Аагим халуунаас зугтах гэж л голын эрэг зорьдог байсан нийслэлчүүд энэ удаа автомашины хөгжил, түүнтэй холбоотой технологийн дэвшилтэй танилцахаар ”Монгол шилтгээн”-д цуглалаа. Ихэвчлэн урлагийн тоглолт, үдэшлэг зохион байгуулдаг задгай талбайд өнгөрөгч бямба гаригт автомашин сонирхогчдын анхаарлыг татаж, нүдийг хужирладаг, ховор төмөр хүлгүүд “Автоманиа” буюу “Автомашины хорхойтнууд” наадамд цугласан юм.
1967 оны буюу анхны “Мустанг”-аас 1960-аад оны “Волга”, монгол залуусын бүтээсэн “Багги” зэрэг ховор машинууд болон хурд хүч, тансаг байдал, үнэ цэнээрээ ялгардаг “Maybach”, “Rolls Royce”, “GTR 35”, “Audi R8” загваруудыг дэлгэсэн байв. Тэрбумаар үнэлэгдэх сүүлийн үеийн техникээс, цаашилбал алсын удирдлагатай буюу RC машины үзүүлэнгийн талбай, бартаат замын мотоцикль, газар уснаа явагч, монстер машинуудыг байрлуулсан харагдсан.
Автомашин сонирхогчдод зориулсан энэ удаагийн арга хэмжээ ирсэн зочдод автомашины хөгжил, дэвшлийг харуулаад зогсохгүй байрлуулсан машин бүрийн үүх түүх, давуу тал, онцлогийг танилцуулснаараа чухал ач холбогдолтой юм. Нанотехнологиор бүрхүүл үүсгэн хамгаалах арга, шилэн өнгөлгөө, автомашины хуулга наах үйлчилгээтэй танилцах боломжийг ч уг наадмын зохион байгуулагчид олгожээ.
Анх удаа зохион байгуулсан гадаа талбай дахь автомашин сонирхогчдын наадам өдрийн турш өрнөж, үдэш нь “Алтан ураг” тэргүүтэй урлаг соёлын хамтлаг, дуучдын тоглолтоор өндөрлөлөө.
О.УНДАРМАА