслийг нь ганцхан сарын дотор биелүүлж өгөв. Хүний шунал барагдахгүй учраас тэр үргэлжлүүлэн хичээллэсээр хоёр жил Монголд амьдрахдаа уран нугаралтын дасгалыг амьдралынхаа нэг хэсэг болгожээ. Тийм ээ, Аюуми монгол уран нугаралтаар хичээллэсэн анхны япон бүсгүй. Саяхан уран нугаралтын “X roses” студид нэг япон охин хичээллэж эхэлснээс гадна, удахгүй хоёр ч бүсгүй нэмэгдэх гэж буй тухай манай сонин мэдээлсэн. Тэгвэл тэд бүгдээрээ Аюумигийн шавь.
2007 онд нутагтаа буцаж очоод Аюуми уран нугаралтын зарим дасгалыг охид, бүсгүйчүүдэд зааж өгчээ. Тэдний хувьд урлагийн цоо шинэ энэ төрөл сонирхолтой байсан тул уран нугаралтын сургалтыг зорих хүмүүсийн тоо нэмэгдэх болжээ. Гэхдээ Аюуми өөрийгөө уран нугараач гэж боддоггүй. Харин арга техникийг нь багахан хэмжээнд судалсан хүн л гэнэ. Тиймдээ ч циркийн жүжигчин биш Монголын циркийн судлаач болох замналыг сонгож, одоо нутагтаа гадаадын циркийн үзүүлбэрийг урилгаар тоглуулдаг зуучлалын компанид ажиллаж буй. Алсдаа тэрбээр Японд Монголын уран нугаралтын шоу хийдэг тайзтай болохыг хүсэж байгаа.
Аюуми Нагаяагийн уран нугаралтын багш Д.Отгонцэцэгийн студийн 15 жилийн ой энэ онд тохиосон учраас тэрбээр өнгөрсөн долоо хоногт манай улсад ирээд өнөөдөр буцаж буй. Түүнтэй уулзан, ярилцаж байхдаа 30 хүрсэн бүсгүйн бус гурав, дөрөвхөн настай хүүхдийн төрхийг олж харав. Монголоор сайн ярьдаг хэдий ч хэллэг, аялга нь жаахан хүүхдүүдийг санагдуулна. Арга ч үгүй биз, түүний монгол найзууд нь бяцхан нугараач охид байсан шүү дээ. Тэр ч бүү хэл Аюуми нэг удаа өөртэйгөө ойролцоо насны худалдаачин эрд “Ах аа, нэг зайрмаг авъя” гэж хэлээд шоолуулсан гэсэн. 74 жилийн түүхтэй Монголын циркийн урлагийн талаар ийм их зүйл мэддэг гадаад хүнтэй өмнө нь таарч байсангүй.
Ё.Батболдын “Монгол циркийн нэвтэрхий толь”, Ё.Доржсүрэнгийн “Монгол цирк”, Б.Норовсамбуугийн “Монголын уран нугаралт” зурагт ном гээд манайд байгаа циркийн холбогдолтой бүх номыг уншиж, танилцчихсан гэдгээ ч тэр хэлсэн. Одоо харин судалгааны материал хомс байгаа учраас Монголд ирэх бүртээ л циркийн талаар мэдээлэл цуглуулдаг аж. “Чи Монголын уран нугараачдаас хэний тоглолтыг эсвэл тоглолтын бичлэгийг нь үзэх дуртай вэ” гэж асуухад “Төрийн шагналт Т.Цэнд-Аюуш, Д.Мажигсүрэн, Б.Норовсамбуу, гавьяат жүжигчин Б.Энх-цэцэг багшийг мэднэ. Тэдний бичлэгээс олж үзсэнээс гадна, намтрыг нь ном, сониноос уншсан.
Бас Отгоо багшийгаа хүндэтгэдэг” хэмээн түгдрэлгүй хариулахыг нь сонсоод бүр ч балмагдав. Монголын циркийн урлаг, тэр дундаа манай домогт уран нугараач нарын нэрийг ингэж сайн мэдэх хүн бидний дунд хэд билээ дээ. Япончууд циркийн урлагийг төдийлэн сонирхдоггүй ч жилдээ ганц удаа тоглодог “Нарны цирк”-ийн шоуг бүгдээрээ л үзэхийг хүсдэг гэсэн. Бусад циркийн тоглолтыг ойшоохгүй байгаад нь Аюуми сэтгэл дундуур байсан. Монголын цирктэй амьдралаа холбож, уран нугаралтын дасгал сурснаараа тэрбээр тэсвэр хатуужил, багш шавийн нандин холбоог илүү сайн таньж мэдсэн юм билээ.
Тиймдээ ч өөрийг нь нээж, хөгжүүлсэн энэ урлагийг эх орондоо таниулж, Монголын циркийн жүжигчдийг Японд урьж тоглуулахын төлөө ажиллаж буй. Нутаг буцсанаасаа хойш тэрбээр япон хэлээр “Монголын уран нугаралт” ном хэвлүүлээд амжсан юм билээ. Өөртөө болон ойр дотнынхондоо зориулан номоо цөөн тоогоор хэвлүүлсэн ч олон япон охинд энэ ном хөтөч болох нь дамжиггүй. Аюумигийн том зорилгын нэг хэсэг нь биелээд эхэлчихлээ. Шавь нар нь уран нугаралтаар хичээллэхээр Монголд ирж буй нь түүний л гавьяа. Хэзээ нэгэн өдөр Японд Монгол циркийн шоу болвол Аюуми хувь нэмрээ оруулсан байх нь гарцаагүй. Сүмогийн монгол аваргуудаар нь төсөөлдөг улсынхаа тухай арлын орны иргэд арай илүүг эндээс мэддэг болох биз ээ.
Ж.СОЛОНГО