Үндэсний кино урлагийг хөгжүүлэхэд юун түрүүнд ийм төрлийн зохиолын эрэлт, нийлүүлэлтийн тогтолцоог бий болгох шаардлагатайг уран бүтээлчид хэлдэг. Тэгвэл Монголын залуучуудын холбоо, “Лүүк” агентлаг хамтран кино зохиолын шалгаруулалт, худалдааны арга хэмжээ зохион байгуулахаар болжээ. Бүрэн хэмжээний кино зохиолын доод үнэлгээг таван сая төгрөг болгон тогтоох, кино зохиол худалдах таатай орчин бүрдүүлэх, мэргэжлийн хэв стандарт бий болгон, чанарын түвшинг олон улсын хэмжээнд хүргэх, бичих аргачлалаар богино хэмжээний сургалт зохион байгуулах зорилттойгоор зохион байгуулах арга хэмжээнд 18-аас дээш насны Монгол Улсын иргэн бүрэн хэмжээний болон телевизийн олон ангит киноны төрөлд сэдэв, харгалзахгүй бүтээлээрээ оролцох боломжтой аж. Энэ сарын 27-нд бүтээлийн танилцуулгаа илгээх сүүлчийн хугацаа аж. Продакшн, продюсерүүд ирүүлсэн зохиолуудтай танилцан, зохиогчидтой нь уулзаж, дэлгэрэнгүй мэдээлэл авах аж. Ийн шалгарсан кинонуудыг доод тал нь таван сая төгрөгөөр худалдан авах гэрээг байгуулах журамтай аж. Хэрвээ нэг бүтээлд олон худалдан авах сонирхолтой хүмүүс тодорвол өрсөлдөх журмаар шийдвэрлэх гэнэ.