“Алтан хальс” олон улсын андерграунд кино наадамд монгол, гадаадын 218 бүтээл өрсөлдөж, уралдаант хэсэгт 44 кино шалгарч өнгөрсөн бямба гаригт шилдгүүдээ тодруулсан. Дэлхийн 43 орны бүтээл оролцсон наадмын гран приг Бразилын найруулагч Карлос Адрианогийн “Гарчиггүй №1: Зүйлт үлдэцийн бүжиг” хүртсэн бол АНУ-ын Трэси Херчерийн “Компьютер бидний амьдралд” шүүгчдийн нэрэмжит шагнал авчээ. Шри-Ланкийн Крис Дэйкиний “Хүүхэлдэйн кино” анимэйшн, Д.Даваагийн “#0” хүүрнэлт бус, Канадын Карол Нгуений “Энэ эзэнгүй айл биш” хүүрнэлт киноны төрөлд шилдгээр тодорсон байна. Шагнал авсан кинонууд болон оролцсон монгол бүтээлүүдийг ирэх бямба гаригт Энх тайван найрамдлын ордонд “Мөрөөдөгчдийн өдөр” өдөрлөгөөр үнэ төлбөргүй дахин толилуулж, зарим уран бүтээлчидтэй киноных нь талаар хэлэлцэхээр болжээ.