Монгол Улсын нутаг дэвсгэрт оршиж буй түүх, соёлын үл хөдлөх дурсгалууд нь он цагийн уртад нар, салхи, бороо, агаарын температурын өөрчлөлт, аянга цахилгаан гэх мэт байгалийн нөлөөгөөр элэгдэн гэмтэж, хагарч бутран, анхны хэлбэр төрхөө алдаж, зарим нь устаж үгүй болж байна. Түүнчлэн хүний зохисгүй үйл ажиллагаанаас шалтгаалан түүх, соёлын үл хөдлөх дурсгалууд сүйдсэн тохиолдол ч цөөнгүй. Тухайлбал, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу археологийн урьдчилсан хайгуул судалгаа хийлгэхгүйгээр ашигт малтмал олборлох, усан цахилгаан станц барих, авто зам тавих зэргээр түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг ихээхэн сүйтгэж байна. Тиймээс энэ оны тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл Түүх соёлын үл хөдлөх дурсгалын улсын тооллого хийх болжээ.
Тооллогын ажил өдгөө аймаг бүрт өрнөж байгаа бөгөөд Төв, Өвөрхангай аймагт ажиллаж байгаа мэргэжилтнүүд шинээр нэлээд олон хадны сүг зураг, хөшөө дурсгал илрүүлснээ мэдээлж буй юм. 2008 онд тооллого хийсний дараа 175 дурсгалыг улсын хамгаалалтад авч, 275 дурсгалыг аймгийн хамгаалалтад оруулж байсан. Шинэчилсэн тооллогын нэгдсэн дүн энэ оны сүүлчээр гарна.
Дашрамд дуулгахад, хүн төрөлхтний соёл иргэншлийн түүхийг улбааг хадгалсан дурсгал Монголд олон бий. Тэдгээрээс Орхоны хөндийн соёлын дурсгалт газрыг 2004, Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолборыг 2011 онд ЮНЕСКО-гоос Дэлхийн соёлын өвд бүртгэсэн байдаг.