Д.Намдагийн санаачилгаар Д.Нацагдорж “Учиртай гурван толгой” жүжгийг 1934 онд бичиж, “Бөмбөгөр ногоон” театрт тоглосон. Үүний дараа 1942 онд З.Цэндээхүүгийн санаачилгаар уг бүтээлийг хөгжимт жүжиг болгон шинэчлэн тавихад Б.Дамдинсүрэн, Б.Смирнов хамтран хөгжмийн зохиолыг бичиж, Ц.Дамдинсүрэн цомнолыг нь засварлан А.Рабинович, Б.Бат-Очир нар найруулсан гэдэг. Тэгвэл Монголын үндэсний ууган сонгодог бүтээл “Учиртай гурван толгой”-г дуурь болгон тавьсны 65 жилийн ойд зориулан анх удаа задгай тайзнаа буюу Чингисийн талбайд ирэх сарын 10-ны 21.00 цагт толилуулахаар болсон. Энэ үеэр ДБЭТ-ынхаас 10 дахин их буюу 5000 суудалтайгаар тоглох юм байна. Сонирхуулахад, уг бүтээлийн Юндэн, Нансалмаа, Балган, Хоролмаагийн дүрд тоглох дуучдыг сонгон шалгаруулах гэнэ. Дуурийн мэргэжлийн дуучин, 23-40 насны, уг бүтээлд өмнө нь гол дүрд тоглож байсан зэрэг шаардлагыг тавьжээ.