Энхболдын Мөнхшүр одоо 23 настай. Хонгорхон хориод насыг хайрлахгүй байхын аргагүй болгодог оргилсон хүсэл мөрөөдөл, дотоод ертөнцийнхөө эрх чөлөөт байдлыг нэвт “ханхлуулсан” түүнтэй ярилцахад урамтай байв. Чикаго хотын ДэПол урлагийн их сургуульд магистрын зэрэг хамгаалсан Э.Мөнхшүр өдгөө Флорида мужийн Бока Ратон хотын Линнийн консерваторийн докторантурт суралцдаг. Дөрвөн настайгаасаа л төгөлдөр хууртай амьдралаа холбосон тэрбээр өнгөрсөн жил Флоридагийн хөгжмийн сургуулийн хүндэт индэрт Монголын далбааг анх мандуулсан юм. Хоёр жилийн дараа сургуулийн амралтаараа эх орондоо ирээд буй түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Америкт төгөлдөр хуурчдын тэмцээнд түрүүлээд, баримтат кинонд зургаа авахуулсан гэл үү?
-“147 piano” баримтат киноны зураг авах ажил хоёр жилийн өмнөөс эхэлсэн юм. Төгөлдөр хуур хөглөдөг, засдаг хүмүүсийн тухай өгүүлэх энэ киноны зураг авалт саяхан дууссан. Долдугаар сард нээлтээ хийх учраас би түүнээс өмнө Америк руу буцах ёстой. Киноны оргил хэсэгт 147 төгөлдөр хуурч хөгжимддөг юм. Би Шопены бүтээлийг том роял дээр гоцолсон. Бусад нь энгийн, босоо төгөлдөр хуураар бүгд ижил ая тоглосон. Тэдгээр төгөлдөр хуурчийн олонх нь америк байсан. Тэр дунд Азиас ганцаараа би байсан гэхээр сайхан санагддаг. Энэ киногоо удахгүй бүрэн эхээр нь Монголынхоо үзэгчдэд хүргэхээр өөрөө орчуулж байгаа.
Миний хувьд сурахын зэрэгцээ янз бүрийн уралдаанд оролцож, өөрийгөө сорихыг хүсдэг. Флорида, Чикаго, Мичиган, Луизана тэргүүтэй олон газарт “Монголын төгөлдөр хуурч” хэмээн цоллуулж явсандаа баярладаг. Өнгөрсөн оны арав, арваннэгдүгээр сард болсон хөгжмийн наадамд төгөлдөр хуураар түрүүлж, Флоридад оркестртой тоглосон. Мөн Чикагод магистрт сурч байхдаа хоёр удаа тоглолт хийсэн. Түүнчлэн тэр үед төгөлдөр хуур хөгжмийг олон нийтэд таниулах долоо хоногийн арга хэмжээнд оролцож, Чикагогийн Байгалийн түүхийн музейд Хятадын нэрт төгөлдөр хуурч Лан Ланы араас алдарт Стэйнвэйгээр тоглож байлаа.
-Ямар сайхан юм бэ. Чикагод хоёр ч удаа тоглолт хийсэн гэлээ. Тоглох танхимаа олох, тасалбар борлуулах гээд чамгүй ажил болдог байлгүй. Мөн хаана, ямар уралдаан болно, түүнийг олж, оролцоно гэдэг ч амаргүй байх. Энэ бүхнийг өөрөө хөөцөлдөж бүтээдэг үү?
-Өөрөө л бүх зүйлийг зохион байгуулна даа. Бидэн шиг оюутнууд, тэр дундаа гадаадын хүн их сургуулийн концертын танхимд, эсвэл сүмд тоглолт хийх л боломжтой. Тоглолтоо аль болохоор айхтар өндөр зардал гаргахгүй хийхийг бодно. Угаасаа сонгодог хөгжмийн тоглолт хийгээд ашиг олно гэж байхгүй шүү дээ. Гэхдээ Чикагод олон монгол хүн ажиллаж, амьдардаг учраас хоёр удаагийн тоглолт маань дүүрэн үзэгчтэй байсан. Хүний нутагт аж төрж байгаа монголчууд элэг нэгтнийхээ тоглолтыг үзье гэж зорин ирсэн нь анзаарагдсан. ДэПол урлагийн их сургуулийн тайзны ажилтнуудын хэлснээр миний тоглолт үзэгчдээс хамгийн олон цэцэг авсан гэсэн. Аливаа зүйлийг зохион байгуулах авьяас гэдэг юм байдаг болов уу. Азаар тэр нь надад заяасан байх. Би 2009 онд ДБЭТ-т, дараа нь 2010 онд Улсын филармонийн тайзнаа бие даасан тоглолтоо хийхдээ мөн л өөрөө ихэнх зүйлээ хөөцөлдөж бүтээсэн. 2011 онд МУЗ-ийн хэрэгжүүлдэг Урлагийн менежментийн хөтөлбөрт хамрагдаж, тэр жилээ “Их талын жааз” наадмыг зохион байгуулсан нь ч том туршлага болсон.
-Америкт ямар мөрөөдөлтэй, ямархуу охин анх очиж байв. Одоо мөрөөдлийнхөө хэдэн хувийг биелүүлээд байна вэ?
-Америкт суралцах нь миний мөрөөдөл байсан. Тиймээс 2011 онд СУИС-ийг төгсөөд, Америкийн их, дээд сургуульд тэтгэлгээр магистрын зэрэг хамгаалахын тулд их хичээсэн. TOEFL-ийн шалгалтаа өгөөд, тоглолтынхоо бичлэгийг сургуулиуд руу явуулахад ДэПол-оос хариу ирж билээ. Гэхдээ тэр нь 100 хувийн тэтгэлэг байгаагүй. Гэвч ээж маань намайг мэргэжлийн чадварлаг хөгжимчин болгохыг хамгийн их хүсдэг учраас үлдсэн зардлыг гаргаад, бид хамт Америк явсан даа. Юу ч мэдэхгүй, хүний газарт ирсэн гээд ээж маань эхний хэдэн сар надад хань болж тэнд амьдарсан юм. Онгоцноос буунгуут ачаа тээшээ чирээд, амьдрах байр хайж байгаа юм. Очоод долоо хоногийн турш аятайхан байр хайсаар сүүлдээ ээжийн бие тавгүйтэж, түргэний машинаар эмнэлэгт хүргэгдсэн үе ч бий. Би тэр үед кинонд гардаг шиг “911” рүү залгаж түргэн дуудаад, гудамжинд уйлж хөглөж явлаа.
Ингээд бодохоор амаргүй зам туулж байж америк мөрөөдөлтэй учирсан байгаа биз. Амьдрал үнэхээр адармаатай юм билээ. Аав маань намайг Хөгжим бүжгийн сургуулиа төгссөн зун нас барсан. Магадгүй тэр үеэс би өөрөө л өөрийнхөө төлөө зүтгэх хэрэгтэй гэдгийг илүү ойлгосон байх. Одоогийн энэ сургууль маань харин бүх зүйлийг цаанаас даадаг. Гэхдээ л би энэ тэтгэлгийг олж авахын тулд Чикагогоос гараад Нью Йорк, Бостон, Индиана, Флорида зэрэг олон газраар явж, их сургуулиудад шалгалт өгсөн. Анх очсоноо бодоход мөрөөдлөө бага багаар биелүүлж л явна. Сурахынхаа хажуугаар Линний урлагийн бэлтгэл сургууль болон Плумоса урлагийн сургуульд хүүхэд багачуудад төгөлдөр хуур заадаг.
-Аавын эрх охин байсан уу. Тэр орон зай гэнэт эзгүйрэхээр ямар ч хүн барьц алддаг байх. Зарим нь тэгсхийгээд биеэ бариад, амьдралын төлөө үргэжлүүлэн зүтгэдэг байхад цөөнгүй хэсэг нь тэр чигтээ уруудах нь ч бий?
-Тийм шүү. Аавын орон зай гэдэг хэнээр ч, юугаар ч орлуулж боломгүй айхтар зүйл. Би аав, ээжээс хоёулхнаа. Айлын бага охин гээд их эрх байсан. Гэхдээ учиргүй тэрийг ч, энийг ч авна гэж зүтгэдэг байгаагүй л дээ. Юу буруу, юу зөвийг гадарладаг, багаасаа л зарчим ярьсан сүрхий “том” хүн байсан гэдэг. Аавыгаа өөд болсноос хойш хэсэг үнэхээр хэцүү байдалтай байсан. Гэхдээ тэр үед “Би ингээд амьдралд буугаад өгчихөж болохгүй, цааш явах ёстой” гэдэг хатуу байр суурь оюун санааг минь удирдаж чадсан учраас өнөөдөр өдий зэрэгтэй яваа болов уу. Хөгжим бүжгийн сургуулиа төгсөөд, СУИС-д ангиасаа ганцаараа ороход манай ангийнхан надаас дандаа хоёр, гурав, дөрвөн насаар ах, эгч байсан. Тэр дунд өөрийгөө хэн бэ гэдгийг харуулах шаардлага тулгарна биз дээ. Тэгээд л зүтгэсэн дээ.
-Олон хөгжмийн зэмсэг дотроос яагаад заавал төгөлдөр хуурыг сонгож хичээллэсэн юм бэ. Энэ өөрийн тань сонголт байв уу?
-Үнэндээ би сонгоогүй л дээ. Энэ бол аав, ээжийн сонголт байсан (инээв). Тиймээс энэ сонголтон дээр яагаад тэсэж үлдсэн бэ гэдэг асуулт миний хувьд оновчтой байх. Арван жил Хөгжим бүжгийн коллежид сурчихаад эцэст нь мэргэжлээрээ явалгүй, хаясан хүн олон байдаг. Миний хувьд сайн багшийн ачаар мэргэжилдээ үнэхээр дурласан. Ээж маань зураг зурдаг, урлагийн мэдрэмжтэй, харин миний аав жааз хөгжим сонсдог, гитар тоглодог хүн байсан. Тэд маань урлагт үнэхээр дуртай учраас намайг дөрвөн настай байхад СУИС-д аваачаад, ардын жүжигчин Цолмон багшид шалгуулсан юм билээ. Цолмон багш миний гарыг үзээд, дараа нь сонсгол, ритм шалгаад, “Болох юм байна. Хичээл заая” гэсэн гэдэг. Хөгжимчин болгонд тэр бүр заяадаггүй төгс сонсгол гэж байдаг. Төгс сонсголтой хүн ямар нэг дуу чимээ сонсоод, “Энэ тийм ноот дуугарч байна” гэж шууд хэлж чаддаг юм байна. Намайг тийм сонсголтой байна гэж багш их олзуурхсан гэдэг. Тухайн үед нэг цагийн 100 ам.доллараар хөгжмийн давтлага охиндоо өгүүлнэ гэдэг аав, ээжийн минь хувьд амаргүй л байсан болов уу. Гэхдээ аав, ээж минь тэгж бодож, замын дундаас орхиулаагүй тулдаа би зургаан настайдаа Хөгжим бүжгийн коллежийн бэлтгэл, нэгдүгээр ангийг алгасаад, хоёрдугаар ангид шууд орсон байх.
-Хөгжим бүжгийн сурагчдад бага нас “байдаггүй” гэдэгтэй санал нийлэх үү. Ингэж болохгүй, тэгэх хориотой, үүгээр ч тоглож болохгүй гээд л?
-Магадгүй шүү. Ямар сайндаа ээж минь нэг удаа “Би охиныхоо бага насыг хулгайлсан” гэж ярьсан байсан. Миний бага нас мөн л наад олон болохгүйн чинь дунд өнгөрсөн (инээв). Төгөлдөр хуураар хичээллэж эхэлснээс хойш гадаа тоглох хориотой, хүссэн зүйлээ дураараа хийж ч болохгүй болсон. Өдөр нь багштай сургуулилалтаа хийж ирээд, жаахан амарч байгаад дахиад л хөгжмөө давтана, гар хурууны дасгалаа хийнэ. Хажуугаар нь зураг зурна. Бас сургуульд орохоосоо өмнө би тооны дугуйланд явдаг байв. Ээж намайг гэрийн ажилд ойртуулахгүй, бараг л хоол ундыг минь халбагадаж өгөх шахдаг байж билээ. Сүүлд сургуульд орсон хойноо ч хичээлээ тараад шууд дараагийн дугуйлан руу, эсвэл англи хэлний сургалтандаа явна гэхээр заримдаа ангийнхан намайг цаашлуулдаг байсан.
-Хэзээнээс төгөлдөр хуургүйгээр өөрийгөө төсөөлөхийн аргагүй болтлоо мэргэжилдээ бүхий л зүрх сэтгэлээрээ дурлаж буйгаа мэдэрсэн бэ?
-Төгөлдөр хуур бол төгс хөгжим. Тэр утгаараа хөгжимчнөөс ч төгс байдлыг шаарддаг. Тиймээс дэлхийн ямар ч хөгжимчин “Би одоо л төгөлдөр хуурыг төгс тоглож сурлаа” гэж бодож зүрхэлдэггүй болов уу. Америкт одоо ная гарсан төгөлдөр хуурчид хөгжмөө тоглож л байдаг. Тоглох бүртээ шинэ зүйл мэдэрч, илүү сайн туршлага хуримтлуулж, тэр нь барилга шиг дээш өрөгдсөөр байдаг юм билээ. Төгөлдөр хуур тоглох техникийг гайхамшигтай сайн эзэмшсэн байж болно. Гэхдээ тухайн бүтээлийг ямар мэдрэмжээр хэрхэн амилуулахын тухайд хүн насан туршдаа суралцаад ч бардаггүй гэдэг.
-Минийхээр төгөлдөр хуур тоглож буй эмэгтэй хүн хорвоогийн хамгийн сайхан ажил хийж байгаа юм шиг санагддаг. Хаан хуур, эмэгтэй хүн хоёр гайхалтай зохицдог учраас тэр байх. Таны хувьд төгөлдөр хуурын ард суухаараа өөрийгөө хэрхэн мэдэрдэг вэ?
-Тэр үнэн шүү. Төгөлдөр хуурыг зүгээр нэг тавилга гэж хардаг хүн ч байдаг юм гэсэн. Харин би төгөлдөр хуурыг эр хүн гэж төсөөлдөг. Гэхдээ хэзээ ч миний бүрэн буулгаж авч чадахгүй тийм л эр хүн. Төгөлдөр хуурын өмнө би ямагт хүчин мөхөс гэдгээ ойлгодог. 88 даралтын цаана маш нарийн систем бий. Тэр бүхнийг яаж дуугаргаж, зохиолоо хэрхэн амилуулах вэ гэдэг мэдрэмж, ухаан, тэвчээр шаардах зүйл.
-Эр хүнийг хайрлахад ч бас мэдрэмж, ухаан шаардлагатай.
-Тийм байх аа. Ямар ч байсан төгөлдөр хуур миний хувьд өөр ертөнцийн үүд хаалга нээж өгдөг. Тэр ертөнцийн хаалгаар орохоор би орчлонгоос тасардаг. Энэ мэдрэмж хэчнээн сайхныг урлагийнхан, бас бясалгал хийдэг хүмүүс мэдэх байх. Гэхдээ хөгжимчин хүний гол онцлог нь зөвхөн өөрийгөө баясгах бус, хүмүүст тэр сайхан зүйлийг бас мэдрүүлэх үүрэгтэй учраас түүндээ хэт автаж, хяналтаа алдах эрхгүй байдаг. Өөрөөр хэлбэл, оюун ухаанаа хоёр өөр зүйлд зэрэг төвлөрүүлэх ёстой гэсэн үг. Тухайн агшинд миний дотор түг түмэн янзын салют буудаж байгаа юм шиг санагдаж, тийм мэдрэмжээр хөгжмөө тоглохдоо ч дараагийн мөчийг ямагт бодож, төлөвлөх хэрэгтэй болдог. Энгийн хүн хажуугаас нь харахад хөгжимчин, төгөлдөр хуур хоёр тусдаа байгаа мэт санагдаж болох. Хөгжмийг сонсох нэг өөр. Харин тоглох огт өөр.
-“Би бол эмэгтэй хүн” гэдгээ бусдад харуулах, өөрөөрөө бахархах сэтгэл төрүүлэх хүсэл сонирхол эмэгтэй хүний дотор нуугдаж байдаг юм болов уу гэж би боддог. Өөрийн тань хувьд тэр илэрхийлэмжийн нэг нь төгөлдөр хуур мөн үү?
-Хүнтэй танилцаад, “Би төгөлдөр хуурч” гэж хэлэх надад сайхан байдаг. Хүмүүсийн хандлага ч илт өөрчлөгддөг. Гэхдээ би төгөлдөр хуур тоглодог гэдгээрээ тийм айхтар бахархаж, бардамнаж байгаагүй. Харин хийсэн зүйлээ хүмүүст хүргэхийг, ойлгуулахыг хүсдэг нь үнэн. Угаасаа энэ цаг үед урлагийн бид өөрсдөө л хийсэн зүйлээ ярихгүй бол “Энэ маань тийм амжилт гаргажээ” гээд миний өмнөөс дуугарах хүн байхгүй шүү дээ. Тухайлбал, өнгөрсөн жил тэр том тэмцээнд түрүүлээд, Флоридад оркестртой тоглохоор тайз руу гарах үед “Ээж минь энд байсан бол сайхан аа. Нэг ч гэсэн монгол хүн энэ концертыг үзсэн бол ямар сайхан бэ. Монголчууддаа энэ мэдээг дуулгах юмсан” гэж эрхгүй бодогдсон.
-Найз залуу бий юү?
-Байхгүй. Одоогоор миний төлөвлөгөөнд найз залуутай болох тухай багтаагүй. Надад одоо хоёр гол зорилго байна. Нэг нь гадаадад эх орныхоо нэрийг гаргах. Нөгөө нь дэлхийн жишигт хүрсэн хөгжмийн сургалтыг Монголдоо нутагшуулж, сайн хөгжимчид бэлтгэх. Энэ хоёр зорилго амьдралын маань багагүй хугацааг авах байх аа (инээв).
-Гэхдээ залуу насанд адал явдал хэрэгтэй шүү дээ. Гал халуун дурлал, сайхан болзоо гээд л...
-Тэр талаар би адал явдал багатай хүн шүү дээ.
-Яг одоогийн энэ амьдралаасаа чи хангалттай таашаал авч чаддаг гэсэн үг үү?
-Тийм ээ. Эмэгтэй хүн олон зүйл сонирхдог байх тусмаа амьдралаас илүү их таашаал авдаг болов уу. Би өөрөө өөртөө аз жаргал бүтээж чаддаг. Өглөө босоод бясалгалаа хийсний дараа тухайн өдрийн ажил эхэлдэг. Зураг зурах, ном унших, дуу дуулах, фитнессээр хичээллэх, усанд сэлэх, дугуй унах гээд олон зүйлээс таашаал авч байна. Хэн нэгнээс хамааралтайгаар, тухайлбал эрэгтэй хүнээс хараат байж аз жаргалтай байх албагүй шүү дээ.
-Төгөлдөр хуураа тоглоод, өөр ертөнцөөр аялж байгаад ирэхэд эрэгтэй хүнтэй болзсон юм шиг сэтгэл дүүрдэг үү?
-Яг тийм. Би төгөлдөр хуурынхаа ард суухаар тэндээс сэтгэлийн цэнгэл, баяр баясгалан, зүйрлэшгүй таашаал авч чаддаг. Эрэгтэй хүнтэй харилцахад мэдрэгддэг нандин бүхэн тэнд бий. Үнэндээ энэ бол биеийн жаргалаас дутахгүй таашаал (инээв).
Л.ГАНЧИМЭГ