Төвөргөөн гэхээр таны сэтгэлд хамгийн түрүүнд юу бууж, юу бодогдож байна вэ. Миний сэтгэлд юуны түрүүнд хүлэг баатрууд, адуун сүрэг дүрслэгдлээ. Ер нь энэ үг яагаад ч юм бэ монголчуудад л илүү тохирмоор санагддаг. Дэлхийн талыг морьтойгоо туулсан монгол дайчид, хурдан морины уралдаан, нүүдлийн мал аж ахуй гээд морь хэмээх тэнгэрлэг амьтантай холбоотой түүх, ёс заншил, ахуй амьдрал чухамхүү монголчуудынх учраас тэр буй за. Тэгвэл нэрнээсээ л агууламж, өгүүлэмж нь тодорхой харагдах “Төвөргөөн” үзэсгэлэнд дэлгэсэн 30 уран бүтээлийн дийлэнхээс янцгаах чимээ “сонсогдоно”. Мөн монгол хүний сэтгэл, сэтгэхүй, бас онгод шүтээнийх нь талаар ч өгүүлэх болно. Залуу зураач Б.Лувсанпэрэнлэй жинхэнэ монгол ахуйгаа мэдэрч хөдөө төрж, өссөн учраас багаасаа л морьтой найзалжээ. Өсөж том эр болсон ч найзаа мартсангүй. Харин ч улам санагалзан, тэмүүлэх болсон аж. Тиймээс л морины тухай олон уран бүтээлээ хийсэн байна. Тэрбээр орчин үеийн болон миненталь урсгалаар бүтээсэн зургуудаа дэлгэжээ. Өнгөний хувьд голдуу ууссан, дагнасан тоглолт хийсэн нь зарим зургийг удаан тогтож харж байж дүрс нь тодрох аж. Жишээ нь, домгоос сэдэвлэсэн “Цагаан тэнгэр” зургийг сайн ажиглавал цагаан буга унасан онгод тэнгэр болон түүнийг хамгаалагч дөрвөн хүчтэнийг олж харах болно. Үндсэн дэвсгэрээсээ төдийлэн ялгарахгүй өнгөөр өгүүлж буй зүйлээ зурсан учрыг нь түүнээс тодруулахад “Сайн ажиглавал гурван хэмжээст зураг шиг харагддаг талыг нь бодолцсон. Өнгө будгийн хувьд ялгарал багатай ч тосон будгийг мастихин /уран зураг зурахад ашигладаг багаж/ болон тариурын зүүгээр товойлгон туурвисан учраас бодит мэт харагдаж байгаа” хэмээн тайлбарласан.
Үнэхээр түүний зургуудыг дэргэдээс нь харвал илүү сүрлэг, “амьтай” юм билээ. Тосон будгийг тариурын зүүгээр нэгбүрчлэн татсан болоод тэр үү өвс ургамлын ширхэг бүр мэдрэгдэх шиг өвөрмөц санагдлаа.
Энэ мэт олон сонирхолтой бүтээлтэй танилцахыг хүсвэл энэ сарын 26 хүртэл “Маршал” галерейг зориорой.