Хятадын Харбины их сургуулийн эрдэмтэн, мэдрэлийн мэс засалч Рэн Сяопин 2013 оноос эхлэн олон хулганад толгой шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийсэн нэгэн аж. Хятадын “Франкенштейн” хэмээн алдаршсан тэрбээр энэ туршлагадаа суурилан ойрын үед сармагчинд толгой шилжүүлэн суулгахаар төлөвлөжээ. “The Wall Street Journal”-ын тусгай сурвалжлагч Сяопин эмч хулганад толгой шилжүүлэн суулгаж байгааг сурвалжлан, бичиж авснаа цахим ертөнцөд байрлуулсан байна. Хоёр хулганын толгойг сольж, шилжүүлэн суулах мэс засал ойролцоогоор 10 гаруй цаг үргэлжилдэг аж. Түүний “өвчтөнүүд”-ийн зарим нь 24 цаг амьд байж, нүдээ нээсэн тохиолдол ч гарсан гэнэ. Хятад “Франкенштейн” өмнө нь Америкийн Цинциннатийн их сургуульд ажилладаг байсан бөгөөд хулгануудын толгойг солих хагалгаагаа нууцаар хийж байгаад баригдаж, тус улсаас хөөгдсөн юм байна. АНУ ийм мэс заслыг хэзээ ч бүтэшгүй хэмээн хүлээн зөвшөөрдөггүй аж. Харин Хятадын Засгийн газар түүнийг дэмжээд зогссонгүй судалгаанд нь зориулан 1.6 сая ам.доллар төсөвлөсөн байна. Ингэснээрээ хятадууд шинжлэх ухааны бүтэшгүй туршилт, судалгаанд анх удаа их хэмжээний хөрөнгө хаясан нь энэ юм. Энэхүү ажлын хүрээнд мөн өнгөрсөн дөрөвдүгээр сард Зюнь Зюхуан тэргүүтэй эмч нарын багт засаг, төр нь багагүй “ногоон” өгсөн бөгөөд тэд ургийн генийг өөрчлөх туршилт хийсэн нь амжилттай болсон хэмээн мэдээлсэн билээ.