Ачаа тээврийн зориулалтаар 1985 онд Хөвсгөл нууранд аялж эхэлсэн “Сүхбаатар” онгоцыг “Номин” холдинг 1990 онд хувьчлан авч “Хөвсгөл усан зам” жуулчны баазыг байгуулснаар монголчууд гүнх хөх нуурынхаа мандал дээгүүр усан онгоцоор аялж эхэлсэн түүхтэй. Жил бүрийн зургадугаар сар хүргэж мөсөн хучлагаа “тайлдаг” далай ээж дотоод, гадаадын жуулчдын мэлмийг баясган мэлтэлзэж эхэллээ. Өнгөрсөн долоо хоногт Хатгал тосгонд цасан шуургатай байсан бол энэ долоо хоногийн турш агаарын хэм 24-25 байх гэнэ.
“Хөвсгөл усан зам” компанийн анхны аялалд өчигдөр 56 зорчигч нэгдэж, Монголын хамгийн гүн, цэнгэг нуурыг тольджээ. Аяллын үнэ өнгөрсөн жилийнхээсээ өөрчлөгдөөгүй бөгөөд 23 мянган төгрөгөөр цаг гаруйн хөтөлбөрт хамрагдан, усан онгоцоор зорчиж болох аж.
Энэ онгоц жилд 90-100 удаагийн аялал хийдэг бөгөөд нэг удаад 150 зорчигч тээвэрлэх боломжтой.